Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овгийн ******* *******т холбогдох эрүүгийн 2224000000062  дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,______ оны ______ дүгээр сарын ___-нд ______ аймгийн _________ суманд төрсөн, ___________ настай, ____________, _____________ боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашин засдаг, ам бүл 1, ........... аймаг ............ сумын ................ багт оршин суух, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ......... овгийн Ш-гийн М. /Регистрийн дугаар: И/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Subaru impreza” маркийн 78-71 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, Завхан аймгийн ******* сумын багийн 4-420 тоотод байрлах ын гэрт нэвтрэн орж 32 инчийн өнгөт зураг 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг, гоо сайхны ширээний нэг шургуулга 1 ширхэг, гар утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч ад 1,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хөдөө модонд явчхаад 2022 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Завхан аймгийн ******* сумын төв багийн 4-420 тоотод байрлах гэртээ ирээд манай хашаанд байх аавындаа эхлээд ортол манай ээж миний хүү өнгөрсөн шөнө танай гэрт хулгай орсон байна гэсэн. Тэгээд өөрийн гэртээ ороход хаалганы цоож, даруулга нь байхгүй байсан. Гэртээ ороод хартал манай гэрийн зурагт, ДДШ-ийн станц, зурагтын болон хүлээн авагчийн удирдлага, манай эхнэрийн гоо сайхны ширээний модон шургуулга, дотор нь байсан хоёр ширхэг гар утасны хамт хулгайд алдагдсан байсан. Тэгээд би ээжээс та цагдаа дуудсан юм уу гэхэд цагдаа ирээд үзсэн гэсэн...” гэсэн /хх-ийн 25-р тал/,

Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогч ын  “... шүүгдэгч *******аас зурагтын үнэ 575,000 төгрөгийг нэхэмжилнэ, бусад эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан,  харин цоожны үнэ 3,000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өглөө манай хүүхэд ын гэрийн хаалга онгорхой байхаар нь яваад ортол шүүгээнийх нь нэг шургуулга алга болчихсон байхаар нь гэртээ ороод охиноосоо чи ахындаа орсон юм уу гэхэд охин маань би ороогүй гэрийн хаалга нь түгжээтэй байгаа гэсэн. Тэгэхээр нь ахынх чинь онгорхой байна гэж хэлээд охиноо дагуулаад яваад ортол манай охин ахын зурагт алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гэрт нь хулгай орсныг мэдээд дүүгийндээ очиж цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирж үзсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******ын хашаанд түүнтэй машинаа засаж байгаад орой нь 21 цаг өнгөрч байхад ахынд ирээд амарсан.  22 цаг өнгөрч байхад ******* хүрч ирээд би ******* явах ажилтай болчихлоо, та хоёр надад хань болоод яваад өгөөч гэхээр нь ах бид хоёр цуг явсан. ...Тэгээд бид гурав ахынхаас гараад *******ын машинтай шууд яваад дэлгүүр орж дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2.5 литртэй 4 ширхэг пиво аваад тэрийг замдаа ууж яваад ******* сум руу 00 цаг өнгөрч байхад орсон байх. Би цаг хараагүй болохоор цагаа сайн мэдэхгүй байна. ******* суманд очоод нэг айлын гадаа зогссон. ******* би орчхоод гараад ирье гээд ганцаараа ороод нэг их удалгүй гарч ирээд тэндээсээ хөдлөөд явж байгаад бас нэг айлын гадаа зогссон. Тэгснээ ******* энэ айл руу хамт оръё, энэ айлын хүн намайг зурагт аваад ир гэсэн гээд очтол хаалга нь цоожтой байсан. Би цоожтой юм байна, чи хулгай хийх гэж байгаа бол би явлаа гэсэн. Тэгсэн ******* чи байж бай гээд намайг хойноос татаад миний подволкийг урсан. Тэгэхээр нь би байж байтал нөгөө айлын хаалгыг нь ******* онгойлгочихсон. Тэгээд бид хоёр тухайн айл руу орсон. Тэр айлаас зурагт, ДДШ-ийн станц, нэг шургуулгыг нь татаад аваад дотор нь утас байсан. Би *******аас чи айлаас хулгай хийгээд байгаа юм уу гэж асуухад үгүй, энэ айлын хүн манай гэрээс зурагт болон бусад эд зүйлсийг аваад ир гэсэн юм. Тэгээд би авч байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 08-ны орой 00 цаг болж байсан байх, би орондоо орчихсон хэвтэж байсан. Манайд байсан залуу хэвтэж амрах гээд байж байтал манайд ******* орж ирснээ та хоёр надад хань болоод ******* яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгье гээд бид хоёр хамт явсан. *******аас ямар ажлаар явж байгаа юм бэ гэж асуухад хүүхдэдээ 20.000 төгрөг өгчхөөд эргээд ирнэ гэж хэлсэн. Тэгээд бид нар гараад дэлгүүр ороод 2.5 литртэй Сэрүүн гэдэг нэртэй 4 пиво аваад тэр пивонуудаа замдаа уусан. ******* суманд ирээд хүүхдийнхээ гэрийн гадаа зогсоод ******* би хүүхдэдээ мөнгө өгчхөөд гараад ирье гэж байсан. Тэр үед миний уусан архи хэтрээд унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машинтайгаа замын хажуу тал руу уначихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Субару Импреза маркийн 78-71 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машин биш, би тэр машиныг 2021 оны 01 дүгээр сард хадам ах болох Ганбат гэх хүнээс 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Машины үнэ болох 2.000.000 төгрөгийг би хадам ах Ганбатад бэлэн өгөөд авсан. Ганбат ах бид хоёрт ямар нэгэн тооцоо байхгүй. Тэгээд тэр машинаа би жил гаруй унаж байгаад Тосонцэнгэл сумын иргэн ******* гэдэг залууд 2022 оны 06 сарын үед зарсан. Би машинаа ******* гэдэг залууд өгөөд нэг мотоцикл авсан. Одоо би *******аас 760.000 төгрөг авах ёстой. Тэрийгээ 2022 оны 10 дугаар сард авахаар тохиролцсон байгаа. ...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. ...Ядарч явахад нь юм нэхэмжлээд яах вэ гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,

 “Хурд-Од” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин гийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-49-р тал/,

“Хурд-Од” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин гийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-58-р тал/

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд болно.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох гэрч мэдүүлэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн засаг даргын 4/081, 4/18, тус сумын багийн засаг даргын 2/378 дугаартай тодорхойлолтууд, иргэний үнэмлэхний мэдээлэл, лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгчийн эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, бага насны гурван хүүхэдтэй, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж шийдвэрлүүлэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.      

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд хуульчлан тодорхойлсон байх ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, мөн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.

Шүүгдэгч *******ын 2022 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Subaru impreza” маркийн 78-71 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Завхан аймгийн ******* сумын багийн 4-420 тоотод байрлах ын гэрт нэвтрэн орж 32 инчийн өнгөт зураг 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг, гоо сайхны ширээний нэг шургуулга 1 ширхэг, гар утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч ад 1,380,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биеэ баталсан хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч ******* нь ын гэрт нэвтрэн орж 32 инчийн өнгөт зураг 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг, гоо сайхны ширээний нэг шургуулга 1 ширхэг, гар утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1,380,000  төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч *******ын хулгайлсан эд зүйлээс ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг, гоо сайхны ширээний нэг шургуулга 1 ширхэг, Samsung маркийн 2 ширхэг гар утсыг тус тус  хохирогч ад хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-р тал/-ээр тогтоогдож байна. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогч нь шүүгдэгч *******аас зурагтын үнэ 575,000 төгрөгийг нэхэмжилнэ, харин цоожны үнэ 3,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Иймд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан 1,380,000 төгрөгөөс зурагтны үнэ болох 575,000 төгрөгийг хохирогчид төлөөгүй байх тул шүүгдэгч *******аас 575,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ын “хүн байнга амьдрах, зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч”, мөн “учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж” үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан заалтад хамаарч “...2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээр хуульчилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд шүүгдэгчийн эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, бага насны гурван хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заанаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ SAST” гэсэн бичигтэй 32 инчийн эвдэрхий зурагтыг устгаж, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Subaru impreza” маркийн 78-71 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Subaru impreza” маркийн 78-71 УНП улсын дугаартай машин механизм нь шүүгдэгч *******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй,  ын өмчлөлд байдаг машин болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, ял эдлэх хугацааг тус өдрөөс эхлэн тооцож, шүүгдэгчээс хохиролд 575,000 төгрөг гаргуулж хохирогч ад олгож, хохирогч нь цоожны үнэ 3,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн болон хулгайд алдсан бусад эд зүйлсийг хүлээн авсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, ял эдлэх хугацааг тус өдрөөс эхлэн тооцсугай.

5. Шүүгдэгч *******аас хохиролд 575,000 /таван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч ад олгож, хохирогч нь цоожны үнэ 3,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн болон хулгайд алдсан бусад эд зүйлсийг хүлээн авсан болохыг тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 32 инчийн эвдэрхий зурагтыг устгаж, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Subaru impreza” маркийн 78-71 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Subaru Impreza” маркийн 71-78 УНП тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ