Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/868

 

 

 

 

 

 

 

 

   2022         11          09                                   2022/ШЦТ/868 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

 

Нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч Б.Чинзориг,

Хохирогч **** түүний өмгөөлөгч ****

Шүүгдэгч **** түүний өмгөөлөгч **** нарыг оролцуулан тус шүүхийн танхим хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2203 00431 0452 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

****, /РД:/, Монгол улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Нью гедро проект” ХХК-д нягтлан бодогч ажилтай, , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 21 цаг 21 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул 2 захын урд талын зогсоолын замд “Toyota Prius” маркийн 92-68 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын воржур дээр хэвтэж байсан ****ыг дайрч, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2203 00431 0452 тоот эрүүгийн хэргээс:

    Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 7 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад “Нарантуул-2” зах руу эргэхэд зогсоолд цагдаагийн автомашин орж байгаа харагдсан. Араас нь зогсоол руу эргэхэд цагдаагийн автомашин зогсоолдоо тойроод гарах гэж байгаа мэт харагдахаар хурдан орох гэж дарсан. Хурдан ор гэж дохиж байгаа гэж бодсон. Гэтэл “хүүе” гээд орилохоор нь зогссон. Тухайн үед цагдаагийн байгууллага ирж хий гэсэн болгоныг хийсэн. Хэмжилтийг нь дуусгаад машинаа ачуулаад гэмтэл рүү оч гэсэн ба өөрийн дүүг дуудан Гэмтлийн эмнэлэгт очсон. Тухайн хүнийг Гэмтлийн эмнэлгээс олоход томографт харуул гэсэн ба би мөнгөгүй байсан тул эхнэрээс нь “…надад түр мөнгийг өгвөл би маргааш өгнө...” гэж хэлэхэд эхнэр нь “…чи хүнийг дайрч гэмтээчхээд яаж мөнгө асуугаад байгаа юм...” гэсэн. Шөнийн 1-2 цаг болж байсан ба хүнээс тэр даруй мөнгө зээлж томографт харуулсан. Маргааш өдөр нь хохирогчоос авах эм тариа байгаа эсэх талаар лавлаж асуусан гэв.

     Хохирогч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт очсон байсан. Болсон үйл явдлыг санахгүй байна гэв.

          2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 05-12х/

   Хохирогч ****ын “...тухайн өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 12-р хороо Нарантуул-2 захын ойролцоо найз **** хамтаар 2 шил 0.33 литрийн “Хараа” гэх архи уусан. Тэгээд Нарантуул- 2 захын урдаас найз Алтансүхээс салаад замын вордур дээр сууж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсон, осол хэзээ болсныг мэдэхгүй байна. Жолоочийн зүгээс суултуур, эмнэлгээс гараад хэрэглэгдэх эм тариа зэргийг авч өгсөн. Эрүүл мэндийн даатгал бөглүүлж, компьютер томографикт харуулж өгсөн. Эдгээрт хэдэн төгрөг гарсныг мэдэхгүй. Жолоочид өөрт нь баримт нь байгаа байх. Миний хувьд маш их гомдолтой байна. Энэ хүн намайг ийм болгочхоод эргэж тойроогүй. Би нэхэмжлэх зүйлээ бүгдийг баримтаар гарган өгч хэрэгт хавсаргуулна. Би тухайн үед воржур дээр ганцаараа сууж байснаа санаж байна. Ер нь бол архи уусан согтолттой байснаа санаж байна...” гэх мэдүүлэг, /хх 18-19х/

Хохирогч дахин өгсөн мэдүүлэгтээ “...би эхнэр **** цалин 1.170.000 төгрөг, хадам ээж **** цалин 567.000 төгрөг, эмчилгээний зардал 244.618 төгрөг, өөрийн олох ёстой байсан орлого 1.800.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /хх 21-22х/

        Иргэний нэхэмжлэгч, хариуцагч **** “ ...осолд холбогдсон 92-68 УБХ улсын дугаартай автомашиныг одоогоос 2 жилийн өмнө худалдаж авч байсан. Миний өөрийн эзэмшлийн машин юм. Манай эгч **** нь уг машиныг хааяа унаж хэрэглэдэг байсан бөгөөд тухайн өдөр гуйж аваад явсан юм. Тэгтэл осолд холбогдсон байсан. Машинд ямар нэгэн хохирол учраагүй...” гэх мэдүүлэг, /хх 28х/

          Гэрч **** "... Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эргүүгийн офицероор ажилладаг юм. Тухайн өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр албаны 51-29 УБӨ улсын дугаартай машинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан юм.Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад Нарантуул-2 худалдааны төвийн урд байх зогсоолын орчмоор хөдөлгөөнт эргүүл хийж явтал яг зогсоол руу ордог гарц нь дээр бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хэвтэж байхаар нь зам дээрээс холдуулъя гэж бодоод зогсоол руу оронгуутаа эргээд зогстол араас нэг “Приус-20” маркийн автомашин зогсоол руу орж ирэхдээ дээгүүр нь гараад тэр чигтээ чирээд явахаар нь машинаас буугаад тухайн машины жолооч руу зогсооч гэж орилсон. Тэгтэл тэр машин зогсохоор нь хүн дайрчихлаа ш дээ гэж хэлсэн чинь тухайн жолооч нь хүн дайрснаа мэдээгүй байсан. Ингээд нөгөө дайруулсан хүн машины доор байсан тул түргэн тусламж 103 руу залгатал 2-3 минутын дотор түргэн тусламжийн машин ирэхээр нь эмнэлгийнхэнтэй хамт нөгөө хүнийг татаж гаргаж өгөөд явуулсан. Тухайн үед дайруулсан хүн нь согтуу байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд хэргийн газарт бүрэлдэхүүн очиход жолоочийг хүлээлгэж өгсөн. Уг нь тэр машин хурд багатай орж ирсэн. Тухайн үед бүрэнхий болж байсан учраас хүн хэвтэж байгаа нь харагдаагүй байх. Машинд жолооч эмэгтэйгээс гадна бага насны 1 хүүхэд явж байсан. Тэр эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг, /хх 34х/

         Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10301 дугаартай “****ын биед цээжний баруун талын 1, 5, 6, 8, 9, 10,11 -р, зүүн талын 3, 4, 6, 7, 8,9,10 дугаар хавирганы хугарал, ууцны 1-р нугалам, умдаг ясны баруун дээд салаа, суудал ясны далд хугарал, дух, зүүн хацрын төвгөр, баруун чих, эрүү, баруун тохойны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 68-70х/

 Мөрдөгчийн магадалгаа /хх 87-88х/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 21 цаг 21 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул 2 захын урд талын зогсоолын замд “Toyota Prius” маркийн 92-68 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын вордур дээр хэвтэж байсан ****ыг дайрч, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа  хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 05-12х/, Хохирогч ****ын мэдүүлэг, /хх 18-19х/, Хохирогч дахин өгсөн мэдүүлэгтээ “...би эхнэр **** цалин 1.170.000 төгрөг, хадам ээж **** цалин 567.000 төгрөг, эмчилгээний зардал 244.618 төгрөг, өөрийн олох ёстой байсан орлого 1.800.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /хх 21-22х/, Иргэний нэхэмжлэгч, хариуцагч **** мэдүүлэг, /хх 28х/, Гэрч **** гэх мэдүүлэг, /хх 34х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10301 дугаартай “****ын биед цээжний баруун талын 1, 5, 6, 8, 9, 10,11 -р, зүүн талын 3, 4, 6, 7, 8,9,10 дугаар хавирганы хугарал, ууцны 1-р нугалам, умдаг ясны баруун дээд салаа, суудал ясны далд хугарал, дух, зүүн хацрын төвгөр, баруун чих, эрүү, баруун тохойны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 68-70х/, Мөрдөгчийн магадалгаа /хх 87-88х/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ****ийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. 

Иймд прокуророос шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт хэсгүүдэд зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хохирол хор уршгийн талаар:

Хэрэгт хохирогч **** нь баримтаар 244.618 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч **** нь хохирогчийн эмчилгээтэй холбоотой 787,130 төгрөгийг төлсөн, мөн  1.000.000 /хх-ийн 135/ төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт хавсаргажээ. Иймд шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч ****ын өмгөөлөгч **** “...хохирогчийг асарсан хүмүүс болох эхнэр **** ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1,170,000 төгрөг, хадам ээж **** 567,000 төгрөг, өөрийн олох ёстой байсан орлого 1,800,000 төгрөг нийт 3,537,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 1,000,000 төгрөгийг авсан ба үлдэгдэл 2,537,000 төгрөг нэхэмжилж байна гэж  байгаа боловч баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч нь дээрх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 212.500 төгрөгийг шүүгдэгч ****ээс гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч **** нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч **** нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч **** нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүхээс шүүгдэгч ****д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

  Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  зааснаар 6 сарын  хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан **** нь эрх бүхий байгууллагын хяналтан дор Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс бусад газраар зорчихыг хориглох,  Шүүгдэгч **** нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу зорчиж, оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдээс  гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж шийдвэрлэв.

Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа хэрэгт хавсаргахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан **** нь эрх бүхий байгууллагын хяналтан дор Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс бусад газраар зорчихыг хориглож хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

            5. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 212.500 төгрөгийг шүүгдэгч ****ээс гаргуулан олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч **** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

         9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛ