Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1050

 

 

 

2022           11            09                                        2022/ШЦТ/1050              

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч Б.Дагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б ийн Д т холбогдох эрүүгийн 2209017971453 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсрогүй, мэргэжилгүй, хувиараа ачаа тээврийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 1, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б  овогт Б ийн Д  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д  нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын орчимд өөрийн эзэмшлийн автомашиндаа хөзөр тоглон сууж байхдаа хохирогч С.Б тай согтуурсан үедээ хэл амаар доромжилж, улмаар салаавч гаргаж, шүлсээрээ нулимсан гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн тохойнд зулгаралт, хамар ясны хугарал, баруун, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Б.Д  нь ...2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын орчимд өөрийн эзэмшлийн автомашиндаа хөзөр тоглон сууж байхдаа хохирогч С.Б тай согтуурсан үедээ хэл амаар доромжилж, улмаар салаавч гаргаж, шүлсээрээ нулимсан гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохисны улмаас биед нь зүүн тохойнд зулгаралт, хамар ясны хугарал, баруун, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч С.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 19 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7-н буудлын эцэст байдаг найз С н гэрээс гараад гэртээ харихаар зам хөндлөн гарахдаа үл таних Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүнээс гарц асуусан. Үүнээс болоод хоорондоо том том дуугарлаа гэх шалтгааны улмаас маргалдаж, Портер маркийн тээврийн хэрэгслээс үл таних 3 хүн бууж ирээд намайг тал талаас зодсон. Тухайн тээврийн хэрэгсэлд 3 залуу хөзөр тоглоод сууж байсан ба жолоон дээр сууж байсан залуу нь урдаас заамдах гэхэд нөгөө хоёр залуу нь араас татаж унагаасан. ...Миний хувьд 2 пиво уусан байсан ба болсон явдлаа санаж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

 

Гэрч Г.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...гэртээ байж байтал Батжаргал Сүхбаатарын утас руу залгаад хүнд зодуулчихлаа, салфетка, ус аваад 7 буудлын эцэс дээр хүрээд ир гэхээр нь би яваад очиход Батжаргалын хамраас нь цус гарсан, тохой нь шалбарсан байдалтай 7 буудлын эцсийн автобусны буудлын тойргийн орчим байсан. Зодсон хүмүүс нь хаана байна гэтэл зугтаачихсан гэж хэлсэн ба хэдэн хүн зодсон талаар надад яриагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

 

Гэрч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тухайн өдөр хэдний өдөр байсан талаар би тодорхой санахгүй байна. 2022 оны 6 дугаар сарын сүүлээр байх. Д , П   бид хэд Д ын машин дотор хөзөр тоглоод сууж байсан ба ачаа байхгүй, ажилгүй зогсож байсан. Тэгээд 18-19 цагийн орчим байх, Э  гэдэг жолооч бид гурвын хөзөр тоглохыг хараад зогсож байтал үл таних эрэгтэй хүн хүрч ирснээ үгийн зөрүүгүй Э ын шилэн хүзүүнээс нь бариад пизда минь такси барьж өг гэж хэлсэн. Би энэ байдлыг хараад чи болиоч ээ, чиний таксиг хэн яаж мэдэх юм бэ гэтэл С.Б  цаашаа явснаа эргэж ирээд машины цонхоор салаавч өгөөд нулимсан ба энэ үеэр машины арын суудал дээр сууж байсан Д  салаавч гаргасан гарыг нь барьж аваад ноцолдсон. Тэгээд Д  машинаас хөл нүцгэн буугаад тэр залуугийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохиод барилцаад авсан. Хоорондоо бие биенийгээ хэд хэдэн удаа цохиод байсан ба би бууж салгасан. Харин П   машинаас буугаагүй, хараад сууж байсан. Тэгээд салгаад Д ыг аваад машин руу орсон ба нөгөө залуу замын дэргэд боржур дээр суугаад үлдсэн. ...Д ын нүүр нь тухайн үед шалбарсан харагдаж байсан, харин нөгөө залуугийн хамраас нь цус гарсан байсан. Энэ бүхэн маш богино хугацаанд болоод дууссан. Миний хувьд энэ зодоонд бол оролцоогүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

 

Гэрч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Болсон явдлын талаар гэвэл тухайн өдөр үдээс хойш байх, Д , Х , П нар Д ын тээврийн хэрэгсэл дотор хөзөр тоглож байсан. Би цонхоор нь хараад зогсож байсан. Гэтэл нэг үл таних согтуу залуу ирээд миний шилэн хүзүүнээс атгаад автобусны буудал хаана байна гэхээр нь зааж өгтөл тэр залуу явснаа эргэж ирээд Д ын машины цонхоор нулимж, салаавч гаргаад байсан. Гэтэл Д  машинаас буугаад тэр залуугийн нүүрэн тус газар нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон ба тэгээд салцгаагаад Д  машинтайгаа яваад өгсөн юм. ...Д ыг тэр залуу цохиж зодоогүй. Харин Д  тэр залууг 2 удаа нүүрэнд нь цохисон ба хамраас нь цус гарч байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

 

Гэрч С.П  ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...С.Б  гэгчийг бол тухайн өдөр анх удаа харсан, таньж мэдэхгүй. Болсон явдлын талаар гэвэл тухайн өдөр үдээс хойш Х , Д  бид гурав Д ын машинд хөзөр тоглоод сууцгааж байсан ба биднийг тоглож байхыг машины гадна талд Э  хараад зогсож байсан юм. Гэтэл нэг үл таних эрэгтэй согтуу залуу ирээд Э ын шилэн хүзүүг алгадаж бариад өөр рүүгээ татаад такси бариад өг гэл үү, архи авч ир гэл үү нэг зүйл хэлсэн. Тэгэхээр нь Х , Д  бид хэд чи боль, мөрөөрөө явж үз гэхэд тэр залуу цаашаагаа явснаа эргэж ирээд машины цонхоор гараа оруулж салаавч гаргаад та нар ер нь юу юм бэ гэж хэлээд нулимаад байсан ба тэр залуугийн гаргасан салаавч бараг Д ын аманд нь тулсан. Тэгээд Д  уурлаж машинаас хөл нүцгэн буугаад нөгөө залуугийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиод, бие биенээ барилцаад авахаар нь Х  бид хоёр бууж салгасан. ...Тэр залууг Д  нүүрэн тус газар нь 2 цохисноос өөрөөр унагаасан, өшиглөсөн зүйл байхгүй. Х  бид хоёр бол тэр залууд гар хүрээгүй, салгасан юм. Тэр залуу Д ыг цохисон эсэхийг хараагүй, Д т учирсан гэмтэл бэртэл байгаагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 9489 дугаартай “...С.Б ын биед зүүн тохойнд зулгаралт, хамар ясны хугарал, баруун, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 7 буудлын эцсийн буудал дээр ...П , Х  нартай тээврийн хэрэгсэл дотор хөзөр тоглож сууж байхад үл таних эрэгтэй Т ын шилэн хүзүүн дээрээс гараараа бариад такси барьж өг гэж хэлэхээр нь цаанаасаа барьж гэж хэлэхэд цааш явснаа эргэж ирээд салаавч гаргаад над руу нулимаад байсан. Тэгээд би тоглож байснаа болиод машинаас буугаад тэр хүний нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгтэл тэр хүний хамраас нь цус гараад жаахан зайтай очоод газарт суусан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 49, 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.Д  нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын орчимд өөрийн эзэмшлийн автомашиндаа хөзөр тоглон сууж байхдаа хохирогч С.Б тай согтуурсан үедээ хэл амаар доромжилж, улмаар салаавч гаргаж, шүлсээрээ нулимсан гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн тохойнд зулгаралт, хамар ясны хугарал, баруун, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн шүүгдэгч Б.Д аас 138.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч Б.Дагвадорж нар  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 9489 дугаар дүгнэлтээр хохирогч С.Б ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Д ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч С.Б  нь хэрэгт эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн гэх 138.000 төгрөгийн баримт /хх-17/-ыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Д аас 138.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б д олгох нь зүйтэй байна. 

Харин хохирогч С.Б  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Б.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагвадорж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Миний үйлчлүүлэгч хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Д ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/, оршин Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Б.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч Б.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хохирогч С.Б  нь шүүхийн байранд 0.82 хувийн согтолттой ирсэн тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Б ийн Д ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д аас 138.000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Б д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН