Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,    

            Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Б.Хүрэлбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайн Харгис овгийн Батбаярын Хүрэлбатад холбогдох 2224000000095 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .............. дугаар сарын .........д ........... аймгийн ........ сумд төрсөн, ......... настай, ........эй, ..............д боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .......... аймгийн .........сумын ........... багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Сайн Харгис овгийн Батбаярын Хүрэлбат. /Регистрийн дугаар: ..............5/

 Шүүгдэгч Б.Хүрэлбат нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутаг Навтгарын өвөр гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас П.Батдоржтой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний салстын цус хуралт, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацар шанаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Б.Хүрэлбатыг өөрийг нь цохиж гэмтэл учруулсныг шууд тусган мэдүүлсэн хохирогч П.Батдоржийн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад Майханы өвөр гэх газарт хонио хариулаад явж байтал М.Батчулуун ах над дээр ирсэн. Бид хоёрыг уулзаад байж байтал Б.Хүрэлбат мотоциклтой ирсэн. Тэр үед би мотоциклоосоо буугаагүй сууж байсан бөгөөд Б.Хүрэлбат миний мотоциклын урдаас дугуйгаа тулгаад зогсоод..., Б.Хүрэлбат танай адуунд байсан манай байдсан гүүг хаашаа  хийчихсэн юм бэ, хэзээ төлж өгөх гээд байна, та төлж өгнө гэж аавд хэлсэн байна лээ гэж хэлэхээр нь би өөрөө аваагүй, хулгай хийгээгүй, төлж өгнө гэж хэлээгүй, аавтай чинь тийм юм яриагүй гэж хэлтэл Б.Хүрэлбат мотоциклоосоо бууж ирээд намайг цохиод авсан. Б.Хүрэлбат намайг цохиход би газар буучихсан сууж байсан. Тэгээд намайг цохиод зодох гээд дайраад байсан. Тэр үед М.Батчулуун ах салгаад Б.Хүрэлбат бид хоёр газар суутал дахин босож ирээд миний цээж хэсэгт өшиглөсөн. Гэтэл дахин М.Батчулуун ах салгаад намайг яв гээд би гэрлүүгээ явсан. Б.Хүрэлбат зүүн гараараа миний зүүн нүд шанаа хэсэгт 2-3 удаа цохиж дараа нь цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Б.Хүрэлбат зүүн гараараа миний зүүн талын нүд шанаа хэсэгт 2-3 удаа цохисон. Дараа нь цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Б.Хүрэлбат миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг надад өгсөн. Бид хоёр одоо эвлэрсэн. Иймд Б.Хүрэлбатад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 25-р тал/,

Гэрч М.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн үед П.Батдоржтой Асгат сумын Майхан гэдэг нэртэй газар хонь хариулж яваад уулзаад юм яриад сууж байтал Асгат сумын иргэн Б.Хүрэлбат гэдэг залуу бид хоёр дээр ирээд сайн байцгаана уу гэж хэлээд мотоциклоосоо бууж ирээд П.Батдоржийг би таныг ахаа гэж хүндэлдэг байсан, та яаж новшроод байгаа юм бэ гээд бариад авахаар нь би боль гээд хэлсэн чинь Б.Хүрэлбат П.Батдоржийг гараараа цохисон. Би очиж түүнийг салгаж суулгаад байж байтал Б.Хүрэлбат дахин босож ирээд хөлөөрөө П.Батдоржийг өшиглөсөн. Би дахиж түүнийг салгаад Б.Хүрэлбатыг яагаад ингээд байгаа юм бэ?, хүн зодохоо боль гэж хэлсэн чинь үгэнд орохгүй чамд хамаагүй, чи хойшоо бай гээд байхаар нь П.Батдоржийг гэр лүү нь явуулаад дараа нь Б.Хүрэлбатыг явуулчхаад өөрөө хонио харах гээд явсан. П.Батдорж архи уугаагүй байсан, бид хоёр хонь хариулж яваад дөнгөж таараад юм яриад сууж байсан. Б.Хүрэлбат архи уусан байсан бөгөөд өөрийгөө авч явах чадвартай байсан. Миний бодлоор П.Батдоржийн адуунд нэг адуу байсан, тэр нь алга болчхоод тэгээд уурлаад байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

Гэрч Б.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр П.Батдорж хонио хариулаад явж байтал Б.Хүрэлбат намайг зодчихлоо, М.Батчулуун ах харин салгаж явууллаа гээд 14 цагийн үед гэртээ хүрээд ирсэн. Тэгэхээр нь би яагаад чамайг зодож байгаа юм бэ, юунаас болоод тэгсэн юм бэ гэж асуухад манай адуунд нэг байдсан гүү байсан, тэрийг алга болгоод хаячлаа, яасан новшийн пизда вэ гээд зодчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Сэргэлэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн П.Батдоржийн биед учирсан зүүн нүдний салстын цус хуралт, зүүн хацар шанаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,

Яллагдагч Б.Хүрэлбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Баатар, Төгсжаргал нартай нэг шил архи хувааж уугаад Төгсжаргал адуундаа яваад би өөрийнхөө хонийг Төгсжаргалын хоньтой хараад үлдсэн юм. Би өөрийнхөө хонийг эргүүлчхээд найзынхаа хонь руу явж байх замдаа П.Батдорж ахтай уулзсан. Уулзаад түүнээс адуунд нь байсан манай байдсан гүү байхгүй болсон талаар ярьж байгаад хоорондоо муудалцаад би түүний нүүр рүү хоёр удаа гараараа цохиод, нэг удаа цээж рүү нь өшиглөсөн. Бид хоёрыг муудалцаад зодолдож байхад М.Батчулуун ах хамт байж байгаад салгаж П.Батдорж ахыг гэр рүү нь явуулаад дараа нь намайг гэртээ харь гээд явуулсан. ...Би хүний биед хохирол учруулж зодсон үйлдэлдээ гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000000551 дугаартай: “...П.Батдоржийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн нүдний салстын цус хуралт, дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацар шанаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. П.Батдоржийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-р тал/, шүүгдэгч Б.Хүрэлбатын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэргийн нотлогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Хүрэлбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Б.Хүрэлбатын хохирогч П.Батдоржийн нүүрэн тус газарт нь цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Хүрэлбат нь хохирогч П.Батдоржийн нүүрэн тус газарт нь цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

 

Шүүгдэгч Б.Хүрэлбат нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хохирогч П.Батдоржийг цохиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд Б.Хүрэлбатыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч П.Батдоржийн “...Б.Хүрэлбат миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг надад өгсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Иймд Б.Хүрэлбатад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Хүрэлбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сайн Харгис овгийн Батбаярын Хүрэлбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбатыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбатад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Хүрэлбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хүрэлбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.ОТГОНХИШИГ