Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 11-ний өдөр           Дугаар 2019/ДШМ/07                Баруун-Урт

 

Т.Нд холбогдох эрүүгийн 

хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг  даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор  С.Сугар

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Г.Нямхүү

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч      

Ш.Эрдэнэцэцэг

нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуянгийн даргалж, Л.Батжаргал, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, Г.Батбаяр нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Нд холбогдох  1830000000136 дугаартай эрүүгийн  хэргийг  2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн.1974 онд  төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Алтан Овоо” гэх газарт “И” ХХК-д эксваторын жолоочоор ажиллаж байсан, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын  07-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх  хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Т.Н 

 

Шүүгдэгч Т.Н  нь 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Алтан Овоо” гэх газар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “И” ХХК-ийн ажилчдын байран дээр согтууруулах ундаа уусан үедээ Ц.Мтай маргалдан улмаар зодож, түүний хэвлий хэсэгт өвдөглөн “хэвлийн хөндийн битүү гэмтэл, нойр булчирхайн задрал, няцралын улмаас хурц цус алдсан”-аас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Т.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор: шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг  10 / арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Нд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан ялтан Т.Нгийн цагдан хоригдсон 169 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Нгаас 8.164.670 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бд олгож, түүний нэхэмжлэлээс 1.728.480 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60 см урттай, 2 см өргөнтэй, цус мэт зүйлээр бохирлогдсон мод 1 ш, 43 см урттай, 13 см өргөнтэй паркетан  шалны хугархай 1 ш, 33.5х 13 см харьцаатай паркетан шалны хугархай мод 1 ш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс надад ял шийтгэл оногдуулахдаа хохирогч Ц.Мын амь насыг санаатайгаар бүрэлгэсэн гэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. 2018 оны 07 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө намайг уурхайд байрлах гэртээ унтаж амарч байхад М нь шөнө орж ирээд ямар ч шалтаг шалтгаангүйгээр намайг хамар руу цохиж цус гаргасан. Гэрээс гараад буцаж орж ирээд ялимгүй зүйлээр шалтаглан зодож орон дээрээс татаж унаган ойчуулж, дээрээс дэвсэж, толгой руу паркетан шалаар цохиж, мөн намайг ална гэж нүүр нүдгүй цохиж эхэлсэн. Миний хувьд Мын дээрэнгүй харгис үйлдлийн эсрэг амь насаа хамгаалах үүднээс түүнтэй барьцалдан авч, хариу эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үед бид хоёр дээр доороо орж зодолдон улмаар М нь надаас том биетэй учир миний дээр гарч хоолойг боосон. Тэр үед би амь тэмцэж гэдэс рүү нь хоёр хөлөөрөө доороос нь жийж өшиглөсөн. Бид хоёрыг зодолдож байхад Э ах “та хоёр одоо боль” гээд бид хоёрыг салгасан. Тэгээд М ор налаад суусан. Түүнээс хойш бид хоёр зодолдоогүй. Би түүнийг алах санаа зорилго надад байгаагүй. Энэ хэргийг шалгасан Манлайбаяр байцаагчийг анх надаас байцаалт авахад нь би өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэхэд, хамаагүй гэрчээр байцаана гэж хэлсэн. Би тухайн үед байцаалт өгөхдөө бие өвдсөн, айж сандарсан байсан болохоор байцаалтыг уншаагүй шууд гарын үсгээ зурсан. Гэтэл намайг Мыг санаатай алсан болгож байна. Байцаагч эрүүгийн хуулийг зөрчиж намайг 2 удаа өмгөөлөгчгүйгээр байцааж, хэлээгүй зүйлийг хэлсэн болгож бичсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

 

Өмгөөлөгч Г.Нямхүү, Г.Батбаяр нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд энэ хэрэгт анх мөрдөн байцаалтад мэдүүлэг өгч байсан гэрч С.Э, Т.А, шинжээч нарын дүгнэлт, тэдгээрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн Т.Нг хохирогч Ц.Мын амь насыг санаатайгаар бүрэлгэсэн гэж дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэсэн нь тухайн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байна. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгахдаа талийгаач Ц.Мын биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн, хүндэвтэр, хүнд, амь насанд аюултай хүнд гэмтлийн аль зэрэгт ямар, ямар гэмтлүүд нь хамаарах талаар дүгнэлт гаргаагүй. 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад бичгийн нотлох баримт судлахдаа цагдаагийн мөрдөгч Манлайбаярын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заалтыг зөрчиж Т.Нгаас авсан 2 мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан мөртлөө хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбарлаагүй. Мөн Т.Н, гэрч С.Э нарын мэдүүлгийг хууль ёсны нотлох баримтаар үнэлж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлж авахыг хориглоно, энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн заалтыг зөрчсөн, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.3 дугаар заалтад заасан тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар  тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчдын хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж  шийдвэрлэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 16.11, 16.12 дугаар зүйлийн заримт хэсэгт заасан нотлох баримтыг ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Т.Нд холбогдох хэргийн шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Т.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, Г.Батбаяр нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Н нь  2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “ Алтан Овоо ” гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “И” ХХК-ийн ажилчдын байранд хохирогч Ц.Мын согтуурсан үедээ цохиж зодсоны улмаас харилцан зодолдох явцдаа түүний хэвлий хэсэгт өшиглөн өвдөглөж эрүүл мэндэд “хэвлийн хөндийн битүү гэмтэл, нойр булчирхайн задрал, няцрал бүхий” гэмтэл учруулж амь насыг нь хохироосон болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн гэрч Ж.А, С.Э, Т.А, Ж.Э, С.Ш нарын мэдүүлгүүд /хх-14-21, 25-27х/, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургууд, /1хх-8-13, 32-33, 37-39х/, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургууд /хх-43-46х/ Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 2018 оны 07 дугаар сарын 26, 08 дугаар сарын 08, 09 дүгээр сарын 11-ний  өдрүүдийн  102, 41, 41/1 дүгээр дүгнэлтүүд /1хх-34-36, 98-100х/, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн   магадлагааны  акт /1хх-48-50х/, шүүгдэгч Т.Нгийн  гэрчээр 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр  болон  яллагдагчаар анх удаа 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр  өгсөн мэдүүлгүүд /1хх-28-30, 59х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

 

Шүүгдэгч Т.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол,  хор уршигт зориуд хүргэж,   санаатай гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна Өөрөөр хэлбэл: Т.Н нь  Ц.Мыг  зодсоны улмаас  бие махбодид гэмтэл учирч, амь насыг хохироосон  нь түүний  үйлдэл, учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой болно.

 

Мөрдөн байцаах ажиллагааны явцад нотолгооны зүйл болох нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулан эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, тухайн ажиллагааны явцад болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж, хууль бусаар хасах буюу хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Т.Нг унтаж байхад амь хохирогч Ц.М нь орж ирэн “жонш ялгагч бацаануудад доошоо орлоо гөлөг чинь”  гэж хэлэн  хамарт нь цохиж цус гарган, мөн дахин орж ирэхдээ “чамайг өмгөөлж залуучуудтай хэрүүл хийлээ” гэж хэлэн  орноос нь татаж унаган харилцан зодолдох, паркетан шалны хавтан, хугарсан хавтан, модоор бие биеэ цохих   үйл явц өрнөн үргэлжилсэн бөгөөд түүний  эхлэл  нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс болсон  байна. Энэ нь   гэмт хэрэг үйлдэгдэхэд шалтгаалж байгааг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэх  хэдий ч түүний амь насыг хохироосныг  үгүйсгэх үндэслэл болохгүй юм. 

Харин шүүгдэгч  Т.Н нь  амь хохирогчийн согтолтын хувь хэмжээ өндөр, олон удаагийн хүчтэй үйлчлэлээр их талбайг хамарсан гэмтэл авснаас бие махбодь нь суларч,  ёолоод хэвтэж байхад буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, өөрийгөө хянан идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, довтолгоо төгссөн хойно түүний цээж рүү 2-3 удаа өшиглөх,  хоёр өвдгөө зэрэг  нугалж, үсэрч очоод цээжинд нь буух зэргээр баруун, зүүн талын  олон хавирга ташраараа хугарч, улмаар  хэвлийн хөндийн битүү гэмтэл, нойр булчирхайн задрал, няцралын улмаас цус алдаж нас барсан байдал нь гэрч С.Э, Т.А нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Т.Нгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 41, 41/1, 102 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч Т.Н  нь довтолгоо дууссан хойно дээрх үхэлд хүргэх гэмтлийг хохирогчид учруулсан байх тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй юм.

 

Шинжээчид нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  9.2 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй танилцаж, энэ хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт  гарган түүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж мэдүүлэг өгсөн учраас шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2018 оны  07 дугаар сарын 26-ны өдрийн 102, 08 дугаар сарын 08-ны өдрийн 41, шинжээч А.Болор-Эрдэнийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 41/1 дүгнэлтүүдийг хууль ёсны нотлох баримт гэж үзэв. /1хх-34-36,98-100, 2хх-14-20х/

 

Анхан шатны шүүхийн мөрдөгчөөс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагад 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 05 цагийн орчимд Ж.Аийн утсаар өгсөн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцдаа хэрэг хянан шийдвэрлэхэд  хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэх үндэслэлээр гэрч С.Э, Т.Н нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх,  үүргийг танилцуулан мэдүүлэг авч, гарын үсэг зуран баталгаажуулсан   тэмдэглэлийг  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцсэн байна.

 

Тодруулбал: Мөрдөгчөөс шүүгдэгч Т.Нг гэрчээр 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, яллагдагчаар 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус тус мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... мөрдөгч нь яллагдагч ... өмгөөлүүлэх,  хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана”, энэ хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэх эрхүүдийг тайлбарлаж өгсөн боловч,  түүний зүгээс өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгөх  эрхээ эдлэх талаар хүсэлт гаргаагүй, мөн хуурч мэхлэн мэдүүлэг авсан гэх байдал тогтоогдохгүй байна. 

 

 Шүүгдэгч  нь энэхүү  мэдүүлгүүддээ:  “миний ярьсан зүйл үнэн бичигдсэн байна” гэж гараар бичиж болон амаар мэдүүлэн гарын үсэг зурж баталгаажуулжээ. /1хх-28, 30,  59х/. 

 

Шүүгдэгч Т.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зөвхөн 8-15 жил хүртэлх хорих ялтай хэрэг байх бөгөөд үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан  “шүүгдэгчийг  заавал өмгөөлөгчөөр хангах тухай” зохицуулалт хамаарахгүй юм.  

 

Мөрдөгч нь гэрч С.Эоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан “ гэх байдал  нотлогдохгүй байна. 

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа иргэний журмаар нэхэмжилнэ” гэх тайлбар өгснийг дурдав. 

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  

энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг.  Шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, Г.Батбаяр нарын давж    заалдах   гомдлыг   хэрэгсэхгүй  болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 

 

Хоёр. Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нгийн цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав.  Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНТУНГАЛАГ 

 

   ШҮҮГЧИД         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                   О.БААТАРСҮХ