| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2021/0339/З |
| Дугаар | 128/ШШ2021/0535 |
| Огноо | 2021-08-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2021/0535
2021 08 17 128/ШШ2021/0535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: УҮ ХХК,
Хариуцагч: БОАЖС
Нэхэмжлэлийн шаардлага: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын УҮ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан, Байгаль, орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан маргаан нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан албан тушаалтны шийдвэртэй холбооны захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа учраас шууд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.
Манай компани 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...аялал жуулчлал, англи хэлний тур сургалт, малын эмийн худалдаа, автомашины худалдааны зуучлалын чиглэлээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй дотоодын аж ахуйн нэгж юм.
Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр А/291 тоот тушаалын 3-т заасны дагуу Б уулын Дархан цаазат газрын Т аманд байрлах 2.2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаанд газар ашиглах эрхийг анх олж авсан ба уг тушаалыг үндэслэн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №0171... тоот гэрчилгээг тус яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга олгосон.
Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах №0171... тоот гэрчилгээний хавсралтаар гэрчилгээгээр олгогдсон талбайн булангийн цэгүүдийн солбицлын өөрчлөлтүүдийг бүртгэж холбогдох этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан ба 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт үйлдэгдсэн.
Мөн Б уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 782 тоот албан бичгээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжих саналыг, 2017 оны дугаар сарын 25-ны өдөр 780 тоот санал хүргүүлэх тухай албан бичгээр бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй талаарх саналаа байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс болон яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт тус тус хүргүүлсэн.
Манай компани газар ашиглах эрхийн гэрчилгээ гарсны дараа Б уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох талаар болон 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Гурвалсан гэрээ-г байгуулах талаар бичгээр хүсэлтүүдээ гаргасан.
Манай компаниас гаргасан хүсэлтийн дагуу Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах №2019/... тоот гэрээ-г 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулж манай компанийн төлөөлөх эрх бүхий этгээд болон Б уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга гарын үсэг зурж гэрээний нэг хувийг манай компанид өгсөн ба Б уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас уг гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга, Хан уул дүүргийн Засаг дарга нар гарын үсэг зураагүй байсан ба гэрээнд гарын үсэг зураагүй холбогдох этгээдүүдээр гарын үсгийг нь зуруулж яаманд хүргүүлдэг гэж тухайн үед хэлж байсан. Гурвалсан гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох ба гэрээ байгуулснаар газар ашигласны төлбөр төлөх үүрэг хүлээдэг талаар тайлбарлаж өгсөн. Бид ч бас тэгж л ойлгосон.
2019 оны 8 сараас хойш уг газар дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалт олдоогүй, компанийн удирдлага өөрчлөгдөх, гэр бүлийн гишүүний биеийн эрүүл мэндийн байдал, Ковид-19 цар тахал зэрэг нөхцөл байдлуудаас болж үйл ажиллагаагүй эхлүүлж чадаагүй ба 2021 оны эхний улиралд багтааж үйл ажиллагаа эхлүүлж чадаагүй ба 2021 оны эхний улиралд багтааж үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдэж, энэ талаар үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл авахаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 21/05 албан бичгээр Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан юм.
Б уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 456 тоот албан бичгээр хариу өгсөн ба ингэхдээ ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А\79 дүгээр тушаалаар Т аманд байрлах ашиглах зөвшөөрөл бүхий 2.16 га газрын эрхийг цуцалж хүчингүй болгосон талаар хариу ирүүлсэн ба энэхүү хариуг ирүүлснээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан маргаан бүхий А\79 тоот тушаалыг хавсаргаж ирүүлснээр манай компанид олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг бид олж мэдлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/79 тоот тушаалаар ...Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй... зэрэг үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар ...Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна... гэж заасан ба гэрээг цуцлах тушаал гаргах цаг хугацаанд гурвалсан гэрээ хүчин төгөлдөр болоогүй байсан юм. Энэ нь төрийн захиргааны байгууллагын өөрийнхөн буруу бөгөөд гэрээ байгуулагдаагүй байхад газрыг ашиглах нөхцөл боломжгүй байсныг дурдаж байна.
Газар эзэмшигч, ашиглагч нь газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт: ...гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших ашиглах... гэж заасан ба гурвалсан гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болоогүй байхад газрыг зориулалтын дагуу ашиглах эрх зүйн үндэслэл бүрдээгүй. Мөн гурвалсан гэрээ хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад газар ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлөх талаарх тооцоолол байхгүй байхад тушаалд дурдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь буруу гэж үзэж байна.
Манай компани нь Б уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглуулах зөвшөөрөл хүссэн боловч тодорхой хариуг өгөөгүй тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан ба гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болох болоогүй байхад газрыг ашиглах эрхийг цуцалсан нь манай компанийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчихөд хүргэлээ.
Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа тухайн шийдвэрт заасан бодит нөхцөл байдлуудыг сайтар судлах үүргээ огт хэрэгжүүлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх /сонсох ажиллагаа явуулах/ нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байж захиргааны акт гаргасан нь буруу байх ба захиргааны акт гаргах талаар урьдчилан эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талд мэдэгдээгүй нь хууль зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрт хамааралтай нөхцөл байдлын талаарх үндэслэлийг захиргааны байгууллага шинжлэн судлах үүрэгтэй ба оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нэг бүрчлэн шалган тогтоосон байх ёстой байтал шууд захиргааны акт гаргах замаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь буруу.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А\79 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул уг маргаан бүхий тушаалын УҮ ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд газрын төлбөр төлөх талаар зохицуулсан хэдий ч газар ашиглагчийн газар ашигласны төлбөр төлөх үүрэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасан Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2.2-т зааснаар гурвалсан гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болсноор газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг газар ашиглагч талд үүсэхээр байгаа ба гурвалсан гэрээ байгуулагдаагүй тохиолдолд газар ашиглагч төлбөр төлөх үүрэг хүлээхгүй байна.
Гурвалсан гэрээ байгуулагдаагүй учраас газрын төлбөр төлөөгүй, төлөх боломжгүй байсан талаараа өмнөх нэхэмжлэлдээ тайлбарласан болно. Сайдын маргаан бүхий А/79 тоот тушаал гаргах хүртэлх хугацаанд манай компанитай Хан-Уул дүүргийн Засаг дарга гурвалсан гэрээг байгуулж улмаар гэрээ хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан юм.
Мөн газар эзэмшигч, ашиглагч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт зааснаар .. гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах гэж заасан ба гурвалсан гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болоогүй байхад газрыг зориулалтын дагуу ашиглах эрх зүйн үндэслэл бүрдээгүй, гэрээ хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад газар ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлөх талаарх тооцоолол тодорхойгүй байсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан газрын төлбөр төлөөгүй тул газрын төлбөр төлсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргах боломжгүй, шүүхэд хүргүүлээгүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалын Б уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Т аманд байршилтай 2.16 га талбайг ашиглах зөвшөөрөл олгож, 0171... тоот Газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байдаг.
Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 он 3 дугаар сарын 12-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 365 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу газрын төлбөр төлж байгаагүй, зориулалтын дагуу 4 жилийн хугацаанд газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг тус тус зөрчиж байсан тул Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон болно.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 он 3 дугаар сарын 12-ны өдрийн А79 дүгээр тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УҮ ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Байгаль орчны сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын УҮ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч УҮ ХХК нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар Б уулын Т аманд 2.2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг авсан байх бөгөөд[2] уг тушаалыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 0171... тоот газар ашиглах гэрчилгээг олгожээ[3].
Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг ашиглах эрх нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байжээ.
Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч УҮ ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэжээ[4].
Дээрх маргаан бүхий тушаалын хавсралтын 61 дугаарт нэхэмжлэгч УҮ ХХК-ийн нэр бичигдсэн байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн З7 дугаар зүйл. Газар ашиглах тухай гэрээ, 1. Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна., 2. Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: 2/ газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг;, 3/ газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага; гэж тус тус заажээ.
Мөн хариуцагч Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Журам батлах тухай 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журам-ын 3 дугаар зүйлийн 3.4-т ... Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэж заажээ.
Хууль болон журмын дээрх заалтуудын агуулгаас үзвэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулан гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу газрыг ашиглах зохицуулалттай байна.
Мөн гурвалсан гэрээ байгуулж, батлуулснаар газар ашиглагч нь газрын төлбөр төлөх, газрыг ашиглах, хамгаалах зэрэг эрх, үүрэг үүсэхээр байна.
Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч УҮ ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 22-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай Б уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай №2019/... дугаартай гэрээг байгуулсан байх боловч гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зурж, тамга дараагүй мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга гэрээг баталгаажуулаагүй байна[5].
Дээрх нөхцөл байдлаас үзвэл, гэрээ байгуулагдаагүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудын агуулга нь газар эзэмшигч, ашиглагч нь газрыг эзэмших, ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулалтууд байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээг баталж өгөөгүй байж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн сонсох ажиллагааны мэдэгдлийг манай компани хүлээж аваагүй, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулалгүйгээр актыг гаргасан нь захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.
Тодруулбал, хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 10/7637 дугаар албан бичгээр нэхэмжлэгч УҮ ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн баримтыг ирүүлсэн гэх боловч Монгол шуудан ХК-ийн 2021 он 6 дугаар сарын 18-ны өдрийн 09/4.. дугаар албан бичгээс үзвэл уг албан бичгийг заасан хаягт ийм газар байхгүй гэсэн шалтгаанаар яамны ажилтанд буцааж гардуулсан байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч УҮ ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчны сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын УҮ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2/, 3/, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч УҮ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын хавсралтын 61 дугаарт бичигдсэн УҮ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч УҮ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ