Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1072

 

 

 

 2022          11           14                                          2022/ШЦТ/1072              

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,  

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б   овогт Б  ийн А д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... дээд сургуулийн 5 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б   овогт Б  ийн А  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... их сургуулийн 1 дүгээр байрны 5 дугаар давхрын буйдан дээрээс хохирогч Д.Х гийн Айфоне Икс Эс загварын гар утсыг хүч хэрэглэгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Б.А нь ...2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... их сургуулийн 1 дүгээр байрны 5 дугаар давхрын буйдан дээрээс хохирогч Д.Х гийн Айфоне Икс Эс загварын гар утсыг хүч хэрэглэгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 675.000 төгрөгийн хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...шалгалтад орохдоо өөрийн гар утсаа буйдан дээр тавиад найз Э  д харж байгаарай гээд захиад үлдээгээд орсон. Тэгээд шалгалтаа өгөөд 12 цагийн орчимд гарч ирээд хувцсаа өмсөөд гар утсаа үзтэл алга болсон байсан. Ингээд найз Э  гээс асуутал миний хажууд нэг эмэгтэй ирж суусан, тэр эгч бол авахааргүй царайтай хүн байсан даа гэж хэлж байсан. Ингээд камер шүүгээд үзэхэд миний гар утсыг нэг үл таних эмэгтэй хүн аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. ...Би 9 дүгээр сарын 23- ны өдөр утсаа хулгайд алдаад цагдаад өөрийн найз Э  гээр дамжуулан өргөдөл өгсний дараагаар 2022 оны 9 дүгээр сарын 24-ний орой 23 цаг 40 минутын үед манай сургуулийн А  гэх эмэгтэй нөхөр О  гэдэг залуугийн хамт миний утсыг авчирч өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,

 

Гэрч Г.Э  гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...нэг хар хувцастай эмэгтэй миний хажууд ирээд суусан. Тухайн үед хүүхэд саатуулаад буйдан дээрээс босоод цаашаа яваад ирэх хооронд тухайн эмэгтэй яваад өгсөн. Ингээд ирээд утсаа үзтэл алга болсон байсан ба сургуулийн камерыг шалгахад сүүлд миний хажууд суухаар ирсэн хар хувцастай эмэгтэй нь буйдан дээр суугаад утсаар ярьж байгаад хар өнгийн гадуур хувцсаа хажуу талаас аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,

 

... ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16 дугаар тал/,

2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...нэг ангийн хажуу талын буйдан дээр суусан чинь нэг гар утас байсан. Намайг тэр сандал дээр очоод суухад хүн байгаагүй. Тэгээд байж байсан чинь нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй ирж суусан. Тэгээд би тэр эмэгтэйтэй ганц хоёр үг солилцсон. Тэр хүн хүүхдээ тэврээд босоод явсан. Тэр эмэгтэй хүн өөрөө утастай байсан, хүүхдийнхээ зургийг дараад байсан. Тэгэхээр нь би тэр буйдан дээр байсан утсыг тэр хүний утас гэж бодоогүй, тэр утсыг аваад сургуулиас гарсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг нь буцааж өгөн хохирлоо барагдуулсан. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Д.Х гийн “Iphone XS” загварын гар утсыг хулгайлж авсан, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гар утсыг 675.000 төгрөгөөр үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А г Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х д 675.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.А нь хохирогч Д.Х д Iphone XS” загварын гар утсыг нь буцаан өгсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28, 30 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27, 35 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 36 дугаар тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 37-38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б   овогт Б  ийн А г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.А д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.А д оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН