Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
Хэргийн индекс | 151/2016/0368/э |
Дугаар | 368 |
Огноо | 2016-11-30 |
Зүйл хэсэг | 215.1., |
Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 368
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
Иргэний хариуцагч Э.Дорждаваа,
Шүүгдэгч А.Сансархүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Алхаабаатарын Сансархүүд холбогдох эрүүгийн 201619000768 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1983 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 33 настай, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг Өндөрширээт сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2003 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар, Монгол Улсын 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дах хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Хатигин овогт Алхаабаатарын Сансархүү /РД:ШЕ83012911/ гэв.
Холбогдсон хэргийн талаар/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч А.Сансархүү нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг Улаанбаатараас Эрдэнэсант сумын чиглэлд “Цагаан хөтөл” гэх газар замын 141 дахь километрийн шонгоос урагш, хатуу хучилттай асфальтан замд Төв аймгийн Өндөр ширээт сумын иргэн Б.Батсүхийн эзэмшлийн “Тоёото Хайс” маркийн 92-97 ТӨА улсын дугаартай хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бие болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож иргэн Дондов Цогтбаярын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэн Б.Энхтуул, Д.Цогзолмаа нарын биед хөнгөн зэргийн гэмтэл, Тоёото Хайс 92-97 ТӨА дугаарын автомашинд 5 сая 904 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч А.Сансархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 07-08-нд шилшиж шөнө Төв аймгийн Өндөрширээт сумнаас Улаанбаатар хот орохоор Toyota hais маркийн 92-97 ТӨА улсын дугаартай ачааны микро автобустай эхнэр Б.Энхтуул, түүний найз Цогзолмаа, Цогзолмаагийн дүү Цогбаяр, түүний эхнэр, өөрийн ой гарантай охины хамт явж байгаад замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг Цагаан хөтөл гэх газар Улаанбаатараас Эрдэнэсант сумын чиглэлийн замын 141 дэхь километрийн урд урдаасаа хойшоо чиглэлтэй уруудаж өгсөж яваад замын хагархай нүхэн дээгүүр дугуйгаараа харайлгаж замын хажуу руу орж онхолдсон юм. Миний хувьд энэ осол замын халтиргаа гулгаа, замын эвдрэл зэргээс болсон гэж үзэж байна. Замын зорчих хэсэг дээр 2-3 нүх байсан. Гадаа цас орж байсан болохоор замын эвдрэл сайн харагдаагүй. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон хохирогч нарын эмчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Машины 5904000 төгрөгний хохирол төлбөрийг иргэний хариуцагчаас зохих хувийг гаргуулах саналтай байна гэв.
Иргэний хариуцагч Э.Дорждаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани цас орсны дараа замаа нийтээр нь үзэж шалгадаг, цасыг арилгадаг учраас зам мөстсөн байх боломжгүй. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч өөрийгөө 40 км/цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлдэг. Хэрвээ 40 км/цагийн хурдтай явж байсан бол тэр нүхэн дээгүүр гараад замын хажуу руу унахгүй. Миний бодож байгаагаар шүүгдэгч 100 гаран км/цагийн хурдтай явж байсан байх. Хавтаст хэрэгт машины хурдыг тогтоогоогүй байсан. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой гэв.
ХЭРЭГ БҮРТГЭЛТЭНД
Иргэний нэхэмжлэгч Б.Энхтуул хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр найз Цогзолмаа Улаанбаатар хот руу мах ачаад өгөөч гэхээр нь нөхөртэйгээ хамт 20 ямаа, 1 үхрийн мах тээвэрлэж яваад шөнө 03-04 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг Цагаан хөтөл гэх газар замын хажуу уруу орж онхолдсон юм. Осол болох үед би жолоочийн хажууд нэг ой гарантай охиноо аваад сууж явсан юм. Арын суудалд нөгөө гурав сууж явсан. Хамгийн ар талд махаа ачиж явсан юм. Осол болох үед би сэрүүн явсан. Гадаа харанхуй, машин гэрэл татаатай явсан. Зам бол халтиргаа гулгаатай мөстсөн, цас орж шуурч байсан, зам сайн харагдахгүй байсан. Тэгтэл нэг замын хагархайн дээгүүр гарах шиг болтол машин мурагнаад яах ийхийн зуургүй замын хажуу руу орчихсон. Жолооч хурд багатай 30-40 км/цаг хурдтай явсан байх, хурдан явж болохгүй гулгаатай байсан. Ингээд осол болсны дараа Цогбаяр, эхнэртэйгээ машин дотор, Цогзолмаа машинаас гарчихсан байсан. Сансархүү машин дотор охин цонхны шилтэй гадагш унасан байсан. Ингээд замын унаанд сууж Лүн суманд ирж шөнөдөө лүн сумаас микро автобус гуйж авч очоод нөгөө хүмүүсээ ачаатайгаа аваад Улаанбаатар хот руу явах замдаа Замын постон дээр ирж осол болсон талаар мэдэгдэж цаашаа явсан. Хамт явсан Цогбаярын нуруу нь гэмтсэн байсан. Бусад хүмүүс нь бага бага зөөлөн эдийн гэмтэл бол авсан байсан. Тэр өдрөө Цогбаярыг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. 3 хоногийн дараа нурууны хагалгаанд орсон. Өнөөдөр эмнэлэгээс гарсан гэж байсан. Би өөрөө Цогбаярын эгчтэй найзууд тэгээд гуйгаад байхаар нь тус болох гэж явсан юм. Гадаа харанхуй, цас орж шуурч байсан. Зам халтиргаа гулгаатай мөстсөн, замын хагархай нүх таарснаас дугуй хагарч жолоодлого хүндэрч ямар ч аргагүй гулгаж замаас гарч онхолдсон юм. Зам дээр хагархай 2-3 нүх байсан. Миний зүүн чамархай, зүүн зовхи, зүүн мөрөнд цус хуралттай зөөлөн эдийн гэмтэл учирсан. Хамт явсан Цогбаярын нурууны хоёр яс хугарсан. Цогзолмаагийн биед баруун өвдөгний дээд талд хөхөрсөн байсан хөнгөн гэмтэл учирсан байсан. Харин Цогбаярын эхнэр Ц.Цэрэннадмидын биед гэмтэл учраагүй. Энэ бол манай аавын нэр дээр байдаг бид хоёрт өгөөд одоо 5-6 жил болж байна. Тэгээд нэрээ шилжүүлж чадаагүй болохоор бид хоёрын машин байгаа юм. Автомашинд бүх шил хагарч, кузов гажсан, зүүн хойд дугуй хагарсан. Хоёр толь хагарсан. Үнэлгээгээр нийт 5 сая 904 мянган төгрөгийн хохирол учирсан байгаа. Осол болсон өдөр бүгдээрээ Улаанбаатар хот руу орж зураг авахуулж томографикт харуулсан. Цогзолмааг хэвлийн хөндий Эход харуулсан. Цэрэннадмидыг бас ЭХО-д харуулсан. Хагалгаанд бэлнээр 1 сая 280 мянган төгрөг өгсөн. Зардал нь 680000 мянга гээд нийт энэ осол болсноос хойш 3 сая гаран төгрөгийн зардал мөнгийг зарцуулсан байгаа. Сансархүү жолоочийн хариуцлагын даатгалтай, тээврийн хэрэгслийн даалтгал бол байхгүй. Зам дээр хагархай нүх байгаагүй бол ингэж осол авар гарахгүй байх байсан. Тэгээд дараа нь харахад энэ нүхийг цаанаас нь 101, 102 гэж дугаарласан засах гэж байсан байх. Ямар нэг анхааруулах тэмдэг бол байгаагүй. Жолооч дугуй хагарсанаас болж энэ халтиргаа гулгаатай замд хамаагүй тоормос гишгэж болохгүй байсан. Иймд энэ замын байгууллагаас манай машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгөхийг хүсэж байна. Миний хувьд нөхөртөө ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл огт байхгүй” гэжээ /хх-24-25 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Батсүх хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “..2016 оны 10 сарын 07-08-нд манай охин хүргэн хоёр хүний гуйлганд Өндөрширээт сумаас Улаанбаатар хот руу малын мах ачиж яваад Төв аймгийн Лүн сумын нутаг Цагаан хөтөл гэх газар замын хагархайн нүхэн дээгүүр дугуйгаараа харайлгаж онхолдсоноос машинаа эвдсэн байсан үнэлгээгээр нийт 5 сая 904 мянган төгрөгийн хохирол учирсан байсан. Тухайн үед манай хүргэн А.Сансархүү жолоодож явсан. Архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Хамт явсан Цогбаяр гэдэг хүүхдийн нуруу нь хугарсан гэсэн бусад нь арай гайгүй гэсэн. Одоо энэ эвдэрхий машин манай хашаанд байж байгаа засах ямар ч боломжгүй кузов гажсан бүх цонх шил нь хагарсан. Зүүн хойд дугуй хагарсан байсан. Энэ бол миний нэр дээр байдаг болохоос биш энэ машиныг би 5 жилийн өмнө хоёр хүүхэддээ худалдаж авч өгч байсан юм. Одоо би өөрөө өндөр настай болсон болохоор машин тэрэг барьж чадахгүй. Манай энэ охин хүү хоёр манай суман дээр ойрхон амьдардаг болохоор шилжүүлье гэх зүйл огт санаанд орсонгүй. Би бол осол аварыг хараагүй. Хүүхдүүдээс асуухад замын нүхэн дээгүүр гарахдаа дугуйгаа хагалснаас болж замын хажуу уруу орж онхолдсон гэсэн. Урд хойд гэрэл дохио хагарсан бүх цонх шилнүүд хоёр толь зэрэг нь хагарсан кузов гажсан. Ямар ч засвар авах боломжгүй байсан. Машин бол техникийн хувьд бол бүрэн. Энэ машин бол миний нэр дээр байдаг болохоос биш манай энэ хоёр хүүхдийн машин байгаа юм. Миний зүгээс энэ машины талаар мэдэх зүйл огт байхгүй. Энэ машины хохирлыг жолооч хүргэн А.Сансархүү өөрөө шийднэ биз. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл огт байхгүй” гэжээ /хх-27 тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Цогзолмаа хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 10 дугаар сарын 07-ны орой Төв аймгийн Өндөрширээт сумаас Улаанбаатар хот орохоор найз Энхтуулыг гуйж нөхрийнх нь автомашинтай төрсөн дүү Цогбаярын хэдэн ямаа, үхрийн махыг Улаанбаатар хот уруу тээвэрлэж яваад замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг Цагаан хөтөл гэх газар онхолдсон юм. Тухайн үед автомашинд жолооч Сансархүү, түүний эхнэр Энхтуул хүүхэдтэйгээ, манай дүү Цогбаяр эхнэртэйгээ хамт явсан. Машиныг Сансархүү өөрөө жолоодож явсан. Хажууд эхнэр хүүхэд нь арын суудалд бид гурав сууж явсан. Осол болох үед би өөрөө унтаж явсан болохоор юу ч мэдээгүй. Нэг мэдсэн чинь машин замын хажуу уруу орж онхолдсон. Ингээд осол болсны дараа Лүн суманд замын унаагаар ирж хоноод өглөө машин хөлсөлж Улаанбаатар хот уруу нөгөө махаа хүргүүлсэн. Тэр үед дүү Цогбаяр нуруугаар өвдөөд байна гэсэн тэгээд хотод ирээд гэмтэлд үзүүлэхэд 2 нурууны яс хугарсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлж хэвтүүлж, хэд хоногийн дараа нурууны хагалгаанд орсон. Жолооч архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Жолооч маш зөөлөн явсан. Ямар хурдтайг хараагүй. Гадаа харанхуй, цас орж шуурч байсан, хурдан явж болохгүй байна гэсэн. Зам халтиргаа гулгаатай мөстсөн бага зэрэг өгсүүр байсан. Замын энэ халтиргаа гулгаанаас болж энэ осол гарсан байх. Машин унасаны дараа зам дээр гараад харахад зам хагархай байсан. Жолооч дугуй хагарсан гэж байсан. Миний баруун гуянд зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Шүүх эмнэлгийн үзлэгээр хөнгөн зэргиийн гэмтэл учирсан. Дүү Цогбаярын нуруу хугарсан. Энхтуулын биед мөр нь өвдөөд байна гэсэн. Жолооч бас нуруундаа гэмтэл авсан. Одоо манай дүү эмнэлэгт хэвтээд сая эмнэлгээс гарсан. Орой шөнө болоод автомашинд чухам юу эвдэрсэнг бол мэдсэнгүй. Анхны тусламж үзүүлж гэмтлийн эмнэлэгт жолооч өөрийн зардлаар бүгдийг үзүүлсэн. Надаас ямар ч мөнгө төгрөг гараагүй. Одоо биеийн байдал бол зүгээр болж байгаа. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх-28-29 тал/,
Хохирогч Д.Цогбаяр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “.. Би 2016 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймаг Өндөр ширээт сумаас Улаанбаатар хот орохоор Тоёото Хайс маркийн 92-97 ТӨА дугаарын автомашинтай жолооч А.Сансархүү түүний эхнэр Энхтуул, хүүхэд, манай эгч Цогзолмаа, манай эхнэр Цэрэннадмид нарын хамт 1 үхрийн мах, 20 ямааны мах ачиж яваад замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг Цагаан хөтөл гэх газар машин замын хажуу уруу орж онхолдсон юм. Автомашиныг жолооч А.Сансархүү жолоодож явсан. Архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Жолоочийн хажууд эхнэр Энхтуул хүүхэдтэйгээ хамт сууж явсан ард нь би жолоочийн арын суудалд сууж явсан. Миний хажууд манай эхнэр, эгч хоёр сууж явсан. Жолооч маш зөөлхөн 30-40 км/цаг хурдтай явсан. Ингээд осол болсны дараа бид нар наашаа явж дулаан цайны газар ирж амраад өглөө Лүн сумаас нэг микроавтобус хөлсөлж хүмүүсээ ачаатай нь авч Улаанбаатар хот уруу явцгаасан. Энэ үед миний нуруу их өвдөж байсан. Тэгээд хотод ирээд эмнэлэгт үзүүлэхэд нурууны 2 яс хугарсан байсан учраас гэмтлийн эмнэлэгт хэвтэж нурууны хагалгаанд орж нуруугаа хадуулсан. Одоо эмчилгээ хийгдэж байгаа. Гадаа харанхуй, цас шуурч байсан зам халтиргаа гулгаатай мөстсөн бага зэрэг өгсүүр байсан. Замын энэ халтиргаа гулгаанаас болж энэ осол гарсан байх. Миний хоёр нуруу хугарсан. Хамт явсан манай эгч Цогзолмаа жолоочийн эхнэр Энхтуул нар хөнгөн гэмтсэн. Манай эхнэрт гэмтэл учраагүй. Машин замын хажуу уруу орж онхолдсон болохоор бүх цонх шил хагарсан. Чухам юу эвдэрсэнг бол сайн мэдэхгүй. Урд талд сууж явсан хоёр хүн бүсээ зүүж явсан. Харин би арын суудалд бүсээ зүүгээгүй явсан. Өгч байгаа одоогоор надад нарийн тооцсон зүйл бол байхгүй. Би сайн мэдэхгүй байна. Жолооч замын нүхэн дээгүүр гараад дугуй хагарчихлаа гэж байсан. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ /хх-31 тал/,
Гэрч Ц.Цэрэннадмид хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 сарын 07-08-нд шилжих шөнө нөхөр Д.Цогбаярын хамт Төв аймгийн Өндөрширээт сумаас Улаанбаатар хот уруу жолооч А.Сансархүүг гуйж 20 ямаа, 1 үхэр ачаад түүний эхнэр Энхтуул хүүхдийн хамт өөр манай нөхрийн эгч Цогзолмаа нарын хамт явж байгаад замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг Цагаан хөтөл гэх газар машин замын хажуу руу орж онхолдсон. Осол болох үед шөнө 03-04 цаг болж байсан. Автомашиныг жолооч Сансархүү жолоодож явсан. Энэ бол жолооч Сансархүүгийн машин байгаа юм. Жолоочийн хажууд эхнэр хүүхэд нь сууж явсан. Жолооч их зөөлхөн хурдтай явсан. Архи дарс бол хэрэглээгүй. Манай нөхөр миний баруун гар талд сууж явсан. Цогзолмаа эгч миний зүүн талд сууж явсан. Ингээд осол болсны дараа автомашин замын хажуу уруу орж онхолдсон. Замын унаанд сууж Лүн суман дээр ирээд маргааш өглөө унаа хөлсөлж Улаанбаатар хот руу махаа ачуулсан. Тэгээд манай нөхөр нуруунд юм хавчуулагдчихлаа гэж хэлж байсан. Ингээд орой Улаанбаатар хот орж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд 2 нуруу хугарсан гэж байхаар нь гэмтлийн эмнэлэгт хэвтүүлж дараа нь нурууны хагалгаанд орсон. Эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Одоо биеийн байдал нь гайгүй болж байгаа. Осол болох үед би өөрөө унтаж явсан болохоор юу ч мэдэхгүй байна. Манай нөхөр бол сэрүүн явсан. Гадаа цас орж шуурч байсан. Харанхуй машин гэрэл татаатай явсан. Автомашины пар, шил арчигч нь ажиллаж байсан. Зам бол халтиргаа гулгаатай мөстсөн байсан. Замын гол 2-3 нүх хагархай бол байсан. Би өөрөө 7 сартай жирэмсэн. Тэгээд осол болсны дараа Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлсэн. Ямар нэг гэмтэл учраагүй. Харин хамт явсан нөхөр Д.Цогбаярын нуруу гэмтсэн. Д.Цогзолмаагийн хөл жаахан гэмтсэн. Энхтуулын нуруу гар гэмтсэн гэж байсан. Хүүхэд бол зүгээр байсан. Жолооч бас гэмтсэн. Автомашины бүх шил хагарсан, кузов гажсан, өөр юу эвдэрсэнг бол мэдэхгүй. Санал гомдол бол байхгүй гэжээ /хх-33 тал/,
-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-8 тал/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9 тал/,
-зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-10 тал/,
-осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11 тал/,
-2016 оны 10 сарын 08-ны Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөл гэх газар гарсан ЗТО схем зураг /хх-12-19 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн №14013 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/,
1.Энхтуулын биед зүүн чамархай зүүн дээд зовхийг хамарсан цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-35 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын №14086 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжилгээ/
1.Д.Цогбаярын биед бүсэлхийн 1,2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх-37 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн №14016 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/
1.Цогзолмаагийн биед баруун гуя, нуруунд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-39 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн №14017 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/
1.Цэрэннадмидын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ /хх-41 тал/,
-“Хан-Үнэлэмж” ХХК-ны гаргасан хохирлын үнэлгээ, хохирлын үнэлгээний тайлан /хх-43-45 тал/,
-2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №00000118 дугаар шинжээчийн дүгнэлт
1. Тоёото Хайс маркийн 92-97 ТӨА улсын дугаартай автомашины жолооч А.Сансархүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.
2. Жолооч А.Сансархүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Осол гарсан зам дээр эвдрэл хагарал үүссэн байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.
4. Тухайн замыг хариуцсан ААНБ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын “Иргэн, албан тушаалтны үүрэг хэсгийн 4-д заасан “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна гэжээ /хх-47 тал/,
-хохирлын баримтын хуулбар /хх-71-74 тал/,
-92-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-61 тал/,
- А.Сансархүүг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сэжигтэнээр /хх-52 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар /хх-57 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,
- А.Сансархүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2003 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар, Монгол Улсын 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дах хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн” гэх лавлагаа /хх-60 тал/,
-иргэний нэхэмжлэгч Д.Цогзолмаагийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, А.Сансархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт /хх-109 тал/,
-иргэний нэхэмжлэгч Б.Энхтуулын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, А.Сансархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт /хх-111 тал/,
-хохирогч Д.Цогбаярын “А.Сансархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт /хх-113 тал/ зэрэг болно.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.
Үүнд:
Шүүгдэгч А.Сансархүү нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг Улаанбаатараас Эрдэнэсант сумын чиглэлд “Цагаан хөтөл” гэх газар замын 141 дахь километрийн шонгоос урагш, хатуу хучилттай асфальтан замд Төв аймгийн Өндөр ширээт сумын иргэн Б.Батсүхийн эзэмшлийн Тоёото Хайс маркийн 92-97 ТӨА улсын дугаартай хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бие болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож иргэн Дондов Цогтбаярын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэн Б.Энхтуул, Д.Цогзолмаа нарын биед хөнгөн зэргийн гэмтэл, Тоёото Хайс 92-97 ТӨА дугаарын автомашинд 5 сая 904 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Энхтуул, Д.Цогзолмаа, хохирогч Д.Цогбаяр, гэрч Ц.Цэрэннадмид нарын хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-8 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-10 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11 тал/, 2016 оны 10 сарын 08-ны Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөл гэх газар гарсан ЗТО схем зураг /хх-12-19 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн №14013 тоот шинжээчийн дүгнэлт /хх-35 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын №14086 тоот шинжээчийн дүгнэлт/хх-37 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн №14016 тоот шинжээчийн дүгнэлт /хх-39 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ны гаргасан хохирлын үнэлгээ, хохирлын үнэлгээний тайлан /хх-43-45 тал/, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №00000118 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-47 тал/ зэрэг болон шүүгдэгч А.Сансархүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч А.Сансархүүг Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Сансархүү нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2003 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар, Монгол Улсын 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дах хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.
2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өдрийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч А.Сансархүүгийн эдлээгүй үлдсэн “2 жил 9 сар 02 хоног”-ийн хорих ялыг тэнсэж хугацааны өмнө тэнсэн сулласан байх бөгөөд хугацааны өмнө тэнсэн суллагдагсанаас хойш 5 жил 4 сарын 24 хоногийн хугацаа өнгөрсөн байна.
Шүүгдэгч А.Сансархүү нь тэнсэн сулласанаас хойш 5 жил 4 сар 24 хоногийн жилийн хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор” гэж зааснаар түүнийг ялгүйд тооцох үндэслэл болж байх тул түүнийг ялтайд тооцох хугацаа дууссан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Цогбаяр, иргэний нэхэмжлэгч Д.Цогзолмаа, Б.Энхтуул, Б.Батсүх нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй А.Сансархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлтээ шүүхэд мэдэгдсэн байх бөгөөд хохирогч Д.Цогбаяр, иргэний нэхэмжлэгч Д.Цогзолмаа, Б.Энхтуул нар нь А.Сансархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Шүүгдэгч А.Сансархүүгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч А.Сансархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас 92-97 ТӨА улсын дугаартай Тоёото Хайс маркийн тээврийн хэрэгсэлд эвдэрч 5904000 төгрөгийн хохирол бий болсон байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Батсүхийн нэр дээр байх боловч иргэний нэхэмжлэгч Б.Батсүхийн “энэ машиныг би 5 жилийн өмнө хоёр хүүхэддээ худалдаж авч өгч байсан юм. Одоо би өөрөө өндөр настай болсон болохоор машин тэрэг барьж чадахгүй. Энэ машин бол миний нэр дээр байдаг болохоос биш манай энэ хоёр хүүхдийн машин байгаа юм. Миний зүгээс энэ машины талаар мэдэх зүйл огт байхгүй. Энэ машины хохирлыг жолооч хүргэн А.Сансархүү өөрөө шийднэ биз” гэх мэдүүлгээр уг машины эзэмшигч нь А.Сансархүү болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт А.Сансархүү болон иргэний хариуцагч Э.Дорждаваа нар нь 5904000 төгрөгийн хохирлыг 70, 30 нь хувиар хувааж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын “Иргэн, албан тушаалтны үүрэг хэсгийн 4-д “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэж заасан байх бөгөөд Төв аймгийн Лүн сумын нутаг Улаанбаатараас Эрдэнэсант сумын чиглэл “Цагаан хөтөл” гэх газар замын 141 дахь километрийн шонгоос урагш, хатуу хучилттай асфальтан зам нь “Эрдэнэ сант” АЗЗА-д харъяалагдаж, “Эрдэнэ сант” АЗЗА нь уг замыг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээг авах үүрэг бүхий байгууллага болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Э.Дорждаваагийн өгсөн мэдүүлэг гаргаж өгсөн баримт материал болон хавтаст хэрэгт авагдсан баримт сэлтээр уг зам тээврийн осол гарахад зам дээр үүссэн эвдрэл хагарал нөлөөлсөн болох нь тогтоогдож байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрийг “Эрдэнэ сант” АЗЗА –гаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэдийгээр “Эрдэнэ сант” АЗЗА-гаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байх боловч шүүгдэгч А.Сансархүү нь автомашинд учирсан 5904000 төгрөгийн хохирлын 30 хувь буюу 1771200 төгрөгийг “Эрдэнэ сант” АЗЗА-гаас гаргуулахаар тохиролцож эвлэрсэн байх тул “Эрдэнэ сант” АЗЗА-гаас 5904000 төгрөгийн хохирлын 30 хувь буюу 1771200 төгрөгийг гаргуулж А.Сансархүүд олгож, 5 904000 төгрөгийн хохирлын 70 хувь буюу 4132800 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч А.Сансархүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн АЯ№0046294 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Батсүхэд, №814278 дугаартай жолоочийн үнэмлэхийг А.Сансархүүд буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч Хатигин овогт Алхаабаатарын Сансархүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар А.Сансархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Сансархүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан №0046294 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Батсүхэд, №814278 дугаартай жолоочийн үнэмлэхийг А.Сансархүүд буцаан олгосугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар автомашинд учирсан 5 904 000 төгрөгийн хохирлын 30 хувь буюу 1771200 төгрөгийг “Эрдэнэ сант” АЗЗА-гаас гаргуулж А.Сансархүүд олгож, 5 904000 төгрөгийн хохирлын 70 хувь буюу 4 132 800 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Сансархүүд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ