| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00467/И |
| Дугаар | 493 |
| Огноо | 2018-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 493
2018 оны 07 сарын 26 өдөр Дугаар 153/ШШ2018/00493 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Х аймгийн М сумын Г багт оршин суух, .... тоот регистрийн дугаартай, Д овогт Н-н Жгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамцэрэн, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н. Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал ямаа, үхэр маллаж ажилласан. Миний бие нь одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Ховд айгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 6-р сард ажилд орсон тушаал байхгүй, мөн ажлаас халагдсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр баталгаажаагүй, архив шатсаны улмаас цалингийн картууд шатаж үрэгдсэнээс олдохгүй байгаа юм.
Иймд Н. Ж миний Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н. Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н. Ж нь 10-р анги төгссөн бөгөөд ТМС-д яваад дундаас нь буцаад ирсэн. ТМС-д 1-2 жил сурсан байх, би сайн мэдэхгүй байна. Би Н. Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд түүнийг сайн мэдэхгүй байна. Иймд Н. Жг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н. Ж нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Н. Жгийн 1982-1990 оны ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1339 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт,
-Н. Жгийн нэр дээрх 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн баярын бичиг,
-Гэрч Ж.Алтангэрэлийн “би 1957-1963 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад мал маллаж байгаад цэрэгт явсан. Дараа нь 1967-1979 онд тус нэгдэлд малчнаар, 1979-1983 онд бригадын даргаар, 1983-1992 онд нэгдлийн нягтлан бодогчоор ту тус ажиллаж байсан. Н. Ж нь 1982 онд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд илгээлтээр ирж байсан. Тэрээр нэгдэл тарах хүртэл үхэрчнээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ч.Оюуны “би 1977-1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Н. Ж нь 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ирж байсан ба тэрээр нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч Н. Жгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал, цалингийн баримтууд нь архивт байхгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1339 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Н. Жгийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Н. Ж нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Харин хэрэгт хавсаргасан хүсэлт гаргагч Н. Жгийн нэр дээрх 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шагнагдсан гэх диплом дээр дарагдсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн тамга Н. Жгийн нэр дээрх 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн баярын бичиг дээр дарагдсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн тамгаас өөр, мөн тус диплом нь 1982 онд бичигдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дархчууд овогт Нордовын Жгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА