Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0403

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0403

Улаанбаатар хот

 

 

Иргэн Б.Даваасамбуугийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Даваасамбуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, Д.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.Даваасамбуугийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бие даан нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж, өөрөө болон өөрийн төлөөлөгчөөр дамжуулан Сонгуулийн хорооноос өгсөн батлагдсан маягтын дагуу 415 дэмжигч сонгогчтой уулзаж, гарын үсэг зуруулсан болно. Гэтэл Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоор гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Гарын үсэг зурсан дэмжигчдийн гарын үсгийг хуурамчаар зураагүй болохыг хариуцлагатайгаар хэлмээр байна. Сонгуулийн хороо ямар нотлох баримтаар хуурамч гарын үсэг зуруулсанг нотолж байгаагаа тайлбарлаагүй бөгөөд энэ талаар тогтоолд огт дурдаагүй, бүртгүүлэхээр өгсөн баримтуудыг буцаан өгөөгүй болно. Энэ тухай Сонгуулийн хороонд миний бие болон дэмжигчид удаа дараа гомдол гаргасан боловч албан ёсоор хариу өгөөгүй, амаар шүүхэд ханд гэсэн. Сонгуулийн хорооны гишүүд гарын үсэг хуурамчаар зуруулсан гэх үндэслэлийг шалгасан гэх баримтыг шүүхээс үзлэг хийхэд мэдсэн ба гэр бүлийн хүн нь эзэнгүй байсан 6 хүний нэр хасагдсан байна. Миний хувьд иргэд хуурамчаар гарын үсэг үйлдсэнийг мэдэх боломжгүй, иргэний хувьд сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д зааснаар 201-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулсан байх гэсэн заалтыг үндэслэн аймгийн Сонгуулийн хорооны тогтоолын Б.Даваасамбууд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвших эрхийг минь сэргээж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Бие даан нэр дэвшигч Б.Даваасамбуугийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 154, 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан. 415 сонгогчийн гарын үсгийг цуглуулсан, гарын үсэг хуурамч гэх гарын үсгийг хасаад ч хуульд заасан шаардлагыг хангасан байгаа. Гэтэл Сонгуулийн хороо Сонгуулийн хууль, тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Сонгуулийн хороо гарын үсгийг хуурамчаар үйлдсэн зөрчил гаргасан гэж үзвэл Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж, зөрчлийг тогтоолгох ёстой байсан. Энэ ажиллагааг хийгээгүй. Хуурамч гарын үсэг зурсан гэх хүмүүстэй уулзаж, асууж, нягтлан шалгасан гэх боловч эдгээр баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль сануулаагүй, Сонгуулийн хорооны гишүүдэд ийм эрхийг хуулиар зохицуулаагүй байгаа. Иймд Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “ сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7, 157.8 дахь хэсэгт заасныг баримтлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч Б.Даваасамбуугийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг Сонгуулийн хорооны гишүүн Ю.Ариунболд, И.Алтанцэцэг бид 2 түүвэрлэн тулгаж, 18 иргэнтэй уулзаж, нягтлан шалгахад нэлээдгүй зөрчил илэрсэн.

Жишээлбэл: Лхагвадулам гэдэг хүний нөхөр хөдөө явсан тул нөхрийнхөө өмнөөс гарын үсэг зурсан байх, Ц.Буяннэмэх гэдэг хүний өмнөөс Баясах гэдэг хүн зурсан гэх мэтээр зөрчил илэрсэн. Ингээд сонгогч дэмжигч 415 хүн гарын үсэг зурснаас 24 хүний регистрийн дугаар зөрүүтэй, 6 хүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон. Сонгуулийн хорооны гишүүд ярилцаад хуульд 201-ээс доошгүй гарын үсэг зуруулах гэж заасан боловч 201 хүнээс, 415 хүнээс хасч тооцох талаар тодорхойгүй байсан тул хуурамчаар гарын үсэг үйлдсэн нь зөрчил байна гэж үзээд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 “а”-д “гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж заасныг баримтлан нэр дэвшигчийг бүртгэхээс гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.

Аймгийн Сонгуулийн Хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоол нь холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн гаргасан шийдвэр мөн тул иргэн Б.Даваасамбуугийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 40 дүгээр  шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 156 дугаар зүйлийн 156.2.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Даваасамбуугийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын Б.Даваасамбууд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Б.Даваасамбууг бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 40 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн зарим заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдаж, гомдол гаргаж байна.

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 08 тоот тогтоолоор миний сонгогдох эрхийг хасаж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бие даан нэрээ дэвшүүлэхдээ сонгуулийн хуулийн дагуу 201-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулахаас 415 сонгогч дэмжигчдийн гарын үсэг цуглуулж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1 дүгээр тойргоос нэр дэвшихээр бүртгүүлэхэд Сонгуулийн хороо хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа тул Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороог хариуцагчаар татуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд бие даан нэр дэвшигч Б.Даваасамбуу миний биеийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх арга, хэлбэр, хугацааг тодорхой заагаагүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтуудыг нэмж оруулах, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд үүрэг болгосон нэмэлт заалт оруулж үүрэг болгуулах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 40 тоот шийдвэрийн дахин хянаж үзнэ үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт оролцох хүсэлтэй байгаа тул хуралдааны товыг бидэнд утсаар мэдэгдэнэ үү. Шүүх хуралдааныг яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авч, сонгогчдын сонгох эрхийг хүндэтгэж шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.    Анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож хэрэгсэн.

Шүүх “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчсөн” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан дүгнэлт болжээ.

Учир нь “сонгогдох” эрх нь цаг ямагт бусад этгээдээс хамааралтай байдаг эрх бөгөөд “Абсолют” буюу “туйлын, хязгааргүй эрх” биш юм.

Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч холбогдох баримтыг 1. Хуулийн хугацаанд, 2. Үнэн зөв, 3. Бүрэн гүйцэт бүрдүүлэн өгөх үүрэгтэй. Хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд л нэр дэвшигчээр бүртгэгдэж “сонгогдох эрх”-ээ эдлэх боломжтой.

Гэтэл Б.Даваасамбуу нь “Үнэн зөв” баримтыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлээгүй болох нь хангалттай тогтоогдсон. Шүүх ч энэ байдлыг үгүйсгэж чадаагүй. Ингэснээрээ шүүх Сонгуулийн тухай хуулийг буруу ойлгож хэрэглэсэн.

Мөн анхан шатны шүүх “30 иргэнийг хасаж тооцоход 385 нэр дэвшигч үлдэж байгаа нь хуулийн шаардлага хангасан” мэт агуулгатай ерөнхий дүгнэлт хийсэн.

Сонгуулийн хуулийн үзэл баримтлал бол “шударга өрсөлдөөн”-ийг хангах, сонгогдох эрхээс гадны нийт ард түмний сонгох эрхийг хамгаалж байгаа болохыг ойлгохыг хүссэнгүй. Хуульд хуурамч, өөр этгээдийн зурсан гарын үсгийг хасаж тооцох зохицуулалт огт байхгүй, харин ямар нэг байдлаар хуурамч нотлох баримт байвал нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, бүртгэхээс татгалзах зохицуулалттай. Энэхүү зохицуулалтыг бататган нэр дэвшигчийг шууд бүртгэх бус харин баримт бичгийг нягтлан шалгахыг Сонгуулийн хороонд хариуцуулсан байгаа болно.

Энэхүү үүргийнхээ дагуу нягтлан шалгаад зөрчил илрүүлээд зохих шийдвэрийг гаргасан байхад хуульд байхгүй зохицуулалт хэрэглэж аймгийн Сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож байгааг эс зөвшөөрч байна.

Б.Даваасамбуугийн тухайд 24 хүний регистр зөрүүтэй /өөрөөр хэлбэл тухайн иргэн биш гэсэн үг, мөн 6 хүний өмнөөс өөр этгээд гарын үсэг зурсан зөрчил хөтөлбөргүй тогтоогдсон.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Мөнхцэцэг миний бие биечлэн оролцох тул товыг мэдэгдэхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойрогт Баярын Даваасамбуу нь бие даан нэр дэвшиж, холбогдох материалыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн, аймгийн Сонгуулийн хороо хуралдаад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 тоот “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоол гаргаж түүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а “гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж заасныг үндэслэжээ.

Анхан шатны шүүх бие даан нэр дэвшигч Б.Даваасамбуугийн нийт цуглуулсан 415 сонгогчийн гарын үсгээс 30 сонгогчийн гарын үсгийг хасаж тооцож үлдэх 385 дэмжигч сонгогчийн гарын үсэг нь хуульд заасан “201” сонгогчийн гарын үсэг хүрсэн /хуульд заасан хэмжээнд хүрсэн/ гэсэн шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн байна.

Дээрх 30 иргэний гарын үсгийн зөрчил гэдгийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар 24 хүний регистрийн дугаар зөрүүтэй, 6 хүний тухайд өөр этгээд гарын үсгийг нь зурсан болох нь тогтоогджээ.

Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийн талаар зохицуулсан 129 дүгээр зүйлийн 129.3-т “...сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 127.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасныг төсөөтэй хэрэглэж орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.Даваасамбуугийн тухайд 24 хүний регистр зөрсөн гэх асуудал нь “сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил” гэж үзэхээр байна. Иймд дээрх 24 сонгогч иргэний гарын үсгийг хасаж тооцох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...хуульд хуурамч, өөр этгээдийн зурсан гарын үсгийг хасаж тооцох зохицуулалт огт байхгүй, харин ямар нэг байдлаар хуурамч нотлох баримт байвал нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, бүртгэхээс татгалзах зохицуулалттай” гэжээ. Өөр этгээд төлөөлөн зурсан гэх 6 гарын үсгийн тухайд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а-д заасан  “гарын үсэг хуурамчаар үйлдэх”, мөн зүйлийн 158.1.4.д-д заасан “сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах” гэж заасныг зөрчсөн болох нь илэрчээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн  157.8-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгаж... болно” гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооны гишүүн Ю.Ариунболд, И.Алтанцэцэг нар түүвэрлэн нягтлан шалгаж, /18 иргэнтэй биечлэн уулзаж/ зөрчлийг илрүүлсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, Д.Оюунчимэг нараас “зөрчлийг Сонгуулийн хороо шалгахгүй, Цагдаагийн байгууллага шалгана, шүүхээр шийдүүлэх ёстой, ... хуурамч гэж үзэж байгаа бол хамгийн гол нь иргэдээс гомдол гаргах ёстой байсан, ...тэр 6 хүнээс хууль сануулж байцаалт авах ёстой, процессоороо яваагүй” гэсэн агуулгаар тайлбар гаргаж маргажээ.

Сонгуулийн тухай хуульд “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн” болон “зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэсэн 2 өөр үндэслэлээр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар зохицуулсан байна. Бие даан нэр дэвшигч Б.Даваасамбуугийн тухайд бол “нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн” тул түүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд нэр дэвшигч өөрөө заавал биечлэн захиргааны зөрчил гаргасан, тэр нь тогтоогдсон байх ёстой гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “цагдаа шалгах байсан, шүүх шийдэх байсан, 6 хүнийг байцаалт авах байсан гэж дүгнэх боломжгүй. Нөгөө талаар Сонгуулийн хороонд захиргааны зөрчлийг шалгах, байцаалт авах эрх хэмжээ Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиар олгогдоогүй тул зөрчлийг тогтоогоогүй гэж буруутгах үндэслэлгүй. Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 5 хоногт багтаан баримт бичгийг нягтлан шалгасан нь хуульд нийцсэн байна.

Ийнхүү нягтлан шалгасан баримтаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Цахир гудамж, 2-17 тоотод оршин суух иргэн, Цэцгээгийн Алтанцэцэг, Сэнгээгийн Энхбаяр нарын гарын үсгийг насанд хүрээгүй, охин Энхбаярын Мөнгөнцэцэг зурсан, /маягтын 22 дугаар хуудасны 7, 8 дугаарт/, мөн багийн Партизаны 2-45 тоотод оршин суух Өмдийн Даваасүрэнгийн гарын үсгийг түүнийг хөдөө байх хойгуур эхнэр Алтангэрэлийн Лхагвадулам зурсан, /маягтын 6 дугаар хуудасны 10 дугаарт/, мөн гудамжны 2-39б тоотод оршин суух Цэрэндоржийн Ихтамирын гарын үсгийг эхнэр Бичигийн Алтанцэцэг зурсан, /маягтын 10 дугаар хуудас 10 дугаарт/, мөн гудамжны 5-64г тоотод оршин суух Цэндийн Буяннэмэх, Чимэднамжилын Нямдарь нарын гарын үсгийг Цэндийн Баясах зурсан /маягтын 8 дугаар хуудас 1.2.4 дүгээрт/, Партизаны 6-121 тоотод оршин суух Должинсүрэнгийн Золжаргал, Золжаргалын Уранцэцэг нарын гарын үсгийн Чагнаабадамын Цэцэгбат нь зурсан /маягтын 34 дүгээр хуудасны 8 болон 41 дүгээр хуудасны 2 дугаарт/, мөн гудамжны 6-102 тоотод оршин суух Явуудайн Эрдэнэбатын гарын үсгийг Ойдовын Цээбилэг зурсан /маягтын 41 дүгээр хуудасны 6 дугаарт/ болох нь тогтоогджээ. Энэхүү байдлыг хариуцагч аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл гэж, нэхэмжлэгч талаас “гарын үсгийг хуурамчаар үйлдээгүй, нэр дэвшигчийн буруутай идэвхитэй үйлдэл байхгүй” гэж маргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс дэмжигч сонгогчийн санал гэдгийг тухайн сонгуулийн эрх бүхий иргэн өөрийн хүсэл сонирхолоороо, хэнээс ч хараат бусаар, тухайн бие даан нэр дэвшигчийг дэмжиж гарын үсгээ өөрөө зурсан байхыг ойлгоно гэж үзэв. Энэ байдлыг тодруулж, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д  “гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж бүх төрлийн арга хэрэглэн /өөрөө, эсхүл өөр этгээдээр үйлдүүлэх, техник хэрэгсэл ашиглах гэх мэт/ бусдын гарын үсгийг дуурайлгаж буюу хуулбарлаж, эсхүл зохиож зурах, сонгуулийн эрхгүй хүмүүсээр гарын үсэг зуруулахыг хэмээн заажээ. Өөр этгээд гарын үсэг зурсныг “өөр этгээдээр үйлдүүлэх” гэдэгт хамаарна гэж үзэв.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг” ойлгохоор хуульчилсан байгаа тул 1998 оны 8 сарын 28-ны өдөр төрсөн, тухайн үед 17 нас 8 сар 20 хоногтой байсан Энхбаярын Мөнгөнцэцэгээр эцэг, эхийн нэрийн өмнөөс гарын үсэг зуруулсныг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д заасан зөрчил гэж дүгнэв.

            Гэхдээ хэргийн онцлог байдал, сонгууль болох хугацаа зэргийг харгалзан шийдвэрийг хүчингүй болгох шаардлаггүй, тухайн иргэний Монгол Улсын Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрхийг нь хангах үүднээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул түүнийг гомдол гаргаагүйд тооцож, давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хангахгүй орхисугай

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Даваасамбуу давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, түүний гомдолд холбогдох давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 83 дугаар зүйлийн 83.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР