Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн О-лийн А-т холбогдох эрүүгийн 2224000000085 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .......... дугаар сарын ..........-нд ............. аймгийн ............ суманд төрсөн, ................ настай,..........., боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт .........н аймаг  ............сумын ............. багт байнга оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ...... овгийн О-ийн А. /Регистрийн дугаар: ........../

 Шүүгдэгч О.А нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн нутаг “Өвөр хөндий” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.7 метр куб түлшний мод бэлтгэж, ............ ЗАН улсын дугаартай “bongo” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, сумын ойн санд 300,742 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

1. Иргэний нэхэмжлэгч Х.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Завхан аймгийн Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан 300.742 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

2. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн нутаг “Өвөр хөндий” гэх газар гэртээ байж байтал О.А модонд явалцаад өгөөч гэхээр нь Хүүшийн давааны ойгоос О.А, Д.Э бид гурав О.А-ийн ----1 ЗАН улсын дугаартай “Бонго-3” маркийн машинаар 12 ширхэг босоо хуурай мод унагаад тэвш дүүрэн мод хийгээд буусан. ...О.А мод унагаагаад бид хоёр унагаасан модыг нь цагаалаад бөөгнүүлж ачсан. Барагцаагаар 12 ширхэг мод унагааж ачсан байх. ...Унагаасан босоо мод бүгд хуурай нарийхан моднууд байсан бөгөөд 1.5 метрээр тайрч машинд ачсан. ...О.А-ийн эзэмшлийн цагаан өнгийн моторт хөрөөгөөр моднуудыг бэлтгэсэн. Харин тухайн моднуудыг “Бонго-3” маркийн 0....... ЗАН улсын дугаартай автомашинаар ачиж тээвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

3. Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн нутаг “Өвөр хөндий” гэх газрын Хүүшийн давааны ойгоос О.А ах, Ш ах бид гурав О.А ахын ................ ЗАН улсын дугаартай “Бонго-3” маркийн машинаар дүүрэн мод хийгээд буусан. ...Би сайн мэдэхгүй байна Ш //, О.А ах нар мод унагаагаад намайг холдоорой гээд унагааж байсан унагааж тайрсан модыг бөөгнүүлж ачихад дандаа хуурай мод байсан. Миний барагцаагаар 10 гаруй мод унагаасан байх. ...О.А ахын эзэмшлийн цагаан өнгийн моторт хөрөөгөөр моднуудыг бэлтгэсэн. Харин тухайн моднуудыг “Бонго-3” маркийн ...... ЗАН улсын дугаартай автомашинаар ачиж тээвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,

4. Гэрч М.Б-ын “...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хэсгийн төлөөлөгч, байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.М бид гурав хяналт шалгалт хийгээд явж байхад Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн нутаг дэвсгэр “Өвөр хөндий” гэх газар иргэн О.А, Б.О /Ш гэж дууддаг/, Д.Э нар мод бэлтгэж автомашин дээр ачсан байсныг илрүүлсэн. ...Тухайн мод бэлтгэсэн газар өмнө нь шатсан талбай байсан. Моднууд бүгд хуурай босоо моднууд байсан. Тухайн иргэн мод бэлтгэх эрхийн бичиг огт аваагүй мод бэлтгэсэн байсан. Иргэн хүн ахуйн зориулалтаар унасан, хуурай, гишүү мөчир зэргийг түлшний болон ахуйн зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг авсны үндсэн дээр бэлтгэж болно. Тухайн газар нутаг ойн хоёрдугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,

5. Завхан аймгийн Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-54-р тал/,

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18р тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн нотлогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч О.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч О.А нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн нутаг “Өвөр хөндий” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.7 метр куб түлшний мод бэлтгэж, 01-41 ЗАН улсын дугаартай “bongo” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 300,742 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 300,742 төгрөг гэж үзнэ.

 

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч О.Адъяатөмөрийн ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 300,742 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 902,226 төгрөгөөр тогтоож төлүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 902,226 төгрөгийг шүүгдэгч нь 2022 оны 10 дугаар сарын 26 болон 31-ний өдрүүдэд төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 28, 71-р тал/-аар нотлогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлөх зохицуулалттай байхад шүүгдэгч  нь Завхан аймгийн Баянтэс сумын ЗДТГ, Төрийн сан гэсэн 100090200988 тоот дансанд төлсөн байх тул дээрх 100090200988 тоот дансанд төлсөн 902,226 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлж, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

            Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.    

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч О.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 2.7 метр куб хуурай шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч О.А-ийн эзэмшлийн Bongo” маркийн ..............ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг улсын орлого болгож, дээрх мод, тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө зэргийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5 дахь хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулахаар шийдвэрлэв. 

             

            Түүнчлэн О.А-ийн эзэмшлийн Bongo” маркийн 01-41 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг шинжээч Х.Сольхүү нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр 2006 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн, 2020 онд Монгол улсад орж ирсэн Бонго маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ Да хүрээ болон Facebook.mn, Vnegvi.mn, Hvree.mn сайтуудын мэдээллээр 15 сая төгрөгөөс дээш үнэ ханштай байх боловч тээврийн хэрэгслийн ашиглалтын байдлаас шалтгаалан 1,000,000 төгрөгөөр үнэлсэн гэсэн нь уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх бичилтээр 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн нэр дээр бүртгүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “ уг тээврийн хэрэгслийг худалдан авсан 2020 оноос хойш хөдөө орон нутагт унаж хэрэглэсэн, нилээд эвдрэл гэмтэлтэй, ашиглалт муу, хуучирсан байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн О-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол, төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 2.7 метр куб хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Bongo” маркийн 01-41 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, дээрх мод, тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөөг борлуулсны орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

8. Шүүгдэгч О.А нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 300,742 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 902,226 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2022 оны 10 дугаар сарын 25, 31-ний өдөр Завхан аймгийн Баянтэс сумын төрийн сангийн 100090200988 тоот дансанд төлсөн 902,226 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Адъяатөмөрийн эзэмшлийн “Bongo” маркийн 01-41 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хууль бусаар бэлтгэсэн 2.7 метр куб хуурай модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.ОТГОНХИШИГ