Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

 

 

        2022        11         29        

                                 2022/ШЦТ/103                                                                  

                      

 

 

 

       

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Хонгорзул

Улсын яллагч Л.Содбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч*******

Шүүгдэгчийн өмгөөдөгч Д.Энхтуяа

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар санал үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1998 оны 08-р сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг,*******тоотод оршин суух, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,*******холбогдох эрүүгийн 2220000000108 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Елена нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1-1 тоотын гадна тоглож байсан Э.Отгонбаатар /6 настай, эрэгтэй/-ыг толгойн хэсэгт тоосгоор 1 удаа цохиж, биед нь духны шарх бүхий   хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэг өгөөгүй болно.

 

Шүүгдэгч*******гийн хууль ёсны төлөөлөгч******* шүүхийн хэлцүүлэгт “ Манай охин Елена төрөлхийн өвчтэй юм. Өвчин нь  намар, хавартаа сэдэрдэг, шархадны эмнэлгийн эмчийн хяналтанд байдаг ба насанд хүрсэний дараа буюу 2015 онд группэд орж, 70 хувь тогтоолгосон, группээ хоёр жилд нэг удаа сунгадаг, хавар 4 сард эмчилгээнд явдаг. 2011 оны шархадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.  Групп тогтоолгохоос өмнө  би асаргааны мөнгө улсаас авдаг байсан. 2-3 настай байх үедээ аваарт орж байсан, ер нь багаасаа унаж, татдаг сонин байсан. Охин маань Эрдэнэчимэгийн хүүгийн толгойг хагалсанаа хэлсэн. Өмнө нь 2 сартай байхад нь унтаж байхад нь гэрээс нь аваад гарсан байсан. Охин Елена олон хүмүүсийн дунд юм ярьж чаддаггүй, надтай хоёулахнаа байхдаа ярьдаг юм. Эмчид үзүүлэхэд хүртэл надад хэлж, би эмчид дамжуулдаг юм. Миний хувьд охиноо өөрийнхөө асрамжид авч үлдмээр байна. Шархадны эмнэлэг бол эр, эм гэхгүй хүмүүсийг холиод байлгачихдаг, хоол унд, эмчилгээ  муу юм билээ. Эрүүл мэндийн газарт учирсан 229,000 төгрөгийн хохирлыг 12 сард төлнө” гэсэн мэдүүлэг

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Нэхэмжлэх зүйл бол байхгүй байна. Миний хүүхэд энэ жил нэгдүгээр ангид орсон. Елена өмнө нь манай хүүхдийг 2 сартай байхад нь биднийг унтаж байхад хулгайлаад аваад явсан байсан, бас хазаж, цохиж байсан тохиолдол байгаа, үүнийг Должин эгч мэдэж байгаа. Бид хорь гаруй жил айл саахалт явж байна. Тэр өдөр би гэртээ мах авчирах санаатай Шаргын овоо явсан юм. Гэтэл нөхөр маань утсаар ярьж, Еленаг хүүхдийн толгойг хагалсан байна гэж хэлсэн. Намайг Шаргын овооноос ирэхэд эмнэлэг явж оёдол тавиулсан байсан, би хүүгэээ Елена эгчийнхээ уурыг хүргэсэн юм уу гэхэд үгүй гэсэн, бас нөхрөө хүүхдээ харсангүй, гэрээсээ гаргалаа гэж аашилсан. Гэрээс гараад ердөө 10 минут болоогүй цус болоод орж ирсэн гэсэн. Тэр үедээ Елена хүүг маань заамдаж аваад газарт унагаасан байгаа юм. Хөл нь шалбарсан байсныг сүүлд нь мэдсэн. Одоо толгой өвдлөө, хөл өвдлөө гэдэг болсон. Өвчин намдаах эм, тос хэрэглэдэг. Зүгээр байсан хүүхдийн минь толгойг хагалсанд гомдолтой байна, одоо юм мэдэгдэхгүй ч хожим яах ч билээ гэж бодож байна, гомдолтой байна. Эмнэлгийн 6 давхар байранд амьдардаг тэр олон хүүхдээс миний хүүхдийг онцолсон байгаа юм, би Еленад хийсэн хэрэг байхгүй шүү дээ. Елена юм ярьдаг шүү дээ, яагаад миний хүүхдийг зодох болсоноо хэл л дээ. Цагдаад өгсөн дараа над руу согтуу яриад “янхан, банзал “ гээд намайг доромжилсон” гэсэн мэдүүлэг,

 

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би гэрийнхээ гадаа тоглож байсан чинь Елена эгч  ирээд тоосгоор  миний толгой руу  цохиж хагалсан, тэгээд би аавтайгаа хамт яваад  толгойгоо оёулсан. Гэрийнхээ урд байдаг байрны хажууд тоглож байсан. Елена эгч ганцаараа явж байсан.  Би хоёр найзын хамт тоглож байсан. Елена эгч ирээд тоосгоор толгой руу цохисон. Елена эгч урьд нэг удаа гарнаас хазаад, нэг удаа алгадаж байсан. Би ээждээ хэлсэн. Одоо толгой өвдөхгүй байгаа. Толгойдоо  гурван оёдол тавиулсан, гомдолтай байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Еленагийн төрсөн ээж нь байгаа юм. Елена эхээс дөрөвүүлээ дэрээ нэг ах, нэг эгчтэй дороо нэг дүүтэй. Айлын гурав дахь хуухэд байгаа юм. Елена уржигдар орой гэртээ ирсэн тэгээд гараад явсан одоо байхгүй байгаа. Еленаг хүүхдийн толгой хагалсан гэдгийг нь мэднэ. Тэр айлын хүүхэд нь манай гэрийн хойно байдаг Эрдэнэчимэгийг хүүхэд байгаа юм. Манай охин Елена нь сэтгэцийн өвчтэй бага байхдаа л сэтгэцийн өвчтэй байсан. Дорноговь аймаг, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хяналтанд байдаг юм аа. F71 буюу оюуны хүндэвтэр хомсдолтой гэж оношлогдсон байгаа. Елена хавар намрын улиралд их хүндэрдэг юм. Их муухай ширүүн ааштай. Хүн рүү хаа хамаагүй гартаа таарсан юм аа аваад шидэлж дайрдаг юм. Гэртээ надтай л хамт байна өөр хүн байдаггүй юм. Гэрээсээ гараад хаашаа явдаг талаар хэлж мэдэхгүй байна хэд хоног явж байгаад л хүрээд ирдэг юм. Очдог айл байхгүй байхаа. Ер нь гэртээ л байдаг байсан тэр орой хүүхдийн толгой хагалчихаад гараад явсан 3 хоноод ирсэн. Урьд нь ийм асуудал гаргаж байгаагүй. Урьд нь Шар Хадны эмнэлэгт 8-9 жилийн өмнө нэг удаа хэвтэж байсан ахиж хэвтээгүй. Замын-Үүдийнхээ эмнэлгийн хяналтанд байдаг юм аа би өөрөө авч явж үзүүлээд сумын нэгдсэн эмнэлэгээс бичиг хийж өгөөд тэрийг аваад аймаг явж үзүүлдэг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 сарын 19-ний өдрийн “1. Э.Отгонбаатарын биед духны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 02/0394 тоот дүгнэлт /хх-ийн 23/

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Отгонбаатарын 2022 оны 08 сарын 13-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24-25/

 

Шүүх сэтгэц гэм судлалын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн “1.******* нь “Оюуны хүндэвтэр хомсдол” бүхий төрөлхийн сэтгэцийн өвчтэй болно.

2.******* нь “Оюуны хүндэвтэр хомсдол” бүхий төрөлхийн сэтгэцийн өвчний улмаас өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадваргүй, өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй, ар гэрийн байнгын асаргаа хяналт шаардлагатай болно.

3.******* нь “Оюуны хүндэвтэр хомсдол” бүхий төрөлхийн сэтгэцийн өвчтэй болсон зүйлийг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадваргүй болно” гэсэн 28 тоот дүгнэлт /хх-ийн 29-31/

Шүүгдэгч*******гийн “ 2015 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл  хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон 054385 тоот шийдвэр, 2018 оны 09 сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон 0247087 тоот акт, 2020 оны 09 сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон хөдөлмөрийн магадлах комиссын 0354073 тоот шийдвэр,  2022 оны 09 сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл  хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон хөдөлмөрийн магадлах комиссын 04999240 тоот шийдвэр, түүний биед үзлэг, шинжилгээ, эмчилгээ, хяналтын байдлын агуулсан амбулиториар эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 34-55/,                                                                                                                                                                                                                              

 

Иргэний нэхэмжлэгч Э.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн гэмт хэргийн улмаас 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Заымн-Үүд сум 1 дүгээр баг,  6 хэсэг 1-1 тоотоын гадаа тоглож байсан Э.Отгонбаатарын толгойг Елена гэгч  нь тоосгоор цохин хагалж  хөнгөн хохирол учруулсан  гэх гэмт хэрэг  үйлдэгдсэн байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Отгонбаатар нь 2022 оны 08 сарын 13-наас 15-ны хооронд  Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн сангаас 229,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх  тусламж үйлчилгээний  зардлыг яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч*******гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/

 

Шүүгдэгч*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74/

Шүүгдэгч******* нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 81/

 

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 30-ний өдрийн 19/34 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Эрдэнэчимэгийн Отгонбаатарт эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 229,000 төгрөгийн зардлын лавлагаа /хх-ийн 83-84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Елена нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 1-1 тоотын гадна тоглож байсан Э.Отгонбаатар /6 настай, эрэгтэй/-ын толгойн хэсэгт тоосгоор нэг удаа цохиж, биед нь духны шарх бүхий   хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

 

Насанд хүрээгзй хохирогч Э.Отгонбаатарын эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Э.Анхбаяр нь 2022 оны 08 сарын 31-ний өдөр 02/0394 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч,түүний төлөөлөгч, өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт  насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Э.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 02/0394 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.Елеанагийн үйлдлийн улмаас  насанд хүрээгүй хохирогч Э.Отгонбаатар нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 08 сарын 15-ны өдрийн  байдлаар Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас 229,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 30-ний өдрийн 19/34 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Эрдэнэчимэгийн Отгонбаатарын эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 229,000 төгрөгийн зардлын лавлагаа / зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч*******гээс 229,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Улсын яллагч нь шүүгдэгч*******г “ F71-Оюуны  хүндэвтэр хомсдол” бүхий  төрөлхийн  сэтигэцийн  өвчтэй, өвчний улмаас  өөрийн  хийж буй үйлдлийг  зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох  чадваргүй, өөртөө болон олон нийтэд аюултай үйлдэл хийж болзошгүй, хэрэг хариуцах чадваргүй, хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь, 2022 оны 08 сарын 13-ны өдөр буюу  гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд  хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан Шүүх сэтгэц гэм судлалын 28 дугаартай дүгнэлт, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч*******д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаагаар хэрэглэх” гэсэн дүгнэлтийг гаргаж,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа нь “ Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг асуудал 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр  болсон. Түүнээс хойш эмчийн хяналтанд байж байгаад хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбараар байнгын эмчийн хяналтанд байж эмчлүүлдэг, өмнө нь бусдад гэм хор учруулж байгаагүй, 9 жилийн өмнө Шархадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан зэрэг нь тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь  өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай  албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр  сэтгэцийн  эрүүл мэндийн  холбогдох байгууллагад  эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар  шилжүүлж болно”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  19.3 дугаар зүйлийн 4.3-д “....  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг  хүчингүй болгох” гэж заасан байх тул хууль ёсны төлөөлөгч*******гийн асрамжид үлдээх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж тус, тус мэтгэлцсэн болно.

 

Хэрэгт авагдсан Шүүх сэтгэц гэм судлалын 20221 оны 08 сарын 31-ний өдрийн 28 дугаартай дүгнэлтэнд “Д.Елена нь “Оюуны хүндэвтэр хомсдол” бүхий төрөлхийн сэтгэцийн өвчтэй болно.

2.******* нь “Оюуны хүндэвтэр хомсдол” бүхий төрөлхийн сэтгэцийн өвчний улмаас өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадваргүй, өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй, ар гэрийн байнгын асаргаа хяналт шаардлагатай болно.

3.******* нь “Оюуны хүндэвтэр хомсдол” бүхий төрөлхийн сэтгэцийн өвчтэй болсон зүйлийг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадваргүй болно” гэжээ. /хх-ийн 29-31/

Дээрх дүгнэлтээс үзэхэд******* нь “Оюуны хүндэвтэр хомсдол” бүхий төрөлхийн сэтгэцийн өвчний улмаас өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадваргүй, өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй байх тул түүнийг асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, бага наснаасаа бие нь өвчтэй байсан, байнгын эмчийн хяналт дор байж, эмийн болон бусад эмчилгээ хийлгэдэг, хэрэг болохоос өмнө буюу 2015 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн 2024 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд “ Оюуны хүндэвтэр хомсдол”  гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон, зэрэг нь шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар,  Шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 08 сарын 31-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин прокурорын санал, шинжээч эмчийн “...2.******* нь “Оюуны хүндэвтэр хомсдол” бүхий төрөлхийн сэтгэцийн өвчний улмаас өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадваргүй, өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй,...” гэсэн дүгнэлтийг харгалзан шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн  чанартай албадлагын арга хэмжээ  авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч*******д авсан сэтгэл заслын  эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын  арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 3 /гурав/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоож, шүүгдэгчид авсан  эмнэлгийн чанартай албадлагын  арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт даалгахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 63.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Должинсүрэнгийн Еленаг /РД:ЕО98083107/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Должинсүрэнгийн Еленад сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, 19.3 дугаар зүйлийн 6-д зааснаар  шүүгдэгч*******д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх  эмнэлгийн чанартай албадлагын  арга хэмжээг  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 3 /гурав/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч*******д авсан  эмнэлгийн чанартай албадлагын  арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт даалгасугай.

5. Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс 229,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020080/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД