| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00476/И |
| Дугаар | 494 |
| Огноо | 2018-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 494
2018 оны 07 сарын 26 өдөр Дугаар 153/ШШ2018/00494 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Х аймгийн М сумын Т гол багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, А овогт Н-н О-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н. О, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвд 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал уран сайханчаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвд 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал уран сайханчаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан онууд бүгд гарч ирээгүй байна.
Иймд Н. О намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Соёлын төвд 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал уран сайханчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н. О нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Соёлын төвд 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал уран сайханчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Н. О ын 700794 дугаартай, 0724126 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,
-Н. О ын 143979 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Н. О ын 70 дугаартай “Тэргүүний ардын авьяастан” хүндэт тэмдэгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 769 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай “Ажилд түр авах тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
-Н. О ын тоглолтод оролцож байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,
-Гэрч Х.Цэрэндуламын “би 1984 оноос одоог хүртэл Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байна. Н. О нь 1989 оны 01 дүгээр сараас эхлэн Соёлын төвийн дэргэдэх Соёл хөдөлмөрийн хамтлаг гэж байгуулагдахад тус хамтлагт хөгжимчнөөр ажилд орж байсан. Тус хамтлагт орсон цагаас хойш 1994 оны 05 дугаар сар хүртэл бид хамт ажилласан. Энэ хугацаанд тэрээр дуучин, хөгжимчин, туслах ажилтнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ө.Паламын “би 1986-1994 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын клубт фондын эрхлэгчээр ажиллаж байсан. Н. О нь 1989 оны 01 дүгээр сараас эхлэн Соёлын төвийн дэргэдэх Соёл хөдөлмөрийн хамтлаг гэж байгуулагдахад тус хамтлагт хөгжимч, дуучнаар ажилд орж байсан. Тэрээр 1994 он 06 дугаар сар хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Н. О нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Соёлын төвд 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал уран сайханчаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Адууч овогт Намсрайгийн О ын Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Соёлын төвд 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал уран сайханчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА