Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 492

 

2018 оны 07 сарын 26 өдөр             Дугаар 153/ШШ2018/00492                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Хүсэлт гаргагч: Х аймгийн Д сумын Б багт оршин суух, ….. тоот регистрийн дугаартай, А овогт Н-н Б-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Б, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н. Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж ажилласан.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ямаа, хоньчноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан онууд бүгд гарч ирсэн.

Иймд Н. Б намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н. Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Н. Бийн нэр дээрх 2016 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар  шагнуулсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1990 оны аймгийн ноолуур ашиглалтын аварга цол, дипломоор шагнагдсан гэх дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1993 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аварга малчин”-аар шалгарсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Н. Бийн 1981 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн эрхэлсэн ажил болон ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1390 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадын 1977-1993 Н. Бийн нэр дээрх 70-р дансны хуулбарууд,

-Гэрч Б.Энхбаярын “би 1971-1992 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Н. Б нь 1981 онд сургууль төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд илгээлтээр гарсан. Тэгээд тэр 1992 он буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Н.Цэцэгмаагийн “Н. Б нь 1981 онд сургууль төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд илгээлтээр гарч 1992 он буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Би 1973-1992 он хүртэл тус нэгдэлд малын эмчээр, 1992-2002 онд Манхан суманд малын эмчээр ажиллаж байсан тул сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Н. Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Анчин овогт Нохойжавын Бийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д зааснаар хүсэлт гаргагч Н. Б нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА