| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
| Хэргийн индекс | 136/2018/00410/И |
| Дугаар | 136/ШШ2018/00435 |
| Огноо | 2018-12-05 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 136/ШШ2018/00435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар багт оршин байх, “Х”-ны ..... салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Хөрөнгө үнэлгээний “А" ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө, газар үнэлсэн 2017 оны 4-р сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 172 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Э, Ц.Э нараас 73,714,471 төгрөг гаргуулан “Хаан банк”-ны Дорноговь салбарт олгохоор шийдвэрлэсэн.
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул ... 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ...1150 дугаартай шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 328, 329 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг олгосноор ... 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01, 02 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ...үнийн санал дээр харилцан тохиролцоонд хүрч чадаагүй тул эд хөрөнгийн үнэлгээг “А” ХХК нь 2017 оны 4-р сарын 04-ний өдөр “Дорноговь аймаг Сайншанд сумын ... дүгээр баг ... байр .... тоот .... м.кв талбай бүхий орон сууц, газрыг” нийт 77,613,100 төгрөгөөр үнэлсэн, ...
Энэ тухай 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийн материалтай албан ёсоор танилцахдаа мэдсэн. ...үнэлгээг хуульд заасан шаардлагад нийцүүлэн танилцуулж, мэдэгдсэн талаарх албан ёсны баримт шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт авагдаагүй, Өөрөөр хэлбэл ...үнэлгээтэй бид хуульд заасны дагуу танилцаагүй гэж үзэж байна. ...танилцсан тухай баримтыг ...шийдвэр гүйцэтгэх газар нотлох шаардлагатай. Энэ нөхцөл байдал нь шүүхээс иргэний хэрэг үүсгэн шалгаж, талуудаас тайлбар, нотлох баримт бүрдүүлэн, хэргийг шийдвэрлэх явцад тогтоогдох боломжтой болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан.
Гэтэл хөрөнгийн үнэлгээг “А" ХХК-иар 2017 онд хийлгэсэн боловч нэхэмжлэгчид буюу төлбөр авагчид хуульд заасны дагуу танилцуулаагүйд гомдолтой байна.
Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд “А" ХХК-ийн хийсэн 2017 оны 4-р сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь шүүхэд болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37,2,2-т заасны дагуу талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тохиролцоогүй тул 2017 оны 3 дугаар 16-ны өдөр 1/268 тоотоор “А" ХХК шинжээчээр томилж, үнэлгээг .... 77,631,111 төгрөгөөр тогтоон 2017оны 4 дүгээр сарын 04-нтй өдөр гаргаж, 16-ны өдөр ирүүлснийг 2017 оны 4 дүгээр 18-ны өдөр “Хаан банк”-ны төлөөлөгч З.Г-д мэдэгдэж, тэмдэглэл хөтлөж, санал хүсэлтийг нь авсан, энэ тухай баримтаар хэрэгт нотлож өгсөн.
Уг үнэлгээ хүчинтэй байгаа, түүнчлэн төлбөр авагч мэдэгдээгүй, танилцаагүй байх боломжгүй буюу дуудлага худалдаа зохион байгуулахад дэнчинг байршуулсан баримтаар хамт нотлогдох тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк”-ны Дорноговь салбар нь хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгө үнэлгээний “А” ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө, газар үнэлсэн 2017 оны 4-р сарын 04-ний өдрийн үнэлгээг төлбөр авагчид хуульд заасан хугацаанд танилцуулаагүй, мэдэгдээгүй тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1-3/
Нэхэмжлэгчээс банкыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гаргах, төлөөлөн оролцох, ...зэргээр оролцох эрхтэйг нотлож итгэмжлэл, тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээг /хх-5-10 дугаар тал/,
-мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх 2016 оны 12-р сарын 12-ны өдрийн №02 ажиллагаа үүсгэх тогтоол /хх-11/, 2017 оны 03-р сарын 14-ний өдрийн №09 тоот шинжээч томилох тогтоол /хх-12/, Шүүхийн 2017 оны №388 дугаартай шийдвэр /хх-13-17, Шүүхийн 2016 оны №172 дугаартай шийдвэр /хх-18-21/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2016 оны 1150 тоот шүүгчийн захирамж /хх-22/, гүйцэтгэх хуудас 328-329 /хх-23-24/, Шүүхийн 2018 оны 6-р сарын 11-ний өдрийн №221 дугаартай шийдвэр /хх-25-28/, 2018 оны №24 магадлал /хх-29-34/ зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж ирүүлжээ.
Зохигч буюу нэхэмжлэгч үнэлгээг хуульд заасан хугацаанд мэдэгдэж, танилцуулаагүй, үнэлгээ нь зах зээлийн үнэ ханш, онцлог шинж байдлаас огт зөрүүтэй, бодит байдал зарагдахгүй орон сууцыг өндөр үнэлсэн гэж /хх-1-3/,
хариуцагч нь үнэлгээг танилцуулсан,... дуудлага худалдаанд оролцох дэнчингийн үнийг төлсөн нь ...үнэлгээг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. /45-47 дугаар тал/
Хариуцагч буюу Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариу тайлбарын хамт /хх-48-64, ... А ХХК-ийн 2017 оны 04-р сарын 04-ны өдрийн үнэлгээг мөн сарын 16-ны өдөр хүлээн авсныг 18-ны өдрийн 15 цаг 27 минутад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-д танилцуулсан, мэдэгдсэн, санал хүсэлтийг нь авсан тухайг нотлож ирүүлжээ. /хх-65/
Мөн үнэлгээг 2017 оны 04-р сарын 27-ны өдрийн 11 цаг 23 минутад тус тус танилцуулж тэмдэглэл үйлдсэн, мэдэгдэл хүргүүлжээ. /хх-70/
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 172 дугаартай шүүхийн шийдвэрээр ...Ц.Э, Ц.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73,714,471 гаргуулж, нэхэмжлэгчид олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу маргааны зүйл болсон Дорноговь аймаг, Сайншанд сумын .... дүгээр баг,....... дугаар байрны .... тоот .... м.кв талбайтай орон сууц, нэгж талбарын .......... дугаар бүхий 500 м.кв газраар тус тус хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-18-21/
Мөн шүүхийн 2016 оны 1150 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр зааж /хх-22/, шүүх /328-329/-ийн гүйцэтгэх хуудас олсон /хх-23-24/,
түүнийг үндэслэн 2016 оны 12-р сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн /хх-11/, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, мэдэгдэл хүргүүлэх, үнийн санал ирүүлэх-авах, шинжээч томилуулах хүсэлт гаргасан зэрэг ажиллагаа хийгдсэн /хх-48-64/,
2017 оны 03-р сарын 14-ний өдрийн 09 дугаар тогтоолоор маргаан бүхий хөрөнгөд шинжээчээр А ХХК-ийг томилсон /хх-12, 60/,
Шинжээч “Ашид Билгүүн” ХХК нь газар, барилгыг /нэгж талбарын 101005158 дугаар бүхий 500 м.кв газар, Улсын бүртгэлийн Ү-0713004181 дугаарт бүртгэгдсэн ... Найрамдал 117 дугаар байрны 1 тоот 200 м.кв талбайг/ 77,613,100 төгрөгөөр үнэлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. /хх-61/
А ХХК нь үнэлгээ, тайланг 2017 оны 4-р сарын 16-ны өдөр хариуцагчид хүргүүлснийг 18-ны өдөр буюу 2 хоногийн дотор төлбөр авагч, бусад этгээдэд мэдэгдэж, санал хүсэлтийг авч, танилцуулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан тухай үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын гаргасан нэхэмжлэл гомдлын хоо үндэслэлийг А ХХК-ний 2017 оны 4-р сарын 04-ны өдрийн үнэлгээ, тайланг хуульд заасан хугацаанд танилцуулаагүй хууль зөрчсөн гэж тодорхойлсон ба энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан /2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т/-ы дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгч гомдол гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн, уг ажиллагаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд хийгдсэн, хууль зөрчөөгүй байна.
Иймд үнэлгээ хүчин төгөлдөр бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн байх тул үнэлгээг зах зээлийн үнэ ханш, онцлог шинж байдлаас огт зөрүүтэй, бодит байдал зарагдахгүй, өндрөөр үнэлсэн гэх үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Ийнхүү дээр дурдсан үйл баримтаас үзэхэд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцож чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлэх нөхцөл байдал үүсчээ.
Тодруулбал, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тухайн үнэлгээг 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уг үнэлгээг төлбөр авагч “Хаан банк” ХХК-ийн Дорноговь салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г/-т 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулж, тэмдэглэл үйлдсэн, мэдэгдсэн /хх-65/ болох нь нотлогдон тогтоогдож байх ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “...Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.”-т заасныг зөрчөөгүй байна.
Харин нэхэмжлэгч “Хаан банк”-ны Дорноговь салбар нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээтэй танилцсан атлаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 “...Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.“-т заасан шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч “Хаан банк”-ны Дорноговь салбарын Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Хөрөнгө үнэлгээний “А” ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө, газар үнэлсэн 2017 оны 4-р сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Хаан банк”-ны Дорноговь салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН