Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 07-ны өдөр                     Дугаар 2019/ДЗШ/01                            Баруун-Урт

                       

 

Ц.Од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Л.Наранбаяр, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

прокурор Я.С /онлайнаар/, 

шүүгдэгч Ц.О /онлайнаар/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б,

нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ц.Од холбогдох 21121394 дугаартай эрүүгийн  хэргийг  2018  оны  12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Баян-Өндөр Манал” компанийн байрны 01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.О 

Шүүгдэгч Ц.О нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу “Х” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн 130000000 төгрөгийг тус компанийн 5935002169 дугаартай данснаас гаргаж, үүнээс 27994394 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.С нь шүүгдэгч Ц.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар шүүгчийн захирамжаар: Шүүгдэгч Ц.Од холбогдох 21121394 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасны дагуу прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн. Яллагдагч Ц.Огийн “Гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх тухай” гомдлын дагуу прокуророос хэргийг сэргээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчиж, ажиллагаа явуулахыг шаардаж байна. Захирамжийн үндэслэх хэсэгт 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг биелүүлээгүй гэх бөгөөд шүүгчийн ямар захирамж гарсан болох нь тодорхойгүй, ямар ажиллагааг биелүүлээгүй болохыг тодорхой бичээгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ц.Од холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

“Х” ХХК-ийн нягтлан бодогч Ц.О нь хүүхдийн цэцэрлэг барих тендерийн санхүүжилтийн 27944394 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогдож, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн шалгагдаж эхэлжээ. Ц.Огийн холбогдсон эрүүгийн хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр “Х” ХХК-ийн захирал Ц.Аг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байжээ. /1-р хавтас 7/ 

Ц.А нь 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барсны улмаас “Х” ХХК-ийн 39 хувийн хувьцааг өвлөж авсан, охин А.Бг нь 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор энэ хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ. /1-р хавтас 132, 231, 3-р хавтас 11-14, 48-59, 189, 202-206/

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүх хянаад хохирогч “Х” ХХК-ийн 39 хувийн хувьцааг эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, А.Бд тухайн компанийг төлөөлөх бүрэн эрх олгогдсон эсэхийг тогтоолгох ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаажээ. /2-р хавтас 246-249 / 

Үүний дагуу нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, шалгаад хэргийг прокурор, шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч, гаргасан шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх дахин хянаад хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоох ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүрэн хийгээгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан байна. /3-р хавтас, 4-р хавтас 19-25/ Ингэхдээ А.Бг албан ёсоор “Х” ХХК-ийн захирлаар томилогдоогүй, Компанийн тухай хууль, тус компанийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгогдсон захирал нь компанийг төлөөлөх учраас иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож ирүүлэх шаардлагатай гэж үзжээ. /4-р хавтас 24-25/ 

Мөн энэ магадлалын дагуу нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг дахин явуулж, хэргийг прокурор, шүүхэд шилжүүлсний дараа Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 127 дугаар, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар захирамжуудаар дээр дурдсантай нэгэн адил үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ /5-р хавтас 7-9, 51/. Өөрөөр хэлбэл анх 2013 онд хэргийг прокурорт буцааж байсан “А.Б нь албан ёсоор “Х” ХХК-ийн захирлаар томилогдоогүй, хохирогчийг хууль ёсоор төлөөлөх эрхтэй этгээдийг тогтоох шаардлагатай” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ. 

Ийнхүү энэ хэргийг удаа дараа прокурорт буцааж, эцэслэн шийдвэрлэж чадалгүй ирсэн нь Ц.О, А.Б нарын хооронд “Х ХХК-ийн захирлыг сонгох хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үүнтэй холбоотой улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай” зэрэг маргаан  үүсэж, холбогдох гомдол, нэхэмжлэлийг иргэний болон захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл энэ хэргийг түдгэлзүүлж байсантай холбоотой байна. Энэ хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хаахад шүүгдэгч Ц.Огийн “гэм буруутай эсэхээ шийдвэрлүүлэх тухай” хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, ердийн журмаар шийдвэрлэхээр болжээ /4-р хавтас 185-186, 214-215/. 

Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэж, “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй юм. Тодруулбал: “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас тус компанийн гүйцэтгэх захирлыг сонгож чадахгүй, маргаантай байгаа учраас шүүхээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тус компанийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох шаардлагатай байна. Ингэхдээ Компанийн тухай хуулийн 84, 86 дугаар зүйлд зааснаар компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтны нэг болох ерөнхий нягтлан бодогчоор нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд А.Бг энэ хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоосон 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг харгалзан үзэх хэрэгтэй юм. 

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокурор Я.Сын эсэргүүцлийг хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Д.БАЙГАЛМАА 

 

                                              ШҮҮГЧИД         Л.НАРАНБАЯР

 

                                                                                   С.ОЮУНТУНГАЛАГ