Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01028

 

2021           09            14                                          001/ХТ2021/01028

 

 

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02905 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2130 дугаар магадлалтай,

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“.........” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 5,996,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.........” ХХК нь 2018.11.13 өдөр манай компанитай бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулан барааг худалдаж авч байсан бөгөөд манай байгууллага гэрээний үүргийн дагуу захиалсан бүтээгдэхүүнийг цаг тухайд нь нийлүүлж байсан. Гэтэл “.........” ХХК нь гэрээний үүрэг болох төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй. Манай байгууллагын нягтлан бодогч Б.Батчимэг “.........” ХХК-ийн захирал болон нягтлан бодогч М.Гансүрэн, Тунгалагтуяа нартай тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийн талаар баталгаа үйлдсэн болно. Иймд “.........” ХХК-наас гэрээний төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 5,996,175 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02905 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч “.........” ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 5 996 175 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.........” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 110 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2130 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02905 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “232.7” гэснийг “232.6” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа хяналтын гомдолдоо: Шийдвэрээр, магадлалаар тус тус хянан шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхийг ИХШХШТХ-ын 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасныг үндэслэн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байгаа болно. Үүнд: 1.Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний биед нэхэмжлэлийн хувийг гардуулснаас хойш хуульд заасан хариу тайлбар гаргах хугацаа буюу 14 хоногийн хугацааг зөрчин шүүх хуралдааныг товлон зарласан. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзсэн боловч “ноцтой” зөрчил биш гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөө хэлбэл ИХШХШТХ-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тусгайлан тусгаж өгсөн байх бөгөөд, эдгээр журмуудаас аль хэсгийг зөрчвөл “ноцтой” эсхүл “ноцтой биш” байх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байна. Мөн хуулийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэл нь тухайн ажиллагаанд гарсан бүхий л зөрчлийг хамруулахаар байх бөгөөд ноцтой гэсэн агуулгыг тодотгоогүй байх тул шийдвэр, магадлал “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх хуулийн зохицуулалтыг хангаагүй байна. 2. Дээр дурьдсаны дагуу хариу тайлбар гаргах хуульд заасан хугацаа дуусаагүй байхад шүүх хуралдаан зарласан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүхээс уг хүсэлтийг хангасан боловч хурлын товыг 3 өдрийн дараа зарласан нь хариуцагчид өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжит хугацаа олгоогүй болно. 3. Гомдлын 2-р хэсэгт дурьдсанчлан миний сонгон авсан өмгөөлөгч нь 3 өдрийн дараа товлогдсон шүүх хуралдаанд “шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр” оролцох боломжгүй, түүнчлэн миний бие өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул дээрх иргэний хэргийн шүүх хуралдаанд зайлшгүй биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэн анхан шатны шүүхэд хүсэлт хүргүүлсэн боловч шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, ойлгомжгүй шийдвэр болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “гаргасан зөрчлөө арилгасан байна” гэж зөвтгөн дүгнэсэнд бид гомдолтой байна. Хэдийгээр хариуцагчийн зүгээс хариу тайлбар гаргаж, хэргийн үйл баримтын талаар маргаагүй боловч, энэ нь шүүхээс тийнхүү маргах боломжийг хязгаарласан, эрх зүйн туслалцаа авах боломжит хугацаа олгоогүй зэрэгтэй шууд холбоотой болно. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “.........” ХХК, хариуцагч “.........” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,996,175 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн үүрэг, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагчийн биелүүлээгүй үүрэг, нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу эрх зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хуулийг алдаатай бичсэн зөрчлийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаагүй, зөрчөөгүй байна.

Талуудын хооронд 2018.11.13-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, тооцоо нийлсэн баримтаар хариуцагч нь 3,997,450 төгрөгийг төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээний 3.5-д зааснаар алданги 1,998,725 төгрөгийг тус тус  гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна.” гэж заасан байхад шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраад 2019.10.08-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, 10 сарын 15-ны өдөр буюу 13 хоногийн дараа тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн нь зөрчил мөн боловч үүнээс хамаараад хариуцагчийн тайлбар, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрх зөрчигдөөгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019.10.30-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, хуралдааныг хойшлуулсан, 2019.11.01-ний өдрийн шүүх хуралдааныг эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан боловч эмнэлгийн магадлагаа шаардлага хангаагүй, хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2130 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 110,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                  Б.МӨНХТУЯА

 

                                                                                                  Г.ЦАГААНЦООЖ