Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/786

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Октябрийн Дт холбогдох эрүүгийн 2210000001287 дугаартай хэргийг 2022 оны 11 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч овогт Октябрийн Д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо “Хүннү 2222” хорооллын “Андууд” гэх нэртэй дэлгүүрийн гадна талд 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой О.Этэй маргалдаж улмаар биед нь халдан зодож, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн мөр, цээжний зүүн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч О.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө “Хүннү 2222” хорооллын гадаа найз охин Бямбажаргалтай “Андууд” супермаркет дэлгүүрийн гадаа уулзаад зогсож байсан. Найз охин дэлгүүрээс сүү авсан байсан. Би сүүг нь барьж байгаад газар алдаад хагалсан чинь нэг үл таних залуу хүрч ирээд “чи хөөе яадаг гөлөг вэ, наадах унагаасан сүүгээ цэвэрлэ, ална чамайг” гэж ирээд өшиглөөд 2-3 удаа нүүр лүү цохиод, хойшоо шахаад газар унагаагаад, “чамайг алаад хаяна шүү” гээд, зүүн гуя руу 2-3 удаа өшиглөж байгаад, “Андууд” дэлгүүрээр ороод, цаад хаалгаар нь гараад явсан. Тухайн үед найз охин Бямбажаргал хажууд байсан учраас юу болсон талаар харсан. Би цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага өгөхөд цагдаагийн алба хаагч нар ирээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдлөө гаргаарай гэж хэлсэн. ...Бага зэргийн согтолттой, дээрээс нь толгой өвдөөд байхаар нь шууд гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

            3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 14216 дугаартай:

           “    -О.Эийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн шанаа, зүүн мөр, цээжний зүүн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                 -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

                 -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

                 -Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хуцагаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

                 4. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д нь 2022 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын “Андууд” гэх нэртэй дэлгүүрийн гадна талд О.Этэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн мөр, цээжний зүүн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч О.Дийн хохирогч О.Эийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь хохирогч О.Эийн мэдүүлэг, шинжээчийн 14216 дугаартай дүгнэлт, шүүгдэгч О.Дийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй тул хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

 

              Шүүгдэгч Э.Дийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал /22 настай, дээд боловсролтой, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Дийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч О.Дт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Ч овогт Октябрийн Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ч овогт Октябрийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Дт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч О.Дт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.Дт сануулсугай.       

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР