| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0895/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1011 |
| Огноо | 2022-10-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, шүүгч А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Иргэдийн төлөөлөгч П.Нинжин,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч Б.М ,
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д ийн Б т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 5 дугаар сарын 22-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Багануур дүүргийн шүүхийн ... оны 5 дугаар сарын 12-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
-Багануур дүүргийн шүүхийн ... оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял;
-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял;
-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, Б овогт Д ийн Б /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .. тоотод шаргал өнгийн будагтай, хар өнгийн иштэй алхыг зэвсэг болгон хэрэглэж, хохирогч Б.М ы толгой тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд
Шүүгдэгч Д.Б нь “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... тоотод шаргал өнгийн будагтай, хар өнгийн иштэй алхаар хохирогч Б.М ыг ...цохиж, биед нь гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн өмнөх орой манай дүү Б ийн төрсөн өдөр болоод өглөө эрт би дүүгээ гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад Б над руу залгаад байрны мөнгө асуусан бөгөөд би чамд зарах зүйл өгье, зараад ав гэж хэлсэн. Өдөр дахиад над руу залгахад би Ц тэй хамт явж байсан тул утсаа Ц д өгөөд Б , Ц хоёр ярьсан. Тэр хоёр яриад бид өдөр уулзахаар тохирсон байсан. Ингээд уулзахаар болсны дагуу ... ороод ууж идэх юм авсан. Энэ үед тухайн хүмүүс миний бууг олж харсан байсан. Би өөрийн нэр дээр гурван буу эзэмшдэг. Тэгээд бид манай лагерын байшинд очсон бөгөөд би хөдөө явах төлөвлөгөөтэй байсан тул эхний архийг уухад би уугаагүй. Харин хоол хийж байсан ба надтай хамт хоол хийж байсан нэг охин алхаар зуухны тагийг авч холдуулж байсан. Хоолоо хийчхээд бид машины хажууд ил гал асаагаад гадаа суусан. Энэ хооронд бид нэг шил архийг долуулаа хувааж уусан. Ийнхүү сууж байгаад гал унтрах дөхөхөд Б галаа унтраагаад Ц машин унтраагаад орж ирэхээр болсон. Ингээд би гэрт явж ороход Б намайг үгийн зөрүүгүй цохиж эхэлсэн. Би яасан юм бэ гэхэд намайг дахиад алхаар хоёр удаа цохисон. Дахиад цохих гэхэд нь би бултаж гараад гүйсэн бөгөөд машинд дуу тавьж байсан утсаа авч цагдаа болон түргэн дуудсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин цохиулсандаа гомдолтой байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.
-Түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үүдний амбаарт ортол Б урдаас шууд алх аваад намайг цохисон. Би шууд плита шалан дээр халитраад хойшоо унатал миний дээрээс дахин алхаар толгой руу цохисон. Тэр үед би орилтол дахиад цохисон бөгөөд би толгойгоо бултуулаад мөрөн дээрээ цохиулаад алхыг нь булааж барьж авсан. Тэгтэл араас манай найз нар буюу тэнд байсан хүмүүс Б ийг салгасан. Миний нүүрнээс цус гараад цааш юу болсон талаар сайн харж чадаагүй. Би жижиг цонх онгойлгоод Б ийг битгий явуулаарай гэж орилохтой зэрэгцээд Б хар эрчээрээ гүйгээд явж байсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ зүгээр байж байгаад ингэж хүнд гэмтсэндээ гомдолтой байна . ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/,
Гэрч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарн 27-ны өдөр 12 цагийн үед би найзуудтайгаа хамт өөрийнхөө төрсөн өдрийг Шарга морьт дээр М ы лагерын гадаа тэмдэглэж байгаад байшин руу орсон. Тэгээд гал түлэх гээд сууж байсан чинь хойноос нэг хүн миний хажууд байсан алхыг аваад далайх шиг болсон. Хүмүүс гэнэт орилолдоод байхаар нь эргээд харсан чинь М цустайгаа холилдсон, Б алх барьсан байсан. Би тэр хоёрыг салгасан чинь Б намайг газарт унагаад зугтаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
Гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр найз Г 18 цагийн үед надтай фэйсбүүкээр холбогдоод “хамт салхинд гаръя, оройдоо хүрээд ирнэ” гэхээр нь зөвшөөрөөд Шарга морьт орсон. Шарга морьтод Ч гэх залуугийн лагер дээр очсон. Тэнд очоод бид баярлаж байгаад орой болоод Ч гийн лагерын байшин руу орсон. Би орохоосоо өмнө асаасан байсан түүдэг унтраагаад оръё гээд нэг залуутай унтрааж байтал байшин дотроос гэнэт чанга дуу гараад байсан болохоор байшин руу ороход Ч гийн толгойноос цус их гарсан, цохиулсан байдалтай, баруун гартаа алх барьчихсан зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,
Гэрч Э.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М ы лагер дээр М , Б , 3 эмэгтэй найз нарын хамт очиж хоол унд, архи дарс гээд байж байхад Б 23 цагийн үед ирсэн. Тэгээд бид гадаа гал түлээд тойроод сууж байгаад М , Б , Б , бас нэг эмэгтэй нар хамт байшин руу орсон. Би хоёр эмэгтэйтэй үлдээд гал унтрааж байгаад араас нь ороход Б Б ийг тэвэрчихсэн, М руу дайрсан байдалтай зодолдох гээд байсан. Би эхлээд ойлгоогүй байж байгаад асуухад М ыг алхаар цохисон гэж хэлсэн. Тэгээд М ыг харахад нүүр хэсэг нь цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5127 дугаартай “...Б.М ы биед гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хуванцар бариултай шар өнгийн төмөр 33 см урттай алхан дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61 дүгээр тал/,
2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 91-97 дугаар тал/,
Хохирогч Б.М ы Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн 3958 дугаартай өвчний түүх /хх-ийн 47-52 дугаар тал/,
Хуванцар бариултай, шар өнгийн төмөр 33 см урттай алхыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 140 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүгдэгч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...М , Ц , Г , Н , О бид хэд М ы лагер дээр 22 цаг өнгөрч байхад очиж хоол хийж идээд хажуугаар нь авч ирсэн сөжү, пиво, архи зэргийг хувааж ууцгаасан. Тэгээд гадаа түлээ түлж түүдэг асаагаад сууж байхад М ы дүү Б , Б гийн найзууд ирсэн бөгөөд Б үлдээд, хамт ирсэн найзууд нь буцаад явсан. Тэднийг явсны дараа М ы машинд миний утсыг холбож дуу тавиад уугаад сууж байгаад 00 цагийн үед байшин руу орохоор болсон. Би нойл орчхоод гарч ирэхэд Г М ыг заагаад “энийгээ ав л даа” гэж хэлээд миний араар орохоор нь би “яасан бэ, юу болсон юм бэ” гэж асуухад М “чи яасан, наад гичийгээ өмөөрөөд байгаа юм уу” гэж хэлэхээр нь би “чи битгий тэнэгтээд бай, согтуу байгаа юм уу” гэж хэлээд хажуугаар нь зөрөөд байшин руу орох гээд явж байхад М миний араас “наад гичийгээ биш эхнэрээ харж явах ёстой байсан юм” гэж орилоод байсан. Тэгэхээр нь би “наад хэлж байгаа үгээ бодож хэлээрэй” гэж хэлээд байшин руу орох гээд байшингийн урдуур алхаж байхад “чи байж бай даа” гээд М машиныхаа араас урт буу хайрцагнаас гаргаж ирсэн бөгөөд би айсан хэдий ч айгаагүй дүр үзүүлээд хажуугаар нь тоохгүй зөрөөд байшингийн амбаар руу ороход М араас ирээд намайг хавирч унагаасан. ...Миний дээр гарч цамцнаас заамдаж дараад “чи наад гичийгээ биш эхнэрээ харж явах ёстой байсан юм” гээд байхаар нь би тэнд байсан нэрийг нь мэдэх хүмүүсийг дуудаж орилсон. Тэгтэл М намайг цамцаар боож дээрээс дараад хөдөлгөх боломжгүй болгосон. Орилох гэхэд миний хоолой гарахгүй байсан. Тэгээд давчдаад байхаар нь гараараа юм тэмтэртэл гарт нэг юм баригдахаар нь М ы цээж, толгой орчим руу нь цохисон. Тэгэхэд М болихгүйгээр намайг боож байснаа болиход би арай гайгүй сэргэсэн бөгөөд тэнд байсан хүмүүс бүгд гарч ирээд салгасан. ...Би босоод хаалганы үүдэнд зогсож байхад зугтаач гээд бүгд орилсон. Тэгэхэд М буугаа аваад машиныхаа тэндээс над руу онилсон байхаар нь хараад би шууд зугтаад мод руу орж нуугдсан. ...Сүүлд харахад М ы толгойны урд хэсэг, нүүр орчимд нь цус дагаж урсаж байсан. М салсныхаа дараа “чи намайг алхаар шаачихлаа” орилоод байсан. Тэгээд би алхаад цохисон гэдгээ мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ээс: “...Бид хоёр тухайн өдөр богино хугацаанд маш их архи уусан. Ууж байгаад муудалцах шалтгаангүй байж М надтай маш эвгүй харьцаад байсан. Ингээд байж байгаад би нойл орчхоод ирэхэд Г гээд манай эмэгтэй найз М ыг ав гэж хэлсэн. Тэгээд бид амбаар руу орж байхад М намайг “чи энэ эмэгтэйг харамлаад байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгээд би “үгүй” гэж хэлээд явтал намайг хавирч унагаасан бөгөөд энэ үед би газарт байсан нэг зүйлийг аваад М ыг цохиход тэр нь алх байсан...” гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... тоотод шаргал өнгийн будагтай, хар өнгийн иштэй алхыг зэвсэг болгон хэрэглэж, хохирогч Б.М ы толгой тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Э.. нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар дүгнэлтээр хохирогч Б.М ы биед “хүнд” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд хүнд хохирол” учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Б ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүх шүүгдэгч Д.Б ийн хохирогч Б.М ы толгой тус газарт нь алхаар цохисон үйлдэл болон хохирогчийн гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл буюу амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ алх хэрэглэж үйлдсэн байх ба “алх” нь бүтцийн хувьд биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д хамаарч байна.
Прокуророос шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэж зүйлчлэн ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон П.Нинжин нь шүүгдэгч Д.Б ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг алх буюу зэвсгийн чанартай зүйлээр хохирочийн толгой тус газарт цохиж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн дүгнэлт шүүх бүрэлдэхүүний хууль зүйн дүгнэлттэй нийцэж байгааг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Д.Б болон хохирогч Б.М нарын ахуйн хүрээнд архидан согтуурсан нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Б.М нь хэрэгт нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх бөгөөд мөн шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Б ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч Б.М нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Б ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэд хэдэн харгалзан үзэх нөхцөл байдаг. Д.Б ийн хувьд хуульд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байхгүй ч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээж, маш их гэмшиж байгаагаа илэрхийлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “би өмнө нь хийсэн болон одоо хийсэн үйлдэлдээ маш их дүгнэлт хийж, өөрийн уур уцаарын үүднээс хэрэгт холбогдож, бас хүн хохироож байгаадаа дүгнэлт хийснээ” илэрхийлдэг. Мөн ар гэр болон эхнэр, хүүхдээ хүнд байдалд оруулаад өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх болсон асуудалдаа маш их гэмшиж байгаагаа хэлж байсан. Түүнчлэн хүний амь нас эрсдээгүйд баяртай байгаа талаар удаа дараа хэлдэг. Б ээс хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл байгаа мэтээр мэдүүлэг өгсөн боловч шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Болсон хэргийн хувьд гэрч нар байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хэрэг гарахад нөлөөлсөн байдаг. Хохирогчийн зүгээс Б тэй найзууд байсан тул нэхэмжлэх зүйлгүй гэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байхаар асуудалд хандаж байна. Иймд шүүх миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээж байгаа байдлыг болон хохирогчийн байр суурийг харгалзан үзэж Б т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүхээс сүүлийн удаа боломж олгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 123-135 дугаар тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 136 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Д.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял онодуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хувийн байдал /урьд удаа дараа ял шийтгүүлж байсан/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, /хохирогч цаашид эмчилгээ хийлгэж байгаа/, шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй зэрэг байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээж байгаа байдлыг болон хохирогчийн байр суурийг харгалзан үзэж Д.Б т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүхээс сүүлийн удаа боломж олгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлаж өгнө үү...” гэх саналыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн болно.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийн 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдсан 2 хоног, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 129 хоног, нийт 131 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д ийн Б ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийн 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоног, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоног, нийт 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Б ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.