Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1001

 

 

 

 2022         10            27                                         2022/ШЦТ/1001      

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Хохирогч Ц.Р ,

Шүүгдэгч Э.Ц ,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ...-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Э ийн Ц д холбогдох эрүүгийн 2203003460394 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ...-т жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Э ийн Ц  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц  нь 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 13 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн урд талын автобусны буудлын замд ... -ын эзэмшлийн “Nanjing” маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-д заасан Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Р г автобуснаас унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Ц  нь 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 13 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн урд талын автобусны буудлын замд ... -ын эзэмшлийн “Nanjing” маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-д заасан Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Р г автобуснаас унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Ц.Р гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дарь-Эхээс Яармаг орохоор Сэлбэ-Вокзал 102 номерын автобусанд 11 цаг өнгөрч байхад суугаад Багшийн дээд дээр дамжиж суухаар уг автобуснаас бууж байхад хөдөлж намайг унагаасны улмаас баруун хөлийн дунд чөмөгний 3 хэсэг газрыг хугалж гэмтээсэн. Тухайн автобусны жолооч Э.Ц  нь зорчигчдоо бүрэн бууж амжаагүй буюу намайг автобусны голын хаалгаар буухаар хамгийн доод талын шатан дээр 1 хөлөө тавиад нэг хөлөө газарт хүрч амжаагүй байх үед хөдөлсний улмаас би газарт унаж хөлөө гэмтээсэн. Автобус намайг унасныг харалгүй жаахан яваад зогссон. Намайг унахад тэнд байсан хүмүүс орилоход жолооч намайг харсан байх гэж бодож байгаа. Эмчилгээ, эм тариа болон бусад зардлын мөнгөө баримтаар нэхэмжилнэ. Одоогоор 1.409.800 төгрөгийн зардал гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би тухайн үед дүүгийндээ очихоор Э.Ц ийн жолоодож явсан автобусанд суусан. Ингээд явж байгаад Багшийн дээдийн автобусны буудал дээр буух гээд хүмүүс буусны дараа хамгийн сүүлд арын хаалгаар гарах гэтэл гэнэт автобус хөдлөөд намайг чирсэн. Би тухайн үед нэг хөл гэмтэлтэй суга таягтай байсан тул хурдан бууж чадахгүй, алгуур бууж байсан. Би гомдолтой байгаа бөгөөд шүүхэд бичгээр өгсөн хохирлуудаа төлүүлж авмаар байна. Шүүгдэгч надтай утсаар ярьж уучлалт гуйсан зүйл байдаггүй бөгөөд манай хүүхэдтэй ярьж 300.000 төгрөг л өгсөн. ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ...-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн: ...... нь нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн хойд талын автобусны буудлын замд ... улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч Э.Ц  нь 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед нийтийн тээвэрт явж байх үедээ иргэн Ц.Р г автобуснаас буух үед нь хөдөлж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байсан. ...Автобусанд учирсан эвдрэл, гэмтэл байхгүй. Тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

-иргэний хариуцагчаар өгсөн: ...Манай байгууллага жолоочтойгоо хөдөлмөрийн гэрээтэй бөгөөд гэрээн дээр жолооч өөрөө осол гаргасан тохиолдолд хариуцлага хүлээхээр зохицуулсан байдаг учир манай байгууллагын зүгээс хохирол төлбөр барагдуулах боломжгүй байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Шүүгдэгч Э.Ц  нь манай байгууллагад нийтийн тээврийн жолоочоор ажилладаг бөгөөд ажлаа гүйцэтгээд явж байхдаа тухайн гэмт хэргийг үйлдэж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Манай байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтны өөрийн буруугаас учирсан гэмтлийг ажилтан өөрөө хариуцахаар заасан байгаа. Шүүгдэгч нь мөн үүний дагуу хохирол барагдуулахаа илэрхийлж байна. Байгууллагын зүгээс Э.Ц ийг ажилдаа явж болно гэж хэлсэн бөгөөд одоо ч ажилд орох хүсэлтэй бол манай талаас ажиллуулахад бэлэн байна. ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 9066 дугаартай: “...Ц.Р гийн биед баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн хөндлөн зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн үед үүссэн гэмтэл байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/,

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 дүгээр тал/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 999307 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-53 дугаар тал/,

 

Мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 797 дугаартай: “...Nanjin маркийн ... улсын дугаартай автобусны жолооч Э.Ц  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.Р  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтын зөрчсөн гэх үндэслэлгүй байна... гэх магадлагаа /хх-ийн 57 дугаар тал/,

 

Хохирогч Ц.Р гээс хэрэгт ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 79-95 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Э.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...12 цаг өнгөрч байсан байх, Багшийн дээдийн автобусны хойд талын буюу талбай чиглэлд явдаг буудал дээр зогсож хүнээ буулгачхаад толиндоо харахад хүн харагдахгүй болохоор нь хөдөлтөл автобусанд сууж явсан хүмүүсхөөе гээд орилохоор нь сандраад зогсоод хаалгаа нээхэд нэг эрэгтэй хүн автобусны голын хаалгаар зам дээр унаж байгаа нь харагдсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй...” гэсэн болохыг дурдав.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 9066 дугаартай дүгнэлт (хх-ийн 34-35 дугаар тал)-ээр хохирогч Ц.Р гийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа;

Мөн мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 797 дугаартай магадлагаанд шүүгдэгч Э.Ц ийг “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн...” талаар тус тус дурдсан байна.  

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн  шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Ц ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.    

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Ц ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг:

Хохирогч Ц.Р  нь хэрэгт нийт 1.144.660 төгрөгийн баримт ирүүлснээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Ц  нь 300.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Тус хэрэгт ...-ыг иргэний хариуцагчаар татжээ. /хх-23/

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж;

-499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан.

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Э.Ц  нь ...-т жолоочоор ажилладаг байсан /хх-68/ байх бөгөөд тус газрын эзэмшлийн “Nanjin” маркийн NJL6106BEV-BEV загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осол гаргажээ.

Иймд ... /Ц.Ц /-аас 844.660 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Р д олгуулах нь зүйтэй байна.

Харин ... /Ц.Ц / нь өөрт учирсан 844.660 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Ц ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Ц  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Э.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Ц ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 72 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Э.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч Э.Ц  нь Улаанбаатар хотод төрсөн, ...  тоотод байнга оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэргээр, мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах ... жолоочоор ажилладаг болох нь тус газрын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Э.Ц ийг дээрх хугацаанд ажил болон оршин суух хаягаас бусад газраас гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц д шүүхээс оногдуулсан ажил болон оршин суух хаягаас бусад газраас гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Э ийн Ц ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц д шүүхээс оногдуулсан ажил болон оршин суух хаягаас бусад газраас гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч ... /Ц.Ц / нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ... /Ц.Ц /-аас 844.660 /найман зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Р д олгосугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ... /Ц.Ц / нь 844.660 /найман зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Ц ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТСАЙХАН