Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0522/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1018 |
Огноо | 2022-10-31 |
Зүйл хэсэг | 27.10.4.1., |
Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1018
2022 10 31 2022/ШЦТ/1018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Ч.Батбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж , түүний өмгөөлөгч О.Анхбаяр,
Шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Мөнхтуяа,
Иргэний хариуцагч Б.Н , түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
Гэрч С.Т , Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тугай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Ч гийн Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19. .оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн .. Хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ... цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, З овогт Ч гийн Б , /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой 20 цаг 00 минутын үед Сүхбаатар дүүргийн ... хороо, ...замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 2.37 хувийн согтолттой үедээ “Х..” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;, з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих;”, мөн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам засварын ажил хийж байсан Ц.М г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Б нь “...Сүхбаатар дүүргийн ... хороо ... замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /2.37 хувийн согтолттой/ үедээ “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ...зам засварын ажил хийж байсан Ц.М г мөргөж амь насыг нь хохироосон...” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 5-11, 14-15 дугаар тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 12 дугаар тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний нөхөр Ц.М нь ...хэсэг ажилгүй байж байгаад “...” ХХК-д хэд хоногийн ажил байна гээд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс ажилласан юм. Тухайн ажил нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусна гэж хэлж байсан. Тэгээд 11 дүгээр сарын 03-ны өдөр осолд орсон. ...осолд ордог өдрийн өглөө ажилдаа яваад ...18 цагийн үед залгаж утсаар ярихад “өнөөдөр ажил ихтэй байна, оройтно” гэж хэлсэн. Тухайн ажилд ороход ямар нэгэн гэрээ хийгээгүй, цалингаа өдөр, өдөрт нь авч байхаар тохиролцсон. ...гэр бүлийн найз Э “ийм ажил байна, хамт хийх үү” гэж хэлээд тухай ажлыг хийхээр болсон. ...Тухайн зам дээр ажил хийж байсан компани ямар ч тууз татаагүй, ажилчдын аюулгүй байдлыг хангаагүй. Жолооч согтуугаар автомашин жолоодсонд гомдолтой байна. Миний том хүү М.Э /7 настай/ ... дугаар сургуульд сурдаг. Дунд хүү М.Э /5 настай/ ... дугаар цэцэрлэгт явдаг. Бага охин М.Н /9 сартай/ хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ганц ажил хийж орлого олдог хүн манай нөхөр байсан. ...Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг 1 дүгээр хх-ийн 27-28 дугаар тал/,
-2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн: “...... ХХК-с орон сууц нэхэмжилж байна. Харин оршуулгын зардал болох 19.592.946 төгрөгийг жолооч Б гээс нэхэмжилж байна. Оршуулгын зардалд Б гээс 6.000.000 төгрөгийг, ... ХХК-иас 3.000.000 төгрөг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30 дугаар тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би маш их гомдолтой байна. Эдгээр хүмүүсээс надтай хэн нь ч ирж уулзаагүй. Би одоо 3 нялх хүүхэдтэй өнчирч хоцорч, түрээсийн жижиг хашаанд монгол гэрт амьдарч байна. Би ... дугаар цэцэрлэгийн гал тогоонд цагийн ажил хийгээд ой гарантай хүүхдээ дагуулаад явж байна. Миний авч байгаа цалин юунд ч хүрэхгүй байна. Жолооч надад 6 сая төгрөг, харин компани 5 сая төгрөг өгсөн. Би Б гээс оршуулгын зардалд нийт 13 сая төгрөгийг нэхэмжилж байна. Харин компаниас 37.800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад ажил хийх боломж байхгүй тул компаниас давхар дулаан орон байрыг нэхэмжилнэ. Надад миний гурван хүүхдийг харж өгөх ах, дүү байхгүй. Учир нь би айлын ганц хүүхэд. Мөн хэрэг гарснаас хойш хохирол төлөхгүй, надтай ирж уулзахгүй, ингэж удаж байгаад маш гомдолтой байна. Шүүгдэгч адилхан эцэг хүн байж яагаад миний үр хүүхдийг бодож болохгүй байгаа юм бэ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Иргэний хариуцагч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... “...” ХХК-ийн талбайн инженер Т над руу залгаад “согтуу жолооч манай компани дээр гэрээгээр ажил гүйцэтгэж байсан хүнийг мөргөчихлөө” гэж мэдэгдсэн. ...2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тухайн замд явган хүний замын засварын ажил хийж байсан. Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газартай 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №ЗТХЯ/2021030662 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэж байсан. Манай инженер Т тухайн нас барсан хүнийг ажиллаж байсан гэсэн. Би танихгүй. О гэх хүнтэй 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр утсаар залгаж яриад “Бэлх дээр явган хүний замын ажил байна. ...Т инженертэй уулзаад хэд хоног ажиллах, хэдэн хүн ажиллуулах талаар тохирчих” гэж хэлсэн. ...Тэгээд дараа өдөр нь надтай дахиж яриад 7 хоногийн хугацаанд ажлыг 8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, урьдчилгаа 3.000.000 төгрөгийг төлсөн. Би О тай амаар тохиролцсон. Манай компанийн хөдөлмөр хамгааллын ажилтнаар инженер Ж.Д ажилладаг. Талбайн инженер өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг. ...бригадтай байгуулсан гэрээгээр бол хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг тухайн бригад хариуцна. ...газар шорооны ажил хийж байгаа гэсэн тэмдэг, анхааруулах тумба ажилчдын хувцас, бээлий хантааз, малгайгаар хангадаг. Мөн хамгаалалтын тууз ашигладаг. Орой болж байсан болохоор зарим нэг тэмдгийг хурааж байсан байдалтай байсан гэж талбайн инженер хэлсэн. ... ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан бригадын гишүүн. Бид ар гэрт нь 2.000.000 төгрөг өгсөн. ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...О гэх хүнтэй анх ярьж талийгаачид ажил олгосон. Тухайн ажил улирлын чанартай тул бригадтай хамтарсан ба ирээд талбайгаа үзээд ажиллаж болох эсэхээ үзчих гэж би О т хэлсэн. О хэлсэнчлэн 2021 оны 10 дугаар сарын 29-нд ирээд тухайн ажлыг 7 хоногийн хугацаанд хийх юм байна. Урьдчилгаа мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Ингээд би 3.500.000 төгрөгийг тус ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлээд, О өөрийн хүмүүсээ авч ирж ажиллуулж эхэлсэн. Манай компаниас хэрэг болсны дараа талийгаачийн ар гэрт нь 2 сая төгрөг өгөөд, дараа нь мөн 3 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Түүнчлэн тохирсон ажлыг хийж дуусгаагүй ч О т ажлын хөлсийг бүрэн өгсөн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Ж.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “... ХХК-д 2019 оны 9 дүгээр сараас эхлэн Хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байгаа. Осол болохоос 14 хоногийн өмнө 10 дугаар сарын 20-ны өдрөөс ойрын хавьтал болоод гэртээ тусгаарлалтад орсон байсан учраас тухайн ослын талаар сайн мэдээгүй. Харин орой “...” ХХК-ийн захирал Н над руу залгаж осол болсон тухай хэлсэн. Намайг тусгаарлалтад байх хугацаанд захирал Н ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцаж байсан. Харин талбай дээр талбайн инженер С.Т ажилчдад өдөр тутмын зааварчилгаа өгч байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 101-102 дугаар тал/,
Гэрч С.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн зам дагуу явган замын асфальтан хучилт хийх ажлыг хийж байсан. ...би замын хойд талд машинд суугаад утсаар яриад асфальтны тоо бодоод сууж байсан чинь “хүн машинд мөргүүлчихлээ” гэж орилолдохоор нь машинаас буугаад ирэхэд манай ажилтан М г зам дээр ажил хийж байхад нь зорчих хэсэг дээр ... маркийн ... улсын дугаартай машин мөргөсөн байсан. ...М тай байгуулсан ажлын гэрээ байхгүй. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаад өдөр, өдөртөө цалингаа авдаг байсан. ...М д хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байсан. ...түр тэмдэг байсан боловч “....” маркийн машин асфальт буулгахаас өмнө машин мөргөөд хугалчихсан байсан болохоор замын хажууд гаргаад тавьсан байсан. ...М г машинд мөргүүлээд газар уначихсан байхад нь очиход хантаазгүй байсан. Яагаад хантааз өмсөөгүй байсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 247-248 дугаар тал/,
Гэрч О.Ж ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би асфальт буулгаж дуусад хойд талын урсгалдаа ороод ...зам чөлөөлөөд зогссон. ...Намайг машиндаа байж байхад түргэний машин ирсэн. ...зорчих хэсэгт 2-3 тумба тавьсан байсан. ...харин ажил явагдаж байна гэсэн түр тэмдэг хугарчихсан замын хажууд хэвтэж байсан. ...зорчих хэсэгт өөр ямар нэгэн тэмдэг байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудас/,
Гэрч Ч.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... “...” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагийн ажилтнаар ажиллаж байсан юм. Манай найз О “өдөр өдөртөө цалинг нь өгдөг ажил хийх үү” гэхээр нь тухайн ажилд М н хамт орсон. ...20 цагийн үед Хово маркийн автомашиныг тумба тавьж зам хааж байгаад урсгал сөрүүлж зогсоогоод ...шанагадаж авах гэж байсан ...түгжээ нь мултарч зорчих хэсэг дээр асфальт асгачихсан. ... хөдлөөд үндсэн эгнээндээ орсон, тэр үед би хийж байсан явган хүний зам дэрээ асфальт хүрзээр тараагаад зогсож байтал гэнэт аймар дуу гараад эргээд харсан чинь манай найз М машинд мөргүүлчихсэн зорчих хэсэг дээр ухаангүй байдалтай, ертөнцийн зүгээр толгой нь хойд зүгт харчихсан хэвтэж байсан. Тэгээд би гүйж очоод тэвдээд хүрч чадахгүй байж байтал ...М г мөргөсөн машины жолооч эхнэрийн хамт бууж ирсэн. ...тэгээд 103 эмч ирээд үзчихээд нас барсан байна гэж хэлсэн. ...М хүрэн өнгийн малгайтай цамцтай, энгийн өмдтэй байсан. ...ажилд ороход “...” ХХК нь нэг хантааз өгсөн. ...бариад, суга нь урагдсан тул тайлаад тавьсан байсан. ...ажлын гэрээ байгуулаагүй. ... машины урд 1 тумба байрлуулсан байсан. Замын голын цагаан зураасны ойролцоо 1 тумба байрлуулсан байсан. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 1-3 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн өгсөн: “...нийт 5 хоног ажилласан. Ажил өглөө 9-18 цаг хүртэл ажиллаж байсан. ...өдрийн 50.000 төгрөг гэж хуулийн зөвлөх эмэгтэй нь ирээд хэлж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын хувцас, хантааз өгөөгүй. ...зам дээр асфальт асгарсан байсан нь үнэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч С.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “...” ХХК-д 2020 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байгаа юм. ...Хэрэг болсон газарт ирэхэд осол гарчихсан байсан. ...машинаас 4-5 метр орчим шидэгдсэн байсан. ...толгойн хэсэгт зам цус болсон. ...үндсэн ажилтнуудад компаниас хувцас өгсөн байсан. Цагийн ажилтнуудад хантааз өгдөг юм. Тухайн ажилтан осол болох үед энгийн хувцастай байсан. Өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. ...Өглөөд талбайн инженер амаар зааварчилгаа өгөөд бичгээ танилцуулж гарын үсэг зуруулж байсан. ...Замын түр тэмдэг байрлуулаагүй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 6-8 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн үед манайд үндсэн 10 гаруй хүн ажиллаж байсан. Талийгаач нь О гэж хүний бригадаас ирж ажиллаж байсан. Үндсэн ажилтан биш байсан. ...Хөдөлмөр хамгааллын зааварчилгааг Т өгч гарын үсэг зуруулж байсан. ...ажлын хантааз бүх хүнд өгдөг байсан. ...намайг машин байрлуулаад буцаад ирэхэд осол болсон байсан. ...осол болох үед гадаа харанхуй болсон байсан. Талийгаач хантаазгүй байсан. Талийгаач “...” ХХК-ийн замын ажлыг О ын бригадаас ирж хийж байсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч С.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... “...” ХХК-ийн захирал Н залгаад ...ажил хийх хүн байна уу гэхээр нь би өмнө нь ажиллаж байсан Э руу залгаад явган хүний зам тавих ажил байна гэж хэлээд ...инженер Т аа гэх хүнтэй уулзуулсан. ...Э ямар хүмүүстэй очсоныг мэдэхгүй байна. ...Осол болох өдөр асфальтны индүү рүү алхаж байх үед 19 цаг 50 минутын орчим тас хийх чимээ гарсан. Осол болсон газраас 40-50 метр орчим зайтай байсан. Тэгээд эргээд хартал машин хүн дайрсан байсан. Очсон чинь зорчих хэсэг дээр ертөнцийн зүгээр баруун тийш харчихсан, толгойноос нь цус гарсан хэвтэж байсан. ...ажил хийж байсан ажилчдын зарим нь хантаазтай, зарим нь ажлын хувцастай хантаазгүй байсан. ...Ослын тэмдэг байсан эсэхийг анзаараагүй. ...аюулгүй байдлыг инженер Т хангаж байсан. ...урьдчилгаа 3.500.000 төгрөгийг надад өгсөн байсан. Түүнээс 3.000.000 төгрөгийг Э т өгсөн байсан. ...Ажлаа дуусгаад тоо хэмжээ, хийсэн ажлаар нь тооцож өгөхөөр тохирсон байсан. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 14-16 дугаар тал/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “Талийгаач Ц.М н цогцост баруун зулайн яснаас дух яс, суман заадас, дагз яс, суурь яс, ухархайн ясыг хамарсан нийлмэл хугарал, их, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг хамарсан тархмал аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны гадна, дотор дух, зулай хэсгийн цус харалт, зулгаралт, хөмсөг, зовхи, хамар, сарвуу, шилбэ, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх үхэлд хүргэсэн гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай, гэмтлүүд ба хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 40 минутад цогцсны гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг орчим болсон байна. Талийгаач нь гуравдугааар бүлгийн цустай байна. Талийгаачийн цус, шээс, ходоодны шингэнд согтууруулах, мансууруулах төрлийн бодис илрээгүй байна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 34-35, 39-43 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн... дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Ч.Б ” гэсэн хаягтай цуснаас 1,7 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1,7 промилли спиртын агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байсан тул энэ төрлийн шинжилгээ хийх боломжгүй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 63-64 дүгээр тал/,
Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн хариулт хэсэгт: “...Хариулт 1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэгийн тохиргоо алдагдсан байлаа. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил гол хэсэгтээ цацарч, цөмөрсөн, урд копут баруун гар талын урд хэсэгтээ бага зэрэг хонхойсон, зүүн гар талын хойд хонго сэмэрч зэвэрч муудсан. Улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
Хариулт 2. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэгийн тохиргоо алдагдсан байлаа. Урд салхины шил гол хэсэгтээ цацарч, цөмөрсөн /шинэ/, урд копут баруун гар талын урд хэсэгтээ бага зэрэг хонхойсон /шинэ/, зүүн гар талын хойд хонго сэмэрч зэвэрч мууудсан /хуучин/, улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын тоормозны гэрлийн чийдэн асахгүй, ухрахын 2 гэрлийн шийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.
Хариулт 3. Урд салхины шил гол хэсэгтээ цацарч, цөмөрсөн /шинэ/, урд копут баруун гар талын урд хэсэгтээ бага зэрэг хонхойсон /шинэ/, зүүн гар талын хойд хонго сэмэрч зэвэрч мууудсан /хуучин/, улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй, ухрахын 2 гэрлийн шийдэн асахгүй ашиглалтын явцад үүссэн гэмтлүүд тул тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо алдагдал нь дугуйн хээ жигд бус элэгдэлтэд нөлөөлдөг, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй зэрэг нь тухайн зэм тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тодорхойлох боломжгүй байна.
Хариулт 4. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS системтэй байна. Тоормос бүрэн ажиллагаатай байна.
Хариулт 5. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS тул уг тээврийн хэрэгслийг тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, тээврийн хэрэгслийн хурд тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 79-85 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруу дээр маргах зүйлгүй, би мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирогчийн оршуулгын зардлыг төлнө. ...Цаашид ч тус болно...” гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр “...амь хохирогч Ц.М нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан ...үхэлд хүргэсэн гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлүүд ба хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэсэн ба энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон.
Шүүгдэгч Ч.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ ...тээврийн хэрэгсэл жолоодох;
мөн дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, з/ зам дээр ажил хийх үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих;
мөн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийн хувьд хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, харин согтуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн нь тус зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.
Шүүгдэгч Ч.Б нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Ч.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцсон болно.
Иймд шүүгдэгч Ч.Б г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь насыг хохироосон” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Тус хэрэгт “... ХХК”-г иргэний хариуцагчаар 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан.
Шүүгдэгч Ч.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, улмаар Ц.М н амь насыг хохироосон ба хүний амь нас хохирсон уг гэмт хэрэг гарахад “... ХХК” нь замын ажил хийж гүйцэтгэхдээ тэмдэг тэмдэглэл байрлуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй нь хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Харин хуулийн этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...” ХХК-г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.2 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан байна. /1 дүгээр хх-ийн 132 дугаар тал/,
Иймд хохирогчид учирсан оршуулгын зардыг “... ХХК”-ийн захирал Б.Н хариуцах үндэслэлгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн оршуулгын зардалд 9.895.819 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохиролд тооцож нэхэмжилсэн шаардлагаас газрын үнэ, гар утас зээлээр худалдан авсан зээлийн үлдэгдэл болон тамга, тэмдэг дарж албажаагүй баримт бүхий хохирлын үнийн дүнг хасч хохирлын хэмжээг шүүхээс тогтоосон болно.
Шүүгдэгч Ч.Б нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж д оршуулгын зардалд тооцон 6.000.000 төгрөг төлсөн /2 дугаар хх-ийн 137-139 дүгээр тал/ байх бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс хохиролд тогтоосон 3.895.819 төгрөгийн оршуулгын зардлыг шүүгдэгч төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, 3.896.000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүх шүүгдэгч Ч.Б г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж гээс нэхэмжилсэн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал: Нас барагч Ц.М н цалин хөлс, орлого нотлох баримт, насанд хүрээгүй хүүхдүүдэд тэтгэмж тогтоолгосон эсэх, тэтгэмжийн хэмжээ, түүнийг нотлох баримт хэрэгт тус тус авагдаагүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж гийн Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар “гэм буруутай этгээд болох Ч.Б ”-с насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нь иргэний хариуцагчаар тогтоогдсон “... ХХК”-иас хүүхдүүдийн хамт амьдрах дулаан байр /орон сууц/, цалин, хөлс, 36 сарын тэтгэмжийн мөнгө нэхэмжилсэн бөгөөд шүүх иргэний хариуцагч “...” ХХК-иас хохиролд орон сууц гаргуулах хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй байна гэж үзэж уг шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Харин “...” ХХК, амь хохирогч Ц.М нарын хоорондын хөдөлмөрийн харилцаатай холбоотой шаардлага /цалин хөлс, 36 сарын тэтгэмж/-ыг хууль ёсны төлөөлөгч С.Ж нь холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ч.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэсэн;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагаас: “...хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Иймд шүүхээс дээрх бүгдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ...ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү...” гэсэн;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс: “...Шүүгдэгч Ч.Б нь өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас энэхүү хэрэгт холбогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж гийн өмгөөлөгч О..аас: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн;
Иргэний хариуцагч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н ын өмгөөлөгч С..ээс: “...Ч.Б гийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг багаар тогтоож өгнө үү...” гэсэн;
Шүүгдэгч Ч.Б гээс: “...буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бага ял оноож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Б г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг төлсөн...” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 123 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр тал/, оршин суугаа хорооны тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар тал/, жолоочийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 124-125 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй талаарх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 127 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 128 дугаар тал/, гэрч Ч.А ийн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 18 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шүүгдэгчийн хувийн байдалд үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б гийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч Ч.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, ...аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд “хүний амь нас хохирсон” хохирлыг нөхөн төлөх, зөрчигдсөн амьд явах эрхийг сэргээх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэсэн хуулийн шаардлага хангагдах боломжгүй гэж шүүх үзсэн болно.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж;
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Ч гийн Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь насыг хохироосон” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор шүүгдэгч Ч.Б , иргэний хариуцагч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар “насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү”-г шүүгдэгч Ч.Б гээс,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар “хөдөлмөрийн харилцаатай холбоотой /цалин хөлс, 36 сарын тэтгэмж/-ыг иргэний хариуцагч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН