Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 197

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээд Б.Н-ийн өмгөөлөгч Ө.Э, гуравдагч этгээд “Ө” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Х.О, түүний өмгөөлөгч Н.А нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 803 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр магадлалтай, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Б.Н-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 803 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгож, “нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 69 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Т.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд огт дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгч “маргаагүй” гэх байдлаар хандсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-т заасныг тус тус зөрчсөн.

...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 366 дугаар захирамжийг биелүүлэх, Газрын тухай хуулийн 33.1, 34.1-д заасныг тус тус биелүүлэх, Улаанбаатар-Москва хотын хамтын ажиллагааны 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээр биелүүлэхийг Газрын албанаас гэрээ, гэрчилгээг гаргаж өгөх тухай хүсэлт, шаардлагыг тухай бүрд нь хүргүүлж, биечлэн уулзаж байсан, Газрын албанаас тодорхой хариу өгөөгүй болохыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Б” ХХК-ийн газар эзэмшлийн байдалд хяналт шинжилгээ хийсэн тухай илтгэх хуудас, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Үүргийн биелэлтийн тухай” хариуцагч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б болон Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичигт дурдсан байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1346 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны 151 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.

Тус шүүхийн тогтоолд “...тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нь “нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Түүнийг шүүх маргаан бүхий захиргааны актын талаар мэдэж байсан уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй нь тогтоогдсон тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.4, Иргэний хуулийн 79.1, 79.7-д зааснаар “Б” ХХК-ийн эзэмшиж байсан газрын маргаан шүүхэд үүссэн бөгөөд хариуцагч талаас захиргааны хэргийн тухайд хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан байх тул дээрх зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

Мөн “Б” ХХК-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14/4170 тоот албан бичгээр бодит нөхцөл байдлыг тогтоосон байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл “...нийслэлийн Засаг даргаас ...2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 815 тоот захирамжийг хүчингүй болгох захирамжийн төсөл боловсруулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан боловч өнөөдрийг хүртэл гаргаагүй” гэжээ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Н-д 8690 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх олгосон бөгөөд уг эрхийг нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжаар баталгаажуулсан байдаг. Дээр дурдсан маргаан бүхий захиргааны актууд нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх” эрх нь нийслэлийн Засаг даргын эрх хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актаар иргэн Б.Н-д 8690 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх олгосон нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан, өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлсэн, өөрт олгогдоогүй эрх эдэлсэн.

Учир нь гуравдагч этгээд Б.Н-д эзэмшүүлсэн газар нь хотын суурьшлын бүсэд хамаарах бөгөөд инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарна. Үүний учир тухайн газарт газар эзэмших эрх олгох эсэх тухай асуудал нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл гуравдагч этгээд Б.Н-д 8690 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх олгохдоо, түүнчлэн эзэмшиж буй газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ ч дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүй, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтээр шийдвэрлэсэн, хүсэлтэд нь зааснаас илүү хэмжээтэй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хууль бус гэж тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж хуульчилсан байдаг. Газар эзэмшихийг хүссэн иргэн, хуулийн этгээдэд нэг ижил нөхцөл, боломжийг олгож, хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах ёстой. Гэтэл хариуцагчаас гаргасан шийдвэрүүд нь харилцан адилгүй бөгөөд гуравдагч этгээдэд бусдаас илүү байдал бий болгосон зэргээр шударга бус, тэгш бус байдлаар хандсан нь Газрын тухай хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчиж байна. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2012 оны А/644 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн эрх бүхий байгууллагаас хийсэн судалгаанд дээр дурдсан үндэслэлүүдээр нийт 161 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай саналыг гаргасан байдаг. Гэтэл гуравдагч этгээд Б.Н энэхүү судалгаанд хамрагдаагүй байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Б.Н-д газар эзэмших эрх олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь нотлогдож байгаа болно.

...Иргэн Б.Н-ийн эзэмшиж буй 8789 м.кв X44.000=139.217.760 төгрөгийг төлөхөөр тогтоосон байна. Гэтэл гуравдагч этгээд Б.Н нь 19.118.000 төгрөг тушаасан бөгөөд 120.099.760 төгрөгийг дутуу төлсөөр байтал дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 504 дүгээр албан бичигт дурдсан “газрын дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн” гэх үйлдэл нь тус хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулах гэсэн санаатай үйлдэл бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл хангалттай байгаа болохыг нотолж байна.

3. Гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн тухайд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 61 дүгээр тогтоолд “...Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын дүгнэлт, Улаанбаатар-Москва хотын хамтын ажиллагааны 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийг үндэслэн “Москва” орон сууцны хорооллыг анхлан барих шийдвэрийг гаргасан талаарх баримт хэрэгт байгаа болно.

Нийслэлийн Хот байгуулалт, газар зохион байгуулалт, мэргэжлийн комиссын 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар анх 27400 м.кв “З” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 93 тоот тогтоолоор 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 27400 м.кв газрыг “З” ХХК-нд олгосон. Тус компани нь 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр буюу газар ашиглах эрх авснаас хойш 4 жилийн дараа нийслэлийн Газрын албатай газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээг авсан байдаг. Мөн 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 235 тоот албан бичгээр “Москва” хорооллын 2 дугаар ээлжийн 0000069 дугаартай албан бичгээр “Газар ашиглах хугацаа дууссан тул сунгаж өгөх” тухай хүсэлтийг нийслэлийн Газрын албанд гаргасан.

Уг хүсэлтийг Газрын алба хүлээн авч 30/0013 тоот газрын техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд зөвхөн “гэрээг сунгах” тэмдэглэгээг хуулийн дагуу хийж нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 744 тоот захирамжаар 2004 оны 93 тоот захирамжийг үндэслэн “З” ХХК-нд олгосон 27400 м.кв газар ашиглах эрхийн хугацааг сунгах тухай захирамжийг гаргасан байдаг.

...Хавтаст хэрэгт байх, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэж цугларсан нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу олгогдсон болохыг хангалттай нотолж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 803 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Н-ийн өмгөөлөгч Ө.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3.1.1-д ““кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг”, 3.1.7-д ““кадастрын зураглалын мэдээллийн сан” гэж бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн санг”, Газрын тухай хуулийн 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасныг тус тус зөрчжээ.

Иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газар нь газрын координатын мэдээлэлд тулгуурласан шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэн гаргасан Кадастрын тухай хуульд нийцсэн баримт бичиг байхыг шаардах болохоос байршлыг “Москва” хороололд гэсэн нэг өгүүлбэр, эсвэл өөр газар эзэмшигч компанийн ойр хавьцаа гэсэн дам байдлаар тодорхойлох боломжгүй. Газрын тухай хуулийн 3.1.3-т ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.7-д ““газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасны дагуу газар эзэмших эрх “газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаар үүссэн гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч “Б” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 сарын 09-ний өдрийн 366 дугаар тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон гэх боловч тус газар эзэмшүүлэх шийдвэрт үндэслэн гэрээ байгуулж гэрчилгээ авч, кадастрын зургаар эзэмшил газрын хил заагийг баталгаажуулж газрын мэдээллийн санд оруулаагүй байх тул дээрх захирамжид дурдсан 13.5 га талбайд газар эзэмших эрх тус компанид үүсээгүй байна. Гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй байгаа энэхүү нөхцөлд нэхэмжлэгч компанийн эзэмших ёстой гэж нэхэмжлээд байгаа газар байршил, кадастрын хувьд хаана байгаа вэ гэдэг нь бодит болон хууль зүйн ач холбогдолгүй.

Иймд, гэрчилгээ аваагүй, гэрээ байгуулаагүй, кадастрын зургаа ч үйлдээгүй компанид газар эзэмших эрх бий болсон, байсан мэтээр тайлбарлан дээрх хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь Газрын тухай хуулийн дээрх заалтууд болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэгч өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн үед хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах, шүүх дээрх нөхцөл хангагдсан үед нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхээр мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д тус тус заасантай нийцэхгүй байна

2. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Магадлалын хянавал хэсэгт “тухайлбал 5000 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон талаар нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн уг захирамжаар олгогдсон газрыг хүлээн зөвшөөрч байсан гэх агуулгаар бус харин “...Б.З эхний ээлжинд энэхүү гэрээг байгуулж бай, дараа нь газрыг нэмэгдүүлж олгоно гэсний дагуу гэрээ хийсэн...” гэсэн тайлбар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Үүргийн биелэлтийн тухай” 14/4170 дугаар албан бичиг болон “илтгэх хуудас”-т “...хууль тогтоомж зөрчсөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн дарга Б.З-д хариуцлага тооцох арга хэмжээ авах саналыг тус тус нийслэлийн Засаг дарга Э.Б-д гаргасан” зэргийг тодруулж, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай, түүнээс гадна эдгээр албан бичиг, дүгнэлтийн аль алинд нь “Б” ХХК-ийг 2004 оны сургууль, цэцэрлэгийн барилга барих сонгон шалгаруулалтад шалгарсан” гэж дүгнэсэн.

Иймд хариуцагчаас чухам ямар үндэслэлээр сонгон шалгаруулалтын талаар зөрүүтэй байр суурь илэрхийлж байгааг ч нягтлах шаардлагатай хэмээн Засаг даргын Тамгын газрын дотоод хяналт шалгалтын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Үүргийн биелэлтийн тухай” 14/4170 дугаар албан бичиг болон “илтгэх хуудас” зэрэг баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж түүнд дурдсан агууллагад дүгнэлт өгөхийг анхан шатны шүүхэд даалгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д ”шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Дээрх албан бичиг, “илтгэх хуудас” нь хариуцагч байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглагдаж болох баримт бөгөөд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх дээр гаргасан албан ёсны хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурийг харгалзан хэргийг шийдвэрлэх ёстой.

Хэрэгт оролцогч биш, шүүхээс томилогдсон шинжээч биш этгээдийн маргааны талаар дүгнэсэн баримт бичгийг шүүх авч агуулгад нь дүгнэлт хийж дүгнэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.З-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасан зарчимд харшилна.

Илтгэх хуудас бичих болсон дотоод шалгалт нь дотоод хяналт зохион байгуулах эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авалгүй явагдсан бөгөөд түүнийг үндэслэсэн албан бичгийг мөн л албан ёсны эрх бүхий этгээд бус Засаг даргын зөвлөх гарын үсэг зурж хүргүүлсэн байдаг. Цаашлаад дээрх албан бичиг болон илтгэх хуудас нь шүүхэд хянан хэлэлцэгдэж буй маргааныг бүхэлд нь дүгнэж аль нэг талд нь шийдвэрлэсэн шинжтэй байдаг тул дээрх баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийдвэрийнхээ эх үндэс болгох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан үндсэн зарчмыг зөрчхөөр байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/246 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 12.2, 33.1.2, 33.4, 61.1, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дахь заалт”-ыг тус тус үндэслэн мөн Засаг даргын 2004 оны 366 дугаар, 2010 оны 815 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон; Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны “Газар эзэмших, ашиглах эрхийн ...талбайн хэмжээ, ...өөрчилж баталгаажуулах тухай” 182 дугаар захирамжаар иргэн Б.Н-д мөн Засаг даргын 2007 оны 65 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 2000 м.кв газрыг нэмэгдүүлж 8789 м.кв газар эзэмшүүлсэн, нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/755 дугаар захирамжаар Б.Н-д 8690 м.кв газар эзэмшүүлэхээр баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь нийслэлийн Засаг даргын болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дээрх захирамжуудад холбогдуулан нэхэмжлэл гаргаж “сонгон шалгаруулалтад шалгарч газар эзэмшсэн, уг газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамааралгүй, бусдын газар эзэмших, ашиглах эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон, үндэслэлгүйгээр газрын хэмжээг багасгасан, Б.Н-ийн эзэмшлийн газрыг томсгон манай эзэмшлийн газарт давхцуулан эзэмшүүлсэн байна” гэж маргажээ.

- Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 366 дугаар захирамжаар “төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан” гэж “Б” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т Ч” ХК-ийн зүүн талд байршуулан сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын зориулалтаар 1.35 га газар эзэмшүүлсэн, үүний дараа 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжаар газрын хэмжээг өөрчлөн 5000 м.кв газар болгож эзэмшүүлсэн,“Б” ХХК-ийн 5000 м.кв газар эзэмших эрх нь 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0228... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажсан байна.

Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2013 оны А/246 дугаар захирамжаар дээрх 2004 оны 366 дугаар, 2010 оны 815 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохдоо “нийтийн эдэлбэрийн зам талбайд газар эзэмшүүлсэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлсэн” гэх зэрэг үндэслэл дурджээ.

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “нийтийн эдэлбэрийн газарт гудамж, талбай, зам, ...зэрэг  газар хамаарах”-аар, 31 дүгээр зүйлийн 31.2-т  “...газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд... эзэмшүүлж болохоор заагдсан байх”-аар, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх”-ээр, 61 дүгээр зүйлийн 61.1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, ...зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох”-оор, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ...тус тус өөрчлөх буюу хүчингүй болгох”-оор тус тус заасан байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг шалгах, “сонгон шалгаруулалт”-тай холбоотой нотлох баримтыг цуглуулах ажиллагаа явуулахад “газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт”-ыг явуулсантай холбоотой материал “байхгүй байна” гэж холбогдох байгууллагууд нь мэдэгдсэн, 2004 оны нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн баталсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.9 га газарт баригдах “Москва хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургаар тухайн байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын цогцолбор баригдахаар төлөвлөгдсөн зэрэг нь тогтоогджээ.

Эндээс үзвэл, маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл бүрэн байгаагүйн зэрэгцээ “төсөл сонгон шалгаруулалт” хэрхэн явуулсантай холбоотой материал нь нийслэлийн Засаг  даргын 2004 оны 286 дугаар захирамжийн дагуу уг сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулж явуулах эрх бүхий байгууллагад байгаагүй асуудалд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй.

Үүний зэрэгцээ өмнөх Засаг дарга “газрын тухай хуулийг зөрчсөн” гэж нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндсөн шийдвэрийг дараагийн Засаг дарга гаргахдаа “сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга”-ын зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр нь нийтийн эрх ашигт нийцсэн, хууль ёсоор газар эзэмшигч, ашиглагч /бусад/-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байдлыг анхаараагүй нь буруу байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 13.5 га газарт цэцэрлэгийн цогцолбор барилгуудыг өөрийн хөрөнгөөр барьж нийслэл, дүүргийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь маргаан бүхий 2013 оны А/246 дугаар захирамжийг хүчингүй болгох, 13.5 га газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрчилгээ олгохоор тохиролцож “Эвлэрлийн гэрээ” байгуулсаныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 540 дүгээр захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан /уг захирамж нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон/-аас үзвэл, нэхэмжлэгчид 5000 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох бодит нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь 5000 м.кв газар эзэмших эрхийг “төсөл сонгон шалгаруулалт”-ын зарчмаар авахдаа эрхийн гэрчилгээний үнэ төлж авах ёстой байна.

Дээрх байдалд үндэслэн дүгнэвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “нийслэлийн Засаг даргын 2013 оны А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг “...газрын үнэ төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримтгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэсэн дүгнэлтээр хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, анхан шатны шүүх дутуу дүгнэлт хийсэн гэж үзвэл нэхэмжлэгчийн уг шаардлагыг нотлох баримтуудад үндэслэн өөрийн дүгнэлтийг хийх бүрэн боломжтой байтал хийгээгүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнээс хальж “...газрын байршлыг тогтоолгох, байршлын кадастрын зураг нь ерөнхий төлөвлөгөөний зурагтай тохирч байгаа эсэхийг нягтлан шалгах”, нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар буюу “гуравдагч этгээд “Ө” ХХК-д шилжүүлсэн газартай холбоотой баримт” зэргийг цуглуулах шаардлагатай гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “...давж заалдах гомдлын хүрээнд хянах...” хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 815 дугаар захирамжаар “...техникийн зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын дүгнэлтийг хянан үзэн” гэж дурдаж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг өөрчлөн 5000 м.кв эзэмшүүлж, өмнөх 2004 оны 366 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосон, үүний дагуу 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан “газар эзэмшүүлэх” гэрээ, газар эзэмших эрхийн 0228... дугаар гэрчилгээгээр нэхэмжлэгч нь 5000 м.кв газар эзэмшсэн, газрын хэмжээг өөрчилж, 5000 кв газар эзэмшүүлсэн нь “үндэслэлгүй” гэж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй, уг үйл баримттай нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй байна.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээгээр 5000 м.кв газрыг эзэмшсэн атлаа эдгээрийн үндэслэл болох 5000 м.кв газар эзэмшүүлэх уг шийдвэрийг “илт хууль бус болох”-ыг тогтоолгох шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй, нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагын агуулга нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 366 дугаар захирамжийг “сэргээх” зорилготой, гэтэл уг захирамж нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/246 дугаар захирамжийг гаргах үед өмнө нь хүчингүй болсон байснаас үзвэл, уг шаардлага нь “маргааны зүйл”-д хамааралгүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх “газрын хэмжээг 5000 м.кв болгож багасгасан үндэслэлийг тодруулах” гэж хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй баримтыг цуглуулах үндэслэлгүй шаардлага тавьжээ.

- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар, нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/755 дугаар захирамжуудын Б.Н-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 182 дугаар захирамжаар Б.Н-д мөн Засаг даргын 2007 оны 656 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 2000 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 8789 м.кв газар эзэмшүүлсэн, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/755 дугаар захирамжаар Б.Н-ийн 8690 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан, Б.Н-ийн анх бусдаас шилжүүлэн авч эзэмшсэн 1200 м.кв газрыг жил бүр үндэслэлгүйгээр нэмэгдүүлж эзэмшүүлсэнээс 1289 м.кв газрыг давхцуулсан гэж нэхэмжлэгч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Б.Н-д 2011 онд нэмж газар эзэмшүүлэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэд 19,118, 000 төгрөг төлүүлж эзэмшүүлсэн, уг нэмэгдүүлсэн газар нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0228... дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр баталгаажсан 5000 м.кв газарт давхцалгүй нь тогтоогдсон байна.

Иймд, Б.Н-д 8690 м.кв газар эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан Сонгинохайрхан дүүргийн болон нийслэлийн Засаг даргын дээрх захирамжууд  нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан зохицуулалтад нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлд зөв дүгнэлт хийж чадаагүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй асуудлаар нэмэлт нотлох баримт бүрдүүлэх, үүнд дүгнэлт хийлгүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.4-т заасантай нийцсэнгүй.

Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах”-ыг хүссэн гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд Б.Н-ийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ           

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ