| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/00359/И |
| Дугаар | 102/ШШ2019/00608 |
| Огноо | 2019-02-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2019/00608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 35-р байрны 95 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧВ68070265, Боржигон овогт Лувсанжамбын Ичинхоролын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 86А байрны 42 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧК70011169, Харчин овогт Балжиннямын Илчбадрах,
хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 86А байрны 33 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УХ88103111, Аюур овогт Ганболдын Галбадрах нарт холбогдох,
973 155 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ичинхорол, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагч Г.Галбадрах, Б.Илчбадрах, гэрч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагч нараас 973 155 төгрөгийг хувааж гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 86А байрны зоорийн давхарт байрлах, 6 автомашины зогсоолоос 3 дугаартай зогсоолыг өмчилдөг. Уг автомашины зогсоол нь орж, гарах 2 хаалгатай бөгөөд урд эгнээний дунд талын машин болон арын эгнээний 3 машин нь хаалганы харалдаа байрлах 2 зогсоолоор дамжин гарч, олон жил хөрш зэргэлдээ хөрөнгөө ирсэн.
Би 2018 оны 10 сарын 08 өдөр өөрийн өмчлөлийн автозогсоолоо бусдад түрээслүүлэхээр Э.Халиунтай түрээсийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаанд, 1 200 000 төгрөгийн хөлстэйгээр эзэмшүүлэхээр тохирсон.
Гэтэл Г.Галбадрах, Б.Илчбадрах нар нь миний өмч хөрөнгөө ашиглах эрхийг зөрчиж, түрээслэгч Э.Халиуны эзэмших эрхийг хязгаарласны улмаас тэр түрээсийн гэрээг 2018-12-17 өдөр цуцлаж, түрээсийн төлбөрт төлсөн 1 200 000 төгрөгөөс 973 155 төгрөгийг надаас буцаан нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2 дахь хэсэгт заасан хөршийн үүргээ хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн тул Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Галбадрах, Б.Илчбадрах нараас 973 155 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч Г.Галбадрах тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 86А байрны зоорийн давхарт 1 дугаартай автозогсоолыг өмчилдөг. Энэ зогсоол яг хаалганы харалдаа байрладаг. Нэхэмжлэгчээс түрээсээр эзэмшиж байсан Э.Халиунд би зогсоолын хаалганы түлхүүрийг өгсөн. Би өмнө нь жижиг машинтай байсан тул машинаа хойш нь шахаад тавьчихдаг тул нэхэмжлэгчийн зогсоолын өмнө нь эзэмшиж байсан хүнтэй ямарч асуудал гардаггүй байсан. Машинаа сольсон. Хүйш нь шахаад ч дунд зогсоолоос машин гарах боломжгүй, заавал машиныг гаргаж байж орж, гарах шардлагатай болсон тул би машины түлхүүрээ үлдээдэг. Гэвч бид 2-ны гэртээ ирэх, өглөө явах цаг зөрүүтэйгээс, заримдаа зогсоолдоо машинаа тавьж хөдөө явахад миний машиныг гаргаж байж өөрийнхээ машиныг тавих шаардлага гарч байсан зэргээс Э.Халиунаа нь нөгөө хаалганы хүнд хэлээд өгөөч гэсэн тул зогсоолын нөгөө хаалганы харалдаа байрлах зогсоолын өмчлөгч Б.Илчбадрахын охиныг машинаа тавих гээд ирэхэд нь би ярьж, уулзуулж, нөгөө хаалганы түлхүүрийг авч өгөөд, 7 хоногт дугаарын хязгаарлалттай нэг өдрөөс бусад өдрийг 3, 3-аар хувааж, 3 өдөр би, 3 өдөр Б.Илчбадрахын талын хаалгаар Э.Халиун орж, гарч байхаар тохирсон боловч 5 дугаарын автозогсоолын өмчлөгч Б.Илчбадрах хэд хоногийн дараа цоожоо сольж, дургуйцснээс дахин үл ойлголцол гарсан.
Манай зогсоолд машин тавьдаг иргэд машин болон гаражийн хаалганы түлхүүрээ хувилж, хэн нь түрүүлж гарахаа тооцоолж, байраа солих зарчмаар зогсоолоо ашигладаг.
Л.Ичинхоролын өмчилдөг автомашины зогсоол нь гарц, гарамгүй хэсэгт, 1, 5 дугаартай зогсоолын дунд байрладаг юм гэв.
Хариуцагч Б.Илчбадрах тайлбартаа: Би зогсоолын 2-р хаалганы харалдаа, цуварч байрлах, 5, 6 дугаартай 2 зогсоолыг байр ашиглалтад орох үед сонгож, худалдаж авсан. Нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслийн зогсоолын талбайг бусдад түрээслүүлсэн талаар надад мэдэгдсэн зүйл байхгүй.
Зогсоол 6 машиных тул 3 машин миний хаалгаар, 3 машин Г.Галбадрахын хаалгаар гарна гэж зогсоол худалдаж авах үед барилгыг барьсан газар надад хэлсэн.
Нэхэмжлэгч надтай ер нь уулзаж байгаагүй. Тэрээр ер нь ч уг зогсоолд машинаа тавьж байсныг нь би хараагүй. Түрээслэгч нь манай хүүхдээс түлхүүр авсан юм билээ. Зогсоолын тэр хаалгыг эвдрэхээр нь би гагнуулж, байсгээд түлхүүргүй болох цоож нь эвдрэх болдог тул цоожийг нь сольдог. Нэхэмжлэгч өөрийн зогсоолд орох, зогсоолоос гарахдаа 1-р хаалгаар буюу Г.Галбадрахын зогсоолоор дамжин гарна гэж зохицуулсан болно. Нэхэмжлэгч юугаар хохирсон юм? Хөлслүүлэхээр хүнээс авсан мөнгөө буцаагаад тэр хүндээ өгнө биз. Тэр мөнгө нь зогсоолыг барихад ороо юу.Гэрч Э.Халиун нь надтай утсаар ярьсан. Их муухай харьцсан.Иймээс би цоожоо сольж түлхүүр өгөөгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, миний зүгээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, би бас амармаар байна шүү дээ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, нэхэмжлэл, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 86А байр, зохигчийн автомашины зогсоол байрлаж буй зоорийн давхрын гадна байдлын зураг, 86А байрны зоорийн давхарт байрлах автомашины дулаан зогсоолын схем зураг, зогсоол өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, зогсоолд шүүх үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан зургууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Зохигч нийтийн зориулалттай 86А орон сууцны байшингийн зоорийн давхарт байрлах 2 хаалга бүхий 6 автозогсоолоос нэхэмжлэгч 3 тоот, хариуцагч Г.Галбадрах 1 тоот, хариуцагч Б.Илчбадрах 5, 6 тоот зогсоолыг өмчилдөг байх бөгөөд үүнээс 1, 5 тоот зогсоолууд нь орох, гарах 2 талын хаалганы урд харалдаа байрладаг, 3 тоот зогсоол нь 1, 5 тоот зогсоолын дунд, орох гарах гарцгүй хэсэгт байрладаг байх бөгөөд эдгээр нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хөрш залгаа үл хөдлөх хөрөнгүүд байна.
Нэхэмжлэгч 3 тоот зогсоолоо 2018-10-08 өдрөөс Э.Халиунаад нэг жилийн хугацаагаар хөлслүүлж, нэг жилийн хөлс болох 1 200 000 төгрөгийг түүнээс авсан болох нь гэрээ, харилцах дансны хуулга, шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.Халиунаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дах хэсэгт хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байхаар зохицуулжээ.
Нэхэмжлэгч өөрийн зогсоолоо ашиглахын тулд 1 болон 5 тоот зогсоолоор дамжин 2 талын хаалгыг ашиглахаас өөр гарц, орцгүй учир Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч болох хариуцагч нар өөрийн автомашины зогсоолоо зогсоолын зориулалтаар ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөлөл болох, зогсоолоо ашиглахын тулд хариуцагч нарын зогсоолоор дамжиж орох гарах үйлдлийг хориглон хязгаарлаж болохгүй.
Иймээс хариуцагч Г.Галбадрах өөрийн зогсоолын талын хаалганы түлхүүрийг 3 тоот зогсоолыг хөлсөөр эзэмшиж байгаа Э.Халиунаад өгсөн байх бөгөөд тэрээр өөрөө байгаа үедээ зогсоолд тавьсан машинаа гаргаж, Э.Халиунаагийн машиныг тавиулах, байхгүй үедээ машины түлхүүрээ үлдээдэг байх боловч зогсоолд хариуцагчийн машин их шахуу, давчуу тавигддаг байдлаас хөлслөгч Э.Халиунаа түүний машиныг зогсоолоос гаргаж чадахгүй болдог зэрэг нөхцөл байдлуудаас хариуцагч Б.Илчбадрахын охинтой машинаа зогсоолд тавьж байх үеэр Г.Галбадрах уулзаж, Э.Халиунаагийн машиныг 7 хоногт дугаарын хязгаарлалтайгаас бусад 6 өдөрт, 3, 3 өдрөөр хуваарилж, хариуцагч нарын талд байршиж байгаа зогсоолын гарц орцыг ашиглуулахаар ярьж тохирч, түүнээс Б.Илчбадрахын зогсоол байршиж буй талын хаалганы түлхүүрийг авч, Э.Халиунаад өгснөөр хөлслөгч Э.Халиунаа 2018-12-18 өдрийг хүртэл 3 тоот зогсоолыг 2 орц, гарцаар ашиглаж байсан байдал тогтоогдож байна.
Хариуцагч Б.Илчбадрах дургүйцэн, өөрийн зогсоолын талын орж гарах хаалгыг Э.Халиунаад ашиглуулахаас татгалзаж, цоожийг сольсон хугацаанаас хойш хөлслөгч зогсоолыг ашиглах боломжгүй болж, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан, ашиглаагүй хугацааны хөлсийг буцаан гаргуулах нэхэмжлэлд тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа, нэхэмжлэгч нь хариуцагч Б.Илчбадрахтай ярьж тохирохоор түүнтэй 2018 оны 11 сард хэд хэдэн удаа утсаар холбогдсон байгаа байх боловч хариуцагч орц гарцыг нэхэмжлэгчид ашиглуулахаас татгалзсан болох нь шүүх хуралдаанд зохигч мэтгэлцсэн мэтгэлцээнээр тогтоогдлоо.
Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар хөрш залгаа хөрөнгө өмчлөгчийн нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзсэн нөгөө тал, ийнхүү нөлөөлж байгаа талаас нөхөн төлбөр авах шаардах эрхтэй байна.
Хариуцагч Г.Галбадрах нэхэмжлэгчийг зогсоолоо зориулалтаар нь ашиглахад өөрийн зүгээс хамаарах бүх боломжийг олгосон байх тул нэхэмжлэгч түүнээс төлбөр шаардах эрхгүй байна.
Харин хариуцагч Б.Илчбадрах нэхэмжлэгчид 3 тоот зогсоолоо ердийн ашиглах боломжийг 2018-12-18 өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл 70 хоногийн хугацаанд олгоогүй, өөрийн зогсоолын талд байршиж байгаа хаалгыг ашиглуулахаас татгалзсан нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх заасан хориглосон заалтыг зөрчиж байгаа байх тул ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн хариуцагчийн нөлөөлөлд нэхэмжлэгч нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.
2018-12-18 өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд 3 тоот зогсоолыг хэвийн хэмжээнд ашиглах боломж олдсон бол нэхэмжлэгч гэрчээр оролцсон Э.Халиунаатай байгуулсан хөлслөх гэрээнээс 230 137 төгрөгийн орлого олох байсан байх тул олох байсан орлогын 50 хувь болох 115 068 төгрөгийг хариуцагч Б.Илчбадрахаас нөхөн төлбөрт гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэлийг бусад хэсэг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 27 906 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Илчбадрахаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж болох 7 554 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Б.Илчбадрахаас нөхөн төлбөрт 115 068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ичинхоролд олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 858 087 төгрөгийг гаргуулах болон хариуцагч Г.Галбадрахад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.