Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 463

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/02635 дугаар шийдвэртэй, Ц.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдох, 12 сарын тэтгэмж 7 036 727 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ц.М нь “З” ОНӨААТҮГ-ын Автобус-1 баазад 2004 оны 4 дүгээр сарын 13-нд 25 тоот тушаалаар ажилд орж 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б/743 тоот тушаалаар 13 жил 4 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ц.М нь энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч Автобус-1 ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний хороо хоёрын хооронд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж олгоогүй. Ц.Мын 1 сарын дундаж цалин 586 356 төгрөг байна. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 8.5 заалтын дагуу 12 сарын тэтгэмжийн 7 036 272 төгрөгийг тус байгууллагаас олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/743 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Ц.Мыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь байгууллагаас 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож, 4 300 000 төгрөгийн тэтгэмжийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/869 дугаар тушаалаар олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Уг гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөгө болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХ-д мэдэгдсэн.

Автобус-1 нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “З” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө гэсэн заалтыг баримтлаж ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Нийслэлийн З” ОНӨААТҮГазраас 390 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 645 422 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас 12 375 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Мт 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн зөрүү 390 850 төгрөг /2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан, 2017 оны 6, 7, 8 дугаар сарын цалингийн дундаж 586 356 төгрөг, 8 сарын тэтгэмж нийт 4 690 850 төгрөг олгохоос ажил олгогч тэтгэмжид 4 300 000 төгрөг олгосныг хасаад үлдэх 390 850/-ийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 6 645 422 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хамтын гэрээг үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахдаа 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой. Шүүхээс “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу “З” ОНӨААТҮГ нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ажилтнуудын төлөөлөл болох “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэй 2017-2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ байгуулж, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр хамтын гэрээ байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг хамтын гэрээг байгуулахад тухайн байгууллагад үйл ажиллагаа явуулдаг 4 үйлдвэрчний эвлэл байдаг бөгөөд тэдгээрийн төлөөлөгчдийг оролцуулаагүй дээрх хуулийн заалтыг зөрчсөн байгааг шүүх анхаарсангүй.

Шинээр хууль бусаар дандаа ажил олгогчийн төлөөлөгчдийг оролцуулсан “Эв нэгдэл” үйлдвэрчдийн эвлэлийн хороог байгуулж, бусад хороод мэдэгдэхгүйгээр байгуулсан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн хамтын гэрээ болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомж зөрчсөн хамтын гэрээг дагаж мөрдөхгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хамтын гэрээг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн биш “Автобус-1” баазын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 7 036 272 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ц.М нь 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Автобус-1 ОНӨААТҮГ-т мөнгө хураагчийн ажилд орж, нийт 13 жил 4 сар ажиллаад 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “З” ОНӨААТҮГ /дээрх байгууллагын эрх залгамжилсан/-ын захирлын б/743 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/869 дугаар тушаалаар 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 4 300 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр түүний нэрийн дансанд шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /хх18-21, 22, 47, 69/

 

Хариуцагч байгууллага ажил олгогчийн хувьд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүрэг бүхий “З” ОНӨААТҮГ-ын ажилтны “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хороотой тодорхой нөхцөлөөр тохиролцож Хамтын гэрээ байгуулсан болон түүний хүчин төгөлдөр байдал, эрх бүхий байгууллагаас зорчигч тээврийн байгууллагуудыг нэгтгэснээр үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага нь эрх залгамжлах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн холбогдох заалттай нийцжээ.

 

“З” ОНӨААТҮГ-ын ажил олгогчийн төлөөлөгч болон тус газрын ажилтны “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгч нарын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ”-ний 3.4-т “З” ОНӨААТҮГ-ын бааз байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах ажилтанд тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамаарч дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгохоор зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Мын хувьд 11-15 жил ажилласан ангилалд хамаарч 8 сарын тэтгэмж олгогдох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, дурдсан хугацааны тэтгэмж олгосон боловч 390 850 төгрөгийг дутуу олгосныг хариуцагч байгууллагаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хамтын гэрээний дээрх заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар 12 сарын тэтгэмжид 7 036 272 төгрөгийг шаардсан боловч хариуцагч байгууллага 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Хамтын гэрээг үндэслэн нэхэмжлэгчид 8 сарын тэтгэмж олгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/02635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА