Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 497

 

2018 оны 07 сарын 30 өдөр              Дугаар 153/ШШ2018/00497               Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Д сумын Б багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Ц овогт Б-н Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Д сумын Б багт оршин суух,  ........ тоот регистрийн дугаартай, Ө овогт Б С-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б. Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Б.С, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. А нь Б.Стай 2013 онд танилцаж гэр бүл болсон. Тэр үед том охин А.А нь 7 настай байсан. Охин А.А нь 2006 онд төрсөн, 12 настай, бага охин А.Анирлан нь гэр бүл болсон жил буюу 2013 онд төрсөн, одоо 5 настай. Б. А, Б.С нар 2013 онд гэр бүл болж, хамт амьдарч байгаад гэр бүлийн дунд үл ойлголцол гарсны улмаас 2014 онд хагас жил орчим тусдаа амьдарч байгаад эргэж хамт амьдарсан боловч 2015 оны 04 дүгээр сард Б.Алтангэрэл нь Солонгос улс руу ажил хийхээр явснаас хойш одоог хүртэл тэндээ ажиллаж, амьдарч байна.

Б.Алтангэрэл, Б.С нар нь 2015 оноос хойш 3 жил тусдаа амьдарч байна. Б.Алтангэрэлийг 2015 онд БНСУ руу ажил хийхээр явснаас хойш эхлээд хоорондоо утсаар ярьж холбогддог байсан боловч цаг хугацаа өнгөрөх бүр утсаар ярих нь багассаар сүүлдээ утас руу нь залгахаар охин А.Анирлан авдаг болсон байна. Б.Алтангэрэл нь Ховд аймгийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандсан мөн шүүхээд гэрлэгчидэд эвэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй. Нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн зүгээс охин А.А, А.Анирлан нарыг эх Б.Сгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Гэрлэгчидийн гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Харин төрөөс охин А.Анирланд сар бүр олгодог 20,000 төгрөгийг банканд данс нээгээд хамтран эзэмшигчээр Б.Алтангэрэл байдаг бөгөөд одоо хамтран эзэмшигчээр Б.Сг солихыг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Б.Алтангэрэл, Б.С нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Б.СС шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эцэг эх, хоёр охиныхоо хамт амьдардаг. Б.Алтангэрэл 2015 онд Солонгос улс руу явсан. Одоо бид нартай холбогддоггүй. Солонгос улсад өөр хүнтэй болсон гэж сонссон. Би гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бид нарт гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Харин охин А.Агийн нэр дээрх төрөөс хүүхэд бүрт сар бүр өгдөг 20,000 төгрөгийг хуримтлал үүсгэж банканд данс нээсэн. Уг дансыг Б.Алтангэрэл нээлгэж, гарын үсэг зурсан бөгөөд хамтран эзэмшигчээр миний нэр ороогүй. Иймд банканд нээлгэсэн охин А.Агийн хадгаламжийн хамтран эзэмшигч Б.Алтангэрэлийг Б.Сгаар солиулах хүсэлтэй байна. Иймд гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна, хоёр охиноо би өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь хариуцагч Б.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Алтангэрэл, хариуцагч Б.С нар нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин А.А төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Харин 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин А.А нь гэрлэгчдийг гэрлэхээс өмнө Б.Сг дагаж ирсэн болох нь хариуцагч Б.Сгийн тайлбараар нотлогдож байх ба тэрээр охин А.Агийн саналыг шүүхэд асуулгах шаардлагагүй гэж тайлбарлалаа.

Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээр нь 2015 оноос эхлэн тусдаа амьдарч эхэлсэн, гэрлэгчдийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, гэрлэгчидэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин А.А, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.А нарын асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд тэрээр хүүхдүүдийг эх Б.Сгийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Б.С нь шүүх хуралдаан дээр охин А.А, А.Анирлан нарыг өөрийн асрамжид авахыг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин А.А, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.Анирлан нарыг эх Б.Сгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэрлэгч Б.Алтангэрэл, Б.С нарын гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийн харилцаа дуусгавар болж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин А.Анирлан, А.А нарыг эх Б.Сгийн асрамжид үлдээсэн нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Хариуцагч Б.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “охин А.Анирлангийн нэр дээрх төрөөс хүүхэд бүрт сар бүр өгдөг 20,000 төгрөгийг хуримтлал үүсгэж банканд данс нээсэн. Уг дансны хамтран эзэмшигчээр Б.Алтангэрэл байдаг бөгөөд охин А.Анирлангийн хадгаламжийн хамтран эзэмшигч Б.Алтангэрэлийг Б.Сгаар солиулах хүсэлтэй байна” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь үүнийг хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч Б.Алтангэрэлээс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Н.Оюунчимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдлэж, үүргийг хүлээхээр итгэмжлэл олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь хариуцагч Б.Стай эвлэрэх эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.Сгийн шүүх хуралдаанд гаргасан “охин А.Анирлангийн нэр дээрх төрөөс сар бүр өгдөг 20,000 төгрөгийн банкны хуримтлалын хамтран эзэмшигч Б.Алтангэрэлийг Б.Сгаар солиулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цоохор овогт Батбаярын Алтангэрэл, Өвгөн овогт Болдхүүгийн Сд  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин А.А, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.Анирлан нарыг эх Б.Сгийн асрамжид  үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

4.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5.Хариуцагч Б.Сгийн шүүх хуралдаанд гаргасан охин А.Анирлангийн нэр дээрх төрөөс хүүхэд бүрт сар бүр өгдөг 20,000 төгрөгөнд банкны хуримтлал үүсгэсэн хадгаламжийн хамтран эзэмшигч Б.Алтангэрэлийг Б.Сгаар солиулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтангэрэлд олгосугай.

7.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МАРИНА