| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/04468/и |
| Дугаар | 380 |
| Огноо | 2019-01-31 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж, 41-р байрны 21 тоотод байрлах, Эс си констракшн ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн Ард Аюушийн 25/7-р гудамж, 117Б тоотод оршин суух, хувиараа ххөдөлмөр эрхэлдэг, регистр ФА81092514, Халиун овогтой Гэзгээгийн Заяад холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 3 716 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Заяа Эс Си констракшн ХХК-тай 2018 оны 5-р сарын 1-нд Түрээсийн гэрээ байгуулж бэхэлгээний цайрдсан труба 6 метр 80 ширхэг 1 920 000 төгрөг, бэхэлгээний цайрдсан труба 2-3 метр 161 ширхэг 1 288 000 төгрөг, В-2 тулаас 161 ширхэг 3 348 000 төгрөг, хавчаар 400 ширхэг 600 000 төгрөг, түгжээ 190 кг 400 000 төгрөг, дэгээ 85 кг 450 000 төгрөг, нийт 8 006 000 төгрөгийн барилгын багаж хэрэгслийг 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 3 долоо хоногийн хугацаатай түрээсэлсэн. Түрээсийн төлбөрт 1 долоо хоногт 400 000 төгрөг нийт 1 200 000 төгрөг төлөхөөр тохирсон. Түрээсийн гэрээг Г.Заяагийн хүсэлтээр 7 хоног буюу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгасан. Энэ хугацаанд түрээсийн төлбөр 1 600 000 төгрөг өгөхөөс 1 100 000 төгрөгийг өгч үлдэгдэл 500 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгнө гээд одоог хүртэл өгөөгүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги тооцно гэсний дагуу 2018 оны 6 дугаар сарын 01-нээс 2018 оны 11 сарын 21 хүртэл 173 хоногийн алданги 86 500 төгрөг, бэхэлгээний цайрдсан труба 6 метр 80 ширхэгээс 20 ширхэг, бэхэлгээниий цайрдсан труба 2-3 м 161 ширхэгээс 131 ширхэг, В-2 тулаас 161 ширхэгээс 161 ширхэгийг өгсөн. Үлдэгдэл багаж хэрэгслийг 2018 оны 07 сарын 22-ны өдөр хулээлгэж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй болно. Иймд үлдэгдэл багажны үнэ бэхэлгээниий цайрдсан труба 6 метр 60 ширхэг 11 ширхэг 24000 төгрөг 1 440 000 төгрөг, бэхэлгээниий цайрдсан труба 2-3 метр 30 ширхэг, 1 ширхэг 8000 төгрөг 240 000 төгрөг, хавчаар 400 ширхэг 600 000 төгрөг, түгжээ 190 кг 400 000 төгрөг, дэгээ 85 кг 450 000 төгрөг, нийт 3 130 000 төгрөг, түрээсийн төлбөртэй нийлээд 3.716.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эс си констракшн ХХК нь Г.Заяад холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 3 716 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эс си констракшн ХХК нь 2018 ны 05-р сарын 01-ний өдөр Г.Заяатай Түрээсийн гэрээ байгуулж, барилгын бэхэлгээний цайрдсан труба, тулаас, хавчаар, түгжээ, дэгээ зэрэг 8 006 000 төгрөгийн барилгын багаж хэрэгслийг 2018 оны 5-р сарын 2-ны өдрөөс 2018 оны 5-р сарын 23-ны өдрийг дуустал 21 хоногийн хугацаатай, түрээсийн төлбөрт долоо хоногт 400 000 төгрөг төлөхөөр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр /хх 6-10/ байна.
Түрээслүүлэгч нь багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн байх ба түрээслэгч төлбөрөөс 500 000 төгрөгийг төлөөгүй, зарим багаж хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй талаар нэхэмжлэгч маргажээ.
Гэрээний 6-р зүйлийн 6.1-т түрээслэгч нь заасан хугацаанд үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирсон байна.
Хариуцагч Г.Заяа нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12-р сарын 10-ны өдөр гардаж авчээ.
Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг түүний оршин суух хаягаар, түүнчлэн Хорооны засаг даргаар дамжуулан 2019 оны 1-р сарын 28-ны өдөр хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул 3 716 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлдзаасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гэзгээгийн Заяагаас 3 716 500 /гурван сая долоон зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулж Эс си констракшн ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74 414 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.Заяагаас 74 414 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА