Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1009

 

 

 

 

  2022           10            28                                      2022/ШЦТ/1009      

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар /томилолтоор/, 

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч  овогт Б ийн Б д холбогдох эрүүгийн 2209000590580 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ... ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч  овогт Б ийн Б  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бургер Кинг (Burger King) нэртэй түргэн хоолны газарт иргэн Б.Б ын өмчлөлийн эд хөрөнгө болох “Iphone 8 Plus” загварын гар утсыг түүний сууж байсан ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Б.Б нь ...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бургер Кинг (Burger King) нэртэй түргэн хоолны газарт иргэн Б.Б ын өмчлөлийн эд хөрөнгө болох “Iphone 8 Plus” загварын гар утсыг түүний сууж байсан ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 730.000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 Үүнд:

Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17-18 цагийн хооронд “Багшийн дээд”-ийн тэнд байдаг “Бургер Кинг” хоолны газарт орж найз охинтойгоо уулзаад С  ахаас утас авах гэж байсан юм. Тэгээд хүлээж байхдаа ширээн дээр гар утсаа тавьчхаад тонгойж сууж байгаад зүүрмэглэчихсэн байсан. Тэр үед чихэндээ чихэвчтэй байсан болохоор дуу нь явахаа болиод утсаа шалгахаар харсан чинь миний гар утас ширээн дээр байгаагүй бөгөөд миний хажууд сууж байсан хүн байхгүй байсан. Тэгээд хүний утсаар найз руугаа ярьж өөрийнхөө гар утасны байршлыг асуугаад тухайн байршил руу явсан. Тэр үед миний гар утас “Бөхийн өргөө”-н дээр байршил нь зааж байсан учраас араас нь явж байгаад хажууд сууж байсан хүнээ таниад очиж уулзаад цагдаа дуудаж өгч явуулсан. Тэгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү очиж уулзахад “Сүхбаатар дүүрэгт болсон” гээд намайг явуулсан. Би тэр хооронд “Бургер Кинг” орж камерыг нь шүүж үзэхэд миний барьж өгсөн хүн миний гар утсыг авсан хүн мөн байхаар нь өргөдлөө өгч шалгуулсан. Iphone-8 Plus загварын, 64 гигабайт багтаамжтай, цагаан өнгөтэй гар утсыг хулгайлан авсан. Би гар утсаа 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 780.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо авсан үнээрээ үнэлнэ. 45 орчим насны, хар царайтай, 167 см өндөртэй, туранхай биетэй, аль нэг тал руугаа доголж явж байсан. Тухайн үед өмсөж явсан хувцсыг нь санахгүй байна. Би тэр хүнийг өмнө нь харж байгаагүй. Очиход “Би чиний гар утсыг аваагүй. Юун утас яриад байгаа юм бэ” гээд согтуу хэлж байсан. Хэсэг хугацааны дараа тэр хүн надад “Би чиний утсыг архинд өгчихсөн” гэж хэлж байсан. Хаана өгсөн талаар асуухад “Санахгүй байна” гээд байсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Утсаа олоод авчих юм бол гомдол санал байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцох эсэхээ мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр тал/,

 

2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 20-23 дугаар тал/

 

Дамно ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн СБ1-21-1590 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг мөнгө болгох зорилгоор авсан байх. Бусадтай бүлэглээгүй. Би ганцаараа байсан. Өөр уйлчлүулж байсан хүн бараг байгаагүй. Намайг гар утсыг нь авах үед хохирогч ширээн дээрээ байгаагүй санагдаж байна. Ямар загварын гар утас байсан талаар санахгүй байна. Би тэр гар утсыг дэлгүүрээс гарч ирж байсан залууд зарсан санагдаад байна. Махан толгой бид хоёр хамт явж байгаад би тэр газар руу ганцаараа ороод махан толгой гадаа үлдсэн. Тэгээд би гар утсыг нь аваад махан толгойд “Ийм гар утас байна. Зарж архи уух уу” гэж хэлсэн чинь зөвшөөрөөд бид хоёр дэлгүүр рүү явсан. Тэгээд дэлгүүрээс гарч ирж байгаад тэр залууд баригдаад, цагдаа ирээд намайг аваад явсан. Тэр залуу ирээд намайг нэгжиж үзэхэд гар утас нь гарч ирээгүй. Махан толгой намайг гар утас хулгайлан авсан талаар мэдээгүй байсан. Сүүлд дэлгүүрийн гадаа очоод мэдсэн. Би ажлаа хийвэл хохирлоо барагдуулах байх. Өөр барагдуулах арга байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/, 

 

 Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би таньдаг залуугийн хамт хоолны газарт ундаа уух гэж ороод хажуу талын ширээн дээр байсан гар утсыг аваад гарсан...” гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бургер Кинг (Burger King) нэртэй түргэн хоолны газарт иргэн Б.Б ын өмчлөлийн эд хөрөнгө болох “Iphone 8 Plus” загварын гар утсыг түүний сууж байсан ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Б  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б ын “Iphone-8 Plus” загварын гар утсыг хулгайлж авсан, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гар утсыг 730.000 төгрөгөөр үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг  тогтоосон байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б ыг Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Дамно ХХК нь хохирогч Б.Б ын “Iphone-8 Plus” загварын гар утасны үнийг 730.000 төгрөгөөр тогтоожээ.

Иймд шүүгдэгч Б.Б с 730.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.… ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй ба хөнгөн ял оноож өгнө үү гэх санал гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлагдсан 1 хоног, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоног, нийт 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 304 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, түүнийг ял эдэлсэнд тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч  овогт Б ийн Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлагдсан 1 хоног, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоног, нийт 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 304 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, түүнийг ял эдэлсэнд тооцсугай.

4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б с 730.000 /долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б д олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН