Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/ШШ2024/0020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

 

Нэхэмжлэгч: Д.Т

Нэхэмжлэгч: ИХН

Хариуцагч: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо

 

Нэхэмжлэлийн шаардлага: ИХН-ын нэр дэвшигч Д овогтой Т-ийг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгах” тухай;

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Т ийн өмгөөлөгч Э.Ж,

Нэхэмжлэгч ИХН ын өмгөөлөгч Х.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н,

Иргэдийн төлөөлөгч Ж.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 221/2024/0032/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ИХН  болон Д.Т  нараас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулж “ИХН ын нэр дэвшигч Д овогтой Т-ийг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч ИХН  болон Д.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:

2.1. Миний бие Д овогтой Т нь ИХН ын гишүүн бөгөөд Намын Иргэний бага чуулганы 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигчээр өрсөлдөхөөр сонгогдсон билээ. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан миний зүгээс нэр дэвшигчид тавигдах шаардлагыг бүрэн хангаж, үүнийг намын зүгээс Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас тодруулга авч, нэр дэвшихэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд хүргүүлсэн. Харин миний бие тодорхой шалтгааны улмаас сонгуульд оролцох боломжгүй хэмээн үзэж, Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1-р тойргийн нэр дэвшигчээс сайн дураар татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай намын Бага чуулганы гишүүдийн уулзалт болоход Монгол Улсын цаашдын эрх ашиг, намын үндсэн бодлого зэргээс шалтгаалан миний амьдралын туулсан зам мөр, туршлага зэрэг нь сонгуульд өрсөлдөхөд шаардлагатай байна хэмээн үзсэн учраас нэр дэвшигчээс сайн дураар татгалзах хүсэлтээс яаралтай татгалзах хэрэгтэй хэмээн үзсэн.

2.2. Ингээд 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ИХН аас Сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигчээс сайн дураар татгалзах талаар гаргасан хүсэлтээс татгалзаж, нэр дэвшигчээр бүртгэж өгөхийг хүссэн өргөдлийг бичгээр гаргасан. Дээрх хүсэлтийг гаргасан шалтгаан нь Сонгуулийн ерөнхий хорооноос намууд болон бие даан нэр дэвшигчдийн хүсэлтийг шийдвэрлэж, тогтоол гаргах хугацаа нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байсан тул энэхүү хугацаа болохоос өмнө амжиж гаргасан юм. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо нь намайг ИХН аас Сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг гаргаагүй, бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг гаргаад байна. Манай ИХН  нь 2007 онд байгуулагдаж, Улсын Дээд Шүүхээс 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрчилгээ авсан билээ. Манай намын зүгээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд 126 нэр дэвшигчийг өрсөлдүүлэхээр Намын Иргэний бага чуулганы 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

2.3. Сонгуулийн ерөнхий хорооноос 05 дугаар сарын 30-ны өдөр Манай намын нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэсэн байдлын мэдээг гаргасан бөгөөд уг мэдээнд 1 хүнийг өөрөө хүсэлтээ гарган татгалзсан болохыг мэдсэн. Манай намын гишүүн Д овогтой Т-ийн Сонгуульд өрсөлдөх эрх, ашиг сонирхлыг зөрчигдөж, үүнээс болж манай нам Сонгуульд бүрэн бүрэлдэхүүнээр өрсөлдөх эрхийг ноцтойгоор зөрчсөн тул манай намын гишүүний нэхэмжлэлийг дэмжин хамтран нэхэмжлэл гаргаж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 1-р тойрогт ИХН-аас  Д овогтой Т намайг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Ж-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосон үйл баримт байдаггүй. Сонгуулийн ерөнхий хороо татгалзаж байгаа хүсэлтийг нь авдаг боловч уг хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг нь авдаггүй. Магадгүй хэрэв Сонгуулийн ерөнхий хороо 05 дугаар сарын 30-ны өдөр татгалзаж байгаа бол өмнө нь мэдэгдэх ёстой. Мөн 05 дугаар сарын 30-ны өдөр, 06 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлэсэн үйл баримт байдаггүй. Хариуг 06 дугаар сарын 05-ны өдөр өгөхдөө намд өгсөн. 05 дугаар сарын 30-ны өдрийн мэдээгээр 117-г бүртгэж, үлдсэн 9 хүнийг бүртгээгүй гэдэг. Бүртгээгүй татгалзсан гэж ойлгож байгаа. Бид гаргаж байгаа мэдээ, шийдвэр дээр тулгуурлаж байгаа. Д.Т ийн зүгээс 06 дугаар сарын 02-ны өдөр гаргаж буй зөрчлөө арилгах боломж байсан. Үүний дагуу 06 дугаар сарын 01-ний өдөр зөрчлөө арилгаж, хүсэлтээ илэрхийлсэн. Мөн нам ч илэрхийлсэн. Энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж бидний зүгээс үзэж байна. 06 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтийг ч хүлээн авна. Хэрэв боломжгүй бол тэрийгээ хэлэх ёстой. Аль аль тал хүсэлтээ илэрхийлчихсэн байхад Сонгуулийн ерөнхий хороо эс үйлдэхүй гаргасан. Энэхүү эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгөхийг хүсэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас бүрдүүлж өгсөн баримтууд хуулийн шаардлага хангагдсан гэж ойлголоо. Энэ тохиолдолд бүртгэл хийгдэнэ. Хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйгээс болж бүртгэгдээгүй учир бүртгэж, үнэмлэх олгохыг даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Б-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх, дахин дэвшүүлэх гэсэн 3 ойлголт байдаг. Тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. 06 дугаар сарын 01-ний өдөр тухайн асуудлыг шийдвэрлэсэн бол иргэн Д.Т  гомдол гаргахгүй байж болох байсан. Хариуцагчийн тайлбарласанчлан ямар нэг шийдвэр гаргахгүй гэдэг нь эс үйлдэхүй юм. Уг эс үйлдэхүй нь хууль бус. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

5.1. ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор хуульд заасан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуульчилсны дагуу ИХН аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч нарын, үүний дотор нэхэмжлэгч Д.Т ийн материалыг хамт ирүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авсан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.11-д зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргахаар хуульчилсан. Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар нэр дэвшигчдийн бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэхээс өмнө Д.Т  Сонгуулийн ерөнхий хороонд хандан “...хувийн шалтгаанаар буюу биеийн эрүүл мэндийн шалтгаанаар сонгуульд өрсөлдөх боломжгүй байх тул би нэр дэвшихээс татгалзаж байна, иймд хасч өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан.

5.2. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.11-д заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно. Харин Сонгуулийн ерөнхий хороонд Д.Т ийг бүртгүүлэх агуулга бүхий ИХН аас 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр мөн өдрийн Д.Т ийн хүсэлтийг хавсарган ирүүлсэн байдаг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэр дэвшигч нас барсан эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно. Иймд нэхэмжлэгч Д.Т ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

6. Иргэдийн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүний эрхийн асуудал. Буруу зүйл алга. Нэхэмжлэгчийг дэмжээсэй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх маргааныг тусгай журмаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Маргаан бүхий үйл баримтын талаар:

1.1. ИХН ын Иргэний бага чуулганы 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх тухай” 62 дугаар тогтоолоор Д-ын Т-ийг Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 1-р тойрогт ИХН аас 6-р нэр дэвшигчээр баталж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр холбогдох материалуудыг хавсаргаж хүргүүлсэн байна.

1.2. Тус намаас нэр дэвшигч Д.Т  нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хандаж “...хувийн шалтгаанаар буюу биеийн эрүүл мэндийн шалтгаанаар сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа тул намайг Улсын Их Хурлын сонгуульд 1-р тойргийн нэр дэвшигчээс татгалзсан тул хасаж өгнө үү” гэсэн өргөдөл гаргажээ.

1.3. Дээрх өргөдлийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо Д.Т ийг Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 1-р тойрогт ИХН аас 6-р нэр дэвшигчээс хасаж, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 96 дугаар тогтоолоор ИХН аас Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн 117 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэжээ.

1.4. Энэ талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо “Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэсэн байдал” /2024.05.30/ гэдэгт “өөрөө хүсэлтээ гаргаж татгалзсан” гэж олон нийтэд мэдээлэгдсэн байна.

1.5. Гэтэл дээрх шийдвэр гарснаас хойш 06 дугаар сарын 01-ний өдөр Д.Т ээс “... СЕХ-д өмнө өгсөн өргөдлөө буцаан татахыг хүсэж байна. Иймд хуулийн хүрээнд боломж гаргалгаа байвал энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэж, мөн өдөр ИХН аас “Нэр дэвшигчийг бүртгүүлэх тухай” №24/01/35 тоот албан бичгээр “...05 дугаар сары 30-ны өдрийн хүсэлтээ өөрийн хүсэлтээр буцаан татах шийдвэрийг гаргасан. ...Д овогтой Т-ийг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу ИХН ын Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэж өгнө үү. ... нэр дэвшигчийн Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан өмнөх хүсэлтээ татах өргөдлийг хавсралтаар хүргүүлж байгааг хүлээн авна уу” гэсэн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №3/45* албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

1.6. Сонгуулийн ерөнхий хорооны дээрх албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч нараас ИХН ын нэр дэвшигч Д.Т ийг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргажээ.

Хоёр. Хууль хэрэглээний талаар:

 

2.1. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо мөн.”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.”, 12.3-т “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.” гэсэн хуулийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж ИХН ын Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийг бүртгэх асуудлаар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 96 дугаар тогтоол гаргасан нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 32 дугаар зүйлийн 32.11-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэсэн заалттай нийцсэн байна.

2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн хориннэгдүгээр зүйлийн 4-т “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх нийтлэг журмыг зохицуулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.” гэж зааснаар Монгол Улсын иргэн нэхэмжлэгч Д.Т ийг ИХН аас Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшигчээр баталсан тогтоол болон материалыг хуулийн хугацаанд хүргүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нэр дэвшигчээр бүртгэх боломжоор

2.3. Нэхэмжлэгч Д.Т  нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нэр дэвшигчийн зөвшөөрөл гаргаж байсан бол харин 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд хандан ИХН ын Иргэний бага чуулганы 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан Д-ын Т-ийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 1-р тойрогт ИХН аас 6-р нэр дэвшигчээс татгалзсан өргөдөл гаргасан, нэр дэвшигчдийг батлах Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас нэрээ хасуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Т ийн өргөдөл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

2.4. Нэгэнт нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн өргөдөл гарган ИХН ын нэр дэвшүүлэх 2024 оны 62 дугаар тогтоолоор баталсан нэр дэвшигчээс татгалзаж, нэр дэвшигчийг батлах хуралдаанаас нэрээ хасуулсан тул Д.Т ийг Сонгуулийн ерөнхий хороо “нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй” гаргасан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

2.5. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.” гэж зааснаар сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн намууд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Т ийг сонгуульд оролцохоор бүртгүүлсэн ИХН ын Иргэний бага чуулганы 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээс татгалзаж, хасуулсны дараа дахин нэр дэвшүүлэхээр 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 24/01/35 бичгээр хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.6. Сонгуулийн ерөнхий хороо нь ИХН аас ирүүлсэн баримтуудыг хүлээн авч дээрх хуульд заасан хугацаанд буюу долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэж тогтоол гаргасан байхад дээрх хуульд заасан хугацаа дууссанаас хойш бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүйн дээр дахин ИХН ын хүсэлтээр нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох хуулийн зохицуулалт байхгүй.

2.7. Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар нэр дэвшигч өөрөө нэр дэвшихээс татгалзсан, хасуулсан тохиолдолд дахин нэр дэвшүүлж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох үүргийг Сонгуулийн ерөнхий хороо хуулиар хүлээгээгүй байна.

2.8. Иймд иргэдийн төлөөлөгчийн “Хүний эрхийн асуудал. Буруу зүйл алга. Нэхэмжлэгчийг дэмжээсэй” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

3. Дээрх хуульд заасан үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хороо хууль бус эс үйлдэхүй гаргаагүй болох нь тогтоогдсон, тус намаас Улсын Их Хуралд нэр дэвшүүлсэн тогтоолоос нэр дэвшигч өөрөө татгалзсан, Д.Т ийг дахин дэвшүүлсэн тогтоол гаргаагүй зэргээс үзвэл, нэхэмжлэгч ИХН  болон Д.Т  нарын Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т  болон ИХН аас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “ИХН-ын нэр дэвшигч Д овогтой Т-ийг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

           ШҮҮГЧ                                                                          З.ГАНЗОРИГ

           ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН