Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 52-1 дүгээр байрны 11 тоотод оршин суух, регистр ТГ93021101, Харчин овогтой Мөнхбатын Пүрэвсүрэнг төлөөлж Ц.Мөнхбатын гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 42-р байрны 8 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧК84020677, Тайж овогтой Лайжийн Энхсайханд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж Ц.Мөнхбат, хариуцагч Л.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Ц.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин М.Пүрэвсүрэн нь Л.Энхсайхантай 2009 оноос хамтран амьдарч, 2010 оны 8-р сарын 18-ны өдөр охин Э.Тэмүүлэн нь төрсөн. Ингээд 2015 онд Л.Энхсайхан нь өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсны улмаас М.Пүрэвсүрэн, Л.Энхсайхан нар салж, тус тусдаа амьдарсан. Одоо охин Э.Тэмүүлэн ээжийнхээ аав, ээжийн асрамжид өсч торниж байгаа. Одоо зээ охин Э.Тэмүүлэн маань 8 настай 3-р ангид сурдаг. Иймд Э.Тэмүүлэн зээ охиндоо хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Л.Энхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ээжийнхээ байрнаас өөрийнхөө хувийг эгчдээ зарж, 19 000 000 төгрөгийг охин Э.Тэмүүлэндээ өгсөн. Охиныхоо нэр дээр данс нээж мөнгийг нь хийгээгүй нь буруу болсон байна. Одоохондоо би хөл муутай, тодорхой эрхэлсэн ажилгүй учраас хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй байна. Цаашид би охиндоо тусалж, дэмжинэ гэж боддог гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийг төлөөлж Ц.Мөнхбат нь Л.Энхсайханд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

М.Пүрэвсүрэн, Л.Энхсайхан нар нь 2009 онд танилцан үерхэж байгаад 2010 оны 08-р сарын 18-ны өдөр охин Э.Тэмүүлэнг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Харин талууд таарамжгүй харилцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарсан, охин Э.Тэмүүлэн нь эхийн асрамжинд байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож охин Э.Тэмүүлэнг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 08-р сарын 18-нд төрсөн охин Э.Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Л.Энхсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Энхсайханаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА