Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00963

 

2021           09            09                                          001/ХТ2021/00963

 

 

 

.........ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01184 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1287 дугаар магадлалтай,

 

.........ий нэхэмжлэлтэй

.........т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.04-ний өдрийн 3991 тоот шийдвэр болон магадлалаар Э.Оюуномин, Хос-Маркшейдер ХХК нараас 18,997,018 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд .........т ажиллагаа хийгдэж байсан. Уг албаны тогтоолоор барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 5 гудамж, 149А тоот тоотод байрлах орон сууцыг 43,100,000 төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нарын саналыг авалгүйгээр үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах, 90,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж үнэлсэн болохыг тус албаны Монгол шуудан ХХК-аар дамжуулан ирүүлсэн тайланг 2020.03.05-ны өдөр мэдсэн. Иймд Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 5 гудамж, 149А тоотод байрлах, 126 м.кв талбайтай .........улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 2016.12.05-ны өдрийн 1286 дугаар шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.17-ны өдрийн 526 дугаар магадлалаар хариуцагч Хос-Маркшейдер ХХК, Э.Оюуномин нараас 18,997,018 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч Хос-Маркшейдер ХХК, Э.Оюуномин нар нь 18,997,018 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2017.09.05-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нарын болон нэр бүхий 5 иргэний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 5 гудамж, 149А тоотод байрлах, 126 м.кв талбайтай .........улсын бүртгэлийн дугаартай орон сууц болон 221 м.кв газрыг шийдвэр гүйцэтгэгчийн 2018.02.22-ны өдрийн 17291087/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17291087/04 дугаар тогтоолоор тус тус хураах ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн. Төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 100,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хас банк ХХК нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Мөнх-Оргил трейд ХХК-аар үнэлүүлэхэд хашаа байшин, газрыг 43,100,000 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээний тайланг 2020.02.20-ны өдөр нэр бүхий өмчлөгч нарт болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн, зах зээлийн бодит үнэд нийцсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Хос-Маркшейдер ХХК-ийн гүйцэтгэх захирал .........ий гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01184 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17027/, Зайсангийн гудамж, 52 байр, 2/201 тоот, 103.3 м.кв 3 өрөө орон сууц, 18 м.кв авто зогсоолыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай .........ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч .........ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1287 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарын хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ХУД-н 5 хороо Яармагийн 5-149А тоотод байрлах 126 м.кв орон сууц буюу барьцааны хөрөнгө нь Улаанбаатар хотын шинэ сууршлын бүсэд байршилтай үйлдвэрлэл үйлчилгээ бүх зүйлд ойрхон, цэвэр агаарт, Хотын шинэ захиргааны байртай ойр тул зах зээлийн ханш өндөр бөгөөд манай байшинтай ойролцоо ижил хувийн орон сууц, газрын хамт үнэ 90,000,000 саяас 140,000,000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээний гаргасан 43,100,000 төгрөг байх боломжгүй. Тодруулбал хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр хангахыг үйлчлүүлэгчээс шаардах буюу нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэлэхдээ дээрх мэдээллийг шаардаагүй улмаас үнэлгээ учир дутагдалтай гарсан. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайлан хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2-т заасан шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлал бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч ........., хариуцагч .........т холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу Хос-Маркшейдер ХХК, ........., Э.Оюуномин нар 18,997,018 төгрөгийг Хас банк ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч нь шүүхээс олгосон гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019.11.16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хоёр шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар талуудад мэдэгдэх журам, үнийн санал авах, шинжээч томилох, шинжээчийн үнэлгээ, шүүхэд гомдол гаргах хугацаа зэрэг эрх зүйн асуудлаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 5 гудамж, 149А тоотод байрлах, 126 м.кв талбай хувийн сууц, 221 м.кв талбай бүхий өмчлөлийн газрыг шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нийт 43,100,000 төгрөгөөр үнэлэхдээ хөрөнгийг биечлэн очиж үзсэн /хх-22/, зах зээлийн хандлага, өртгийн хандлагын аргыг хэрэглэж үнэлгээг тогтоохдоо баримтыг хангалттай гэж үзсэн байх тул “...хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд шаардлагатай мэдээлэл, баримтыг хангахыг үйлчлүүлэгчээс шаардаагүй, хэт доогуур үнээр үнэлсэн, шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01184 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1287 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Б.УНДРАХ

 

                                 ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

   

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                             

                                                                                                   Х.СОНИНБАЯР