| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2022/0789/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/787 |
| Огноо | 2022-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/787
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Б.Хурц
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалант овгийн Балсанлхүндэвийн Цт холбогдох эрүүгийн 2210023131286 дугаартай хэргийг 2022 оны 11 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Жаргалант овогт Балсанлхүндэвийн Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө Хан-уул дүүргийн 20 дугаар хороо, “Хөрш заан” хотхоны 106-95 тоотод согтуурсан үедээ Э.Цтэй маргалдан улмаар гараараа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулай, дух шанаа, хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирол төлбөрт 200.000 төгрөг төлсөн. Буруутай үйлдэл хийсэн. Би Цтэй харьцаагүй. Цийн найзтай юм ярьж байхад Ц намайг найзтай нь муудалцаж байна гэж ойлгосон юм шиг байсан. Надтай муудалцах гээд байхаар нь би зугтаж гүйсэн боловч амжилт олоогүй. Тэгээд би мангасдсан. Миний үйлдлээс болж гэмтэл учирсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2.Хохирогч Э.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Найз Баярсайхан болон түүний хоёр найз болох Ц, Цоомоо нартай Хан-Уул дүүргийн 20-р хороо 106-95 тоотод очиж архи согтууруулах ундаа ууж байсан. Ц Баярааг дээрэлхэх байдалтай байхаар нь би Цт хандаж Баярааг өмгөөлсөн байр суурьтай үг хэлсэн чинь Ц намайг шууд цохиод авсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-15 дахь тал),
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 12673 дугаартай:
“-Э.Цийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зулай, дух, шанаа, хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх шинэ гэмтэл байна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
4.Шүүгдэгч Б.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцын 2022 оны 10 сарын 25-ны өдөр гаргасан 2210023131286 дугаартай Б.Ц намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо барагдуулсан. Би 2022 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө дүү Цолмонгийн гэрт түүний найз Цтэй маргалдаж түүнтэй зодолдож, биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 106-95 тоотод таарамжгүй харилцааны улмаас Э.Цийг цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Цын хохирогч Э.Цийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Цийн мэдүүлэг, шинжээчийн 12673 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “......Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Цын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...39 настай, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Цт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жаргалант овогт Балсанлхүндэвийн Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч Б.Цт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Цт сануулсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
7.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР