| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/00274/и |
| Дугаар | 542 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, 8-р байрны 46 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УЗ90112002, Дори овогтой Хүрэлбаатарын Дэлгэрсайханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороолол, 3-р байрны 232 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УХ91081436, Дүүрэн овогтой Батсайханы Цэлмэгт холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, хариуцагч Б.Цэлмэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Дэлгэрсайхан нь 2011 оны 6-р сард Б.Цэлмэгтэй танилцаж, 2011 оны 9-р сараас хамтран амьдрах болсон. Тэд хамтран амьдрах хугацаанд 2013 оны 7-р сарын 02-ны өдөр охин Д.Азжаргал төрсөн. Энэ хугацаанд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Б.Цэлмэг нь архи уух болж, тэдний хооронд зан харилцааны таарамжгүй байдал үүссэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй, охиныг төрснөөс хойш тусдаа амьдарсан. Тэр үеэс Х.Дэлгэрсайхан охины хамт амьдарч, тэжээн тэтгэж асран хүмүүжүүлж ирсэн. Иймд Б.Цэлмэгийг охин Д.Азжаргалын эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Цэлмэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 6-р сард Х.Дэлгэрсайхантай танилцаж, үерхээд 2011 оны 9-р сараас хамтран амьдрах болсон. 2013 онд охин Д.Азжаргал маань төрсөн. Тухайн үед би шөнийн клубт зөөгч хийдэг байсан болохоор хааяа ядарч, стрессдэхээрээ хамт олонтойгоо сууж, ярилцдаг байсан. Би Х.Дэлгэрсайханд муухай зан авир гаргаж байгаагүй. Охин маань төрсний дараа 2013 оны 7-р сарны 10-ны өдөр орой очиход миний хувцсыг баглаад, чамтай амьдрахгүй гээд ээжтэйгээ намайг гэрээсээ хөөсөн. Х.Дэлгэрсайхан өөрөө салъя гээд надтай хамт амьдрахгүй байгаа. Х.Дэлгэрсайхан 2013 оны 8-р сард охиныхоо төрсний гэрчилгээг авахдаа өөрийнхөө нэрээр авсан байсан. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Гэхдээ одоо их хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Би охинтойгоо уулзахдаа хувцас авч өгч, боломжоороо тусалдаг гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Дэлгэрсайхан нь Б.Цэлмэгт холбогдох эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Цэлмэг, Х.Дэлгэрсайхан нар нь 2011 онд танилцаж, гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байхдаа 2013 оны 7-р сарын 2-нд охин Д.Азжаргалыг төрүүлж өсгөжээ.
Охин Азжаргал төрснөөр түүнийг эхийн нэрээр овоглож Дэлгэрсайханы Азжаргалд 4347 тоот төрсний гэрчилгээ /хх 5/ олгогдсон байх ба харин Б.Цэлмэг нь хүүхдийн эцгийн хувьд маргаагүй байна. Иймд түүнийг хүүхдийн эцгээр тогтоох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Харин талууд таарамжгүй харилцааны улмаас 2013 оноос тусдаа амьдарсан, охин Д.Азжаргал нь эхийн асрамжинд байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлдзаасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2013 оны 07-р сарын 02-нд төрсөн охин Дэлгэрсайханы Азжаргалын эцгээр Батсайханы Цэлмэгийг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 07-р сарын 02-нд төрсөн охин Д.Азжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Цэлмэгээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэлмэгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА