Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0747/З |
Дугаар | 221/МА2024/0340 |
Огноо | 2024-05-24 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0340
Д СӨХ-н
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 125/ШШ2024/0239 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д СӨХ
Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0747/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 125/ШШ2024/0239 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43, 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.2, 5.3 дахь хэсэг, заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Дулаанхан байр-3 сууц өмчлөгчдийн холбооны гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн М********* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, даалгаврын хавсралт Төлөвлөсөн талбайн схем зургийг хүчингүй болгуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар зургийг зөвтгүүлэн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... Манай Д СӨХ-ны хариуцдаг 814 болон 815-р байруудын баруун талд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 19,9 метрийн зайтайгаар Э ХХК-ийн 16 давхар 2 блок орон сууцны барилгын ажил эхэлсэн бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газраас Э ХХК-д 19,9 метр зайтай 16 давхар 2 блок орон сууцны барилга барихыг зөвшөөрч 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн М********** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар гаргасан нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт, 12 дугаар хүснэгтэд тусгагдсан барилгын тууш тал, хөндлөн талын хооронд 24 метр байх гэсэн заалтыг зөрчин Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргасныг Д СӨХ нь манай байрнаас 19.9 метрийн зайд 16 давхар орон сууц барих гэж байгаа нь манай 2 байрны нийт 242 айл өрхийн эрх ашгийг зөрчиж байгаа учир уг асуудлыг засуулж, шийдвэрлүүлэхээр Хотын стандарт, хяналтын газарт хүсэлт гаргаж шалгуулсан ба шалгалтаар Э ХХК-ийн захиалгатай орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь холбогдох норм дүрэм журмыг зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгохыг холбогдох байгууллагад мэдэгдсэн байдаг.
2.1. "Э ХХК-ны захиалгатай орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь холбогдох норм дүрэм журмыг зөрчсөн болох нь Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлсэн Агентлаг Хотын Стандарт Хяналтын Газрын 2023 оны 05 сарын 19-ны өдрийн "Хот байгуулалт хөгжлийн газар"-т > 017515 тоот албан бичгээр нотлогдож байгаа. Уг албан бичигт:
2.2. Шалгалтаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар 04-ний өдрийн А/*** дугаар шийдвэрээр 1781211200 нэгж талбарын дугаартай 0.25 га газрыг орон сууцны зориулалтаар олгосон байна. Дээрх газрыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн М************* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, О ХХК-ний боловсруулсан загвар зургийг 2021 оны 12 дугаар Сарын 06- ны өдөр баталсан байна. Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны (хуучнаар 16 дугаар хороо) нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 814, 815 дугаар байрны баруун талд төлөвлөсөн зоорь бүхий 16 давхар орон сууцны барилга нь 19.9 метр байгаа нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" БНбД 31-01-10-ийн 4.18. Заавал Мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт, 12 дугаар хүснэгтэд тусгагдсан Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 24 метр байх заалтыг хангахгүй байна.
3. Иймд Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь заалт (Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараах асуудлыг тооцон төлөвлөнө. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,5 дахь (Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаа холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ.) заалтууд, "Орон сууцны барилгын зураг төсөл Төлөвлөлт" БНбД 31-01-10-ийн 4.18, Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2 дахь заалт, 12 дугаар хүснэгтийн дагуу Э ХХК-ний захиалгатай орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалж 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариуг ирүүлэхийг мэдэгдье.>> гэсэн албан бичгийн дагуу Э ХХК-д олгосон 2021 оны 04 сарын 16-ны өдрийн М********* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах ёстой байтал цуцлах ёстой зохих байгууллагын шийдвэр одоог хүртэл гараагүй, цуцалсан талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүхээс архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох шаардлагагүй, загвар зургийг хүчингүй болгосон байна гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0239 шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргав. гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Д СӨХ-с Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн М********* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, М************ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт, Төлөвлөлтийн талбайн схем зургийг хүчингүй болгуулах, дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар зургийг зөвтгүүлэн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн маргаж буй Э ХХК-ийн барихаар төлөвлөж байгаа барилга нь Д СӨХ-ийн 814, 815 дугаар байрнаас 19 метрийн зайтай баригдахаар баталсан Загвар зураг, төлөвлөлтийн талбайн схем зургийг нь хүчингүй болсон байгаа тул гуравдагч этгээдийн барих барилга хоорондын зай тодорхойгүй болсон, гуравдагч этгээдээс уг норм дүрэмд нийцүүлэхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн үйлчлэл бүхий захиргааны аливаа шийдвэр байхгүй ... гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.
4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... М********* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах ёстой байтал цуцлах ёстой зохих байгууллагын шийдвэр одоог хүртэл гараагүй, цуцалсан талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүхээс архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох шаардлагагүй, загвар зургийг хүчингүй болгосон байна гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ... гэжээ.
5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/515 дугаар албан бичгээр ...норм ба дүрэм, журамд заасны дагуу Э ХХК-ийн захиалгатай орон сууцны барилга архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлахыг шаардсан-ы дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот байгуулалт, хөгжлийн газраас М********** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын загвар зургийг хүчингүй болгосон нь тогтоогдож байна.
6. Архитектур төлөвлөлтийн даалгавраар гуравдагч этгээд Э ХХК нь 2464 м.кв газрынхаа 985.6 м.кв дээр барилга барихыг зөвшөөрснөөс үзвэл өөрийн эзэмшил газар дээрээ загвар зургаа шинэчлэн батлуулахдаа барилга хооондын зайг норм, дүрэмд зааснаар зөвтгөж гаргах боломжтой байх тул нэхэмжлэгчийн хувьд архитектур төлөвлөлтийн даалгаврын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөөргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 125/ШШ2024/0239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д СӨХ-ны төлөөлөгч Н.Цгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д СӨХ-ны давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ