Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар       2022/ШЦТ/950

 

 

 

 

 

 

  2022         12          06                                   2022/ШЦТ/950

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Чинзориг, шүүгдэгч О.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Тд холбогдох эрүүгийн “2203 00601 0576” дугаартай, 186/2022/0898/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, ххх оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “хххх  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Т/,

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч О.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн зүүн хойд уулзвар дээр “Тоёота Приүс” маркийн 14-02 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалт “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “КТМ Duke-390” маркийн 13-90 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөн улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн нэмж  мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бгийн: Би 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд “КТМ Duke-390" маркийн               13-90 УРА улсын дугаартай мотоциклтой Их дэлгүүрийн хойд талын уулзвараар хойноосоо урагшаа чиглэлд ганцаараа явж байтал гэнэт зүүн гар талаас хар өнгийн “Тоёота Приүс-30” маркийн 14-02 УНЭ улсын дугаартай автомашин ороод ирсэн. Би хараад тоормос гишгэсэн. Энэ үед машин бас тоормос гишгээд зогссон. Тэгэхээр явсан, машин бас явсан, тэгээд мөргөлдсөн. Бид 2 эхлээд бие биедээ зам тавьж өгсөн. Тэгээд зэрэг хөдлөөд мөргөлдсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,

         2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Бийн: Б.Бгийн унаж явсан “КТМ” мотоцикл нь миний өөрийн нэр дээр байдаг боловч манай ах, дүү нар хоорондоо унаж ашигладаг мотоцикл. Тухайн үед журмын хашаанаас гаргаж аваад “Тоёота Приүс” маркийн автомашины жолооч О.Т нь 2.000.000 төгрөг өгөөд тэр мөнгөөр нь янзлуулаад зарсан. Мотоциклтой холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар тал/,

           2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны  өдрийн 13923 дугаартай дүгнэлтэд:

           1. Б.Бгийн биед зүүн талын 5, 6, 7, 12 дугаар хавирганы хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэжээ. /хх-ийн 33-34 дүгээр тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 154 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 74 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022  оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13923 дугаар дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр тал/, шүүгдэгч шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, шүүхээс хохирогч болон иргэний нэхэмжлэгчтэй  утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлалаа.

3.2.Шүүгдэгч хавтаст хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч О.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн зүүн хойд уулзвар дээр “Тоёота Приүс” маркийн 14-02 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалт “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “КТМ Duke-390” маркийн 13-90 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөн улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           - хохирогч Б.Бгийн: би 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд “КТМ Duke-390" маркийн 13-90 УРА улсын дугаартай мотоциклтой Их дэлгүүрийн хойд талын уулзвараар хойноосоо урагшаа чиглэлд ганцаараа явж байтал гэнэт зүүн гар талаас хар өнгийн “Тоёота Приүс-30” маркийн 14-02УНЭ улсын дугаартай автомашин ороод ирсэн. Би хараад тоормос гишгэсэн. Энэ үед машин бас тоормос гишгээд зогссон. Тэгэхээр явсан, машин бас явсан, тэгээд мөргөлдсөн. Бид 2 эхлээд бие биедээ зам тавьж өгсөн. Тэгээд зэрэг хөдлөөд мөргөлдсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны  өдрийн 13923 дугаартай дүгнэлт. /хх-ийн 33-34 дүгээр тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, О.Тгийн гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Т нь “ жолооч уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн, өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж, хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна. 

           Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Тг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй, байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

           Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

            Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

         Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

           Шүүхээс шүүгдэгч О.Тг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

           Хохирогч Б.Б нь шүүгдэгч О.Ттэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүгдэгч О.Т нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй, байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           5. Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ