Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 02

 

 

 

 

2019 оны 01 сарын 22-ны өдөр        дугаар 2019/ДШМ/02                      Баруун-Урт

 

Д.Бод холбогдох эрүүгийн 

хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг  даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар

шүүгдэгч Д.Б

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуянгийн  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Бод холбогдох  1830002760209 дугаартай эрүүгийн  хэргийг  2018 оны  12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Монгол Улсын иргэн, 1961 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 13-11 /11-12/  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймгийн шүүхийн 1987  оны 08 дугаар сарын 11-ний 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгүүлсэн, Д.Б /  РД:УЖ61090314/

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 09-өөс 09 дүгээр сарын 07-ныг хүртэлх хугацаанд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Я.Пг  5 удаагийн үйлдлээр харгис хэрцгий харьцан догшин  авирлан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

  эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Быг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

              

эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

                 

эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

  ялтан Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Я.П нэхэмжлэх зүйлгүй,гомдолгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: Д.Бын үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн зүйчлэлийн хувьд хөнгөн  гэмт хэрэг учир түүнд хорих ял оногдуулалгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Д.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, эрүүл мэндийн хувьд 70 хувийн группэд байдаг зэрэг нь оногдуулсан ялыг тэнсэх нөхцөл болно гэж үзэж байна гэв.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Д.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Я.Пг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэртээ хоолойг нь боох, өшиглөх, шанаадах зэргээр зодож, ална гэж заналхийлсэн, 

мөн оны 06 дугаар сарын 03-ны орой эхнэр Я.Пгийн хоолойг боож зодсон , 

мөн оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос  аймгийн төв хүртэл нийтийн тээврийн шуудан буюу автобусаар зорчиж явахдаа хажуудаа сууж явсан эхнэр Я.Пг баруун тохойгоороо зүүн хавирга руу удаа дараа цохиж буух хүртлээ үргэлжлүүлсэн, 

мөн  оны  09 дүгээр сарын 03-ны шөнө орондоо хамт  хэвтэж байхдаа эхнэр Я.Пг “ чи хаана, хэнийд  хоносон, хэнтэй явалдсан, “ гэж хардан үснээс нь зулгааж, цамцаар нь хоолойг  боох, чимхэж зодсон, мөн түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүү Б.Мын суганаас хазаж, нүд рүү нь гараа /хуруу/ хийж эсэргүүцсэн, гэр бүлийн гишүүд болох эхнэр Я.П, хүү МО, Б.М, охин О нарыг унтуулахгүй хэрүүл маргаан үүсгэсэн, 

мөн  оны 09 дүгээр сарын 07-ны орой эхнэр Я.Пг утсаар залгасан хүнтэй хардан хамраас нь цус гаргаж, хоолой хазах, цээж чимхэх, баруун хөлийн шилбэний дотор хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

- Хохирогч Я.Пгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би өөрийн нөхөр Д.Бтой амьдраад 35 жил болж байна.  Бид 2 зургаан хүүхэдтэй. 2016 оноос нөхөр Бын ааш зан өөрчлөгдөж, намайг үндэслэлгүйгээр хардаж сэрдээд байнга дарамталж зодож, цохидог болсон. 2018 оны 06 дугаар сард намайг хардалтын улмаас гэртээ зодож биед гэмтэл учруулсан. 2018 оны 07 дугаар сарын 26-нд шуудангаар ирэхдээ намайг  хардаж баруун тохойгоороо  зүүн хавирга руу цохисон. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө хэвтэж байснаа хардан үснээс нь зулгааж, цамцаар  миний хоолойг  боож, чимхэж зодоход хүү  Б.М “та ээжийг унтуулахгүй, яагаад зодоод байгаа юм “ гэхэд хүүгийнхээ суганаас хазаж, нүд рүү нь гараа хийж эсэргүүцсэн, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой гэртээ байж байтал утасны дугаар бичсэн цаас гаргаж ирээд мэдэхгүй гэтэл намайг зодож  хамраас цус гарсан,   мөн унтаж байхад сэрээгээд хардаж, уурлан хоолой хазаж, цээж чимхэж, үснээс зулгааж, унтуулж амраахгүй шөнөжин дарамталсан. Тэгээд 10 хоног хамгаалах байранд хүү Б.Мын хамт байсан” гэх  /хх-5-7х/,

- Насанд хүрээгүй  гэрч Б.Мын  мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой нь манай ээжийг цагаан өнгийн таксины жолоочтой явалдсан гэж байсан.  Би 00-д байсан гэтэл  манай ангийн Сумъяагарав гүйж ирээд “ээжийг чинь аллаа” гэж хэлсэн намайг гүйгээд очиход ээжийн толгой руу цохиод зодоод байхаар нь цагдаа дуудсан.  Шуудангаар ирэх замдаа аав ээжийн хавирга руу цохиод байсан. Манай ээж шөнө орондоо чанга  орилоод байхаар нь манай эгч О босоод гэрлээ асаахад ээж босоод ирсэн. Эгч ээжийг өмөөрөөд үг хэлэхэд  хараагаад загнаад байсан. Аав ээж рүү дайрахаар нь би түлхтэл аав миний суганы доод хэсгээс хазсан. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны  орой 21 цагийн орчим аав Б утасны дугаар бичсэн цаас гаргаж ирээд тэр дугаар руу залгуулж таксины жолооч мөн үү гэж асуулгаж байсан. Гадаа байж байгаад  цуг орж ирэхдээ ээжийн хамраас цус гарсан байсан” гэх /хх-13-14х/ мэдүүлгүүд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 497 дугаар  “Я.Пгийн биед 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баруун хөлийн  шилбэний дотор хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл нь  эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх- 20х/, 

- Мөрдөгчийн аюулын зэрэг тогтоосон үнэлгээ /хх-34-36х/

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  05 дугаар сарын 16, 07 дугаар сарын 05-ны өдрийн 71, 102 дугаар шийтгэвэр /хх-46-47х/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Мөн тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд нотолгооны зүйл болох нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх  явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хасах буюу хязгаарлаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин  шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр  гаргахад сөргөөр нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаа  гэдэгт гэр  бүлийн гишүүдийн харилцааг ойлгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.4 дүгээр зүйлийн 1.4, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэдэгт  гэрлэгчид /гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэр/, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн хүүхэд орохоор тус тус хуульчилжээ. Мөн Гэр бүлийн хүчирхийлэл гэж  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд  энэ хуулийн үйлчлэлд  хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж  гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг  тус тус ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Д.Б нь дээрх хуулиудад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу гэр бүлийн гишүүд /эхнэр, хүүхдүүд/-тэй харгис хэрцгий харьцах буюу сэтгэл санаанд дарамт учруулах, догшин авирлаж буюу бие махбодид нь  байнга халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн байна. Тодруулбал шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзэн шүүгдэгч Д.Б нь эхнэрээ  зодсон үйлдлээр 2 удаа баривчлах шийтгэл хүлээсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн  болох эхнэр Я.Пг  хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэх,  “ална” гэж заналхийлэх, унтаж амраахгүй байлгах зэргээр сэтгэл санааны дарамт учруулах, үснээс нь зулгаах, хоолойг хазаж боох, шанаадах, цээжний  арьсыг нь чимхэх, хамар,  шилбэ, хавирга руу нь  цохих, өшиглөх, байнга зодох зэргээр бие махбодид нь халдаж,  харгис хэрцгий харьцаж догшин авирласан, гэр бүлийн гишүүн болох хүү МО, Б.М, охин О нарыг унтаж амраахгүй хэрүүл маргаан үүсгэх зэргээр  гэр бүлийн гишүүдийн  сэтгэл санаанд  дарамт  учруулах, хүү Б.Мын бие махбодид нь халдсан үйл баримтууд тогтоогдож, энэ нь эрүүгийн  хуулийн тусгай ангид заасан   гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн эрх зүйн дүгнэлтийг  хийсэн нь үндэслэл бүхий байна .

Шүүгдэгч Д.Б оногдуулсан хорих ял нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо насанд хүрсэн гэрч Ог насанд хүрээгүй гэж,   2018 оны 09 дүгээр сарын 07-нд үйлдэгдсэн гэмт хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-нд гэж тус тус  буруу бичсэнийг  зөвтгөж,  түүнээс гадна  “хохирогч буруутай байсан нь ч шүүгдэгчийн эхнэрээ зодсон үйлдлийг хүлээн зөвшөөрөх, зөвтгөх үндэслэл болохгүй юм” гэсэн ойлгомжгүй дүгнэлтдээ цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  

энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг.  Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж    заалдах   гомдлыг   хэрэгсэхгүй  болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

 

Хоёр. Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав.  Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНТУНГАЛАГ 

 

   ШҮҮГЧИД         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                   О.БААТАРСҮХ