| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0196/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/209 |
| Огноо | 2022-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг
Улсын яллагч: Ж.Энхбат
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар: ,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний шилжих шөнө 03 цагийн орчим Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багт байх гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн бугалга, дал, баруун гуяны цус хуралт, баруун бугалганы зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
... Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэм буруугаа хүлээнзөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:
“...Шөнийн 03 цагийн үед нөхөр Н.******* гэртээ их согтсон байдалтай морьтойгоо гэрийн гадна ирээд орилоод намайг дуудахаар нь би гараад морийг нь барьж байгаад мориноос нь буулгатал надаас хэрүүл гуйгаад гараараа шууд нүүр орчимд нэг удаа цохиод “морь чөдөрлө” гэхээр нь би шууд гэр рүү орсон. Тэгтэл өөрөө морио уячихаад араас орж ирээд намайг хэл амаар доромжлоод чи манай дүү нарыг хүндэлдэггүй, намайг хүн гэж тоодоггүй, янхан гэх зэргээр хэрүүл гуйгаад доромжлоод байсан. Энэ хоорондоо хутгаа хайгаад байсан. Би ирэхээс нь өмнө хутгыг нь нуусан байсан. Энэ хооронд бага насны эмэгтэй дүү нь ахыгаа боль гэж хэлж гуйгаад үгэнд нь ороогүй. Тэгээд гартаа гар утсаа барьчихсан, тэр гараараа миний нуруу, толгой хэсэгт нэлээд хэдэн удаа цохисон миний хамраас цус гоожиж би гэрээс гарч зугтахад араас гарч ирээд намайг ална гэх зэргээр орилж жижиг хоолны саваар толгой нуруу, цээж хэсэгт олон удаа цохисон. Мөн би морины эмээлийг нь авах гээд зогсож байх үед чөдрөөр хэд хэдэн удаа ороолгосон. Би нөхөртөө зодуулж байсан талаараа нөхрийнхөө аав, ээжид нь хэлж байсан, цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 06 дугаар сарын 01-ний өглөөний 06 цагийн орчим манайд ирээд нөхөртөө зодуулчихлаа эмнэлэг цагдаа дуудмаар байна, мөн ээжтэйгээ яримаар байна гээд манай утсаар ээж рүүгээ болон хадам аавтайгаа ярьж байсан. Гэтэл удалгүй сумын эмнэлгийн машин болон цагдаа нар ирж байсан. Толгой нь хагарсан бололтой цус нэлээн гарсан, нүүр хэсэг нь нэлээд цус гоожсон, толгой эргээд байна гэж байсан. Гарын булчин, мөр хэсгээр нэлээд хөхөрч няцарсан байдалтай байсан. Манайд ирээд манай нөхөр архи ууж ирчихээд намайг зодчихлоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 423 дугаартай
1.2. ийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн бугалга, дал, баруун гуяны цус хуралт, баруун бугалганы зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн бугалга гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх бусад дал, баруун гуяны цус хуралт, баруун бугалганы зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно.
4.Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас/,
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-ийн 01/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 05-07/, эмчлүүлэгчийн карт /хх-ийн 48-56/, эрүүгийн хариуцлага хүлээ байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн79/, аюул зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 87-92/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал үнэлгээний маягт /хх-ийн 93-104/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 105/, депозит дансны хуулганууд /хх-ийн 106-109/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний шилжих шөнө 03 цагийн орчим Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багт байх гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн бугалга, дал, баруун гуяны цус хуралт, баруун бугалганы зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 73-74 /, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 26-28/, гэрч *******гийн мэдүүлэг / хх-ийн 40-41/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 423 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-61/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн бугалга, дал, баруун гуяны цус хуралт, баруун бугалганы зулгаралт, цус хуралт гэмтэл учруулсан ... гэх дүгнэлт /хх-ийн 58-61/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч ******* нь шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Samsung маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, чөдөр 1 ширхэг, төмөр хоолны сав 1 ширхэгийг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй..
5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Samsung маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, чөдөр 1 ширхэг, төмөр хоолны сав 1 ширхэгийг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА