Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0687

 

С.О ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 641 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С.О

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Б

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

 

Хэргийн индекс: 128/2023/0091/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 641 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Оаас, Сүхбаатар дүүргийн Засаг дарга холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3** дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсэг, Б.Бн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6** тоот шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113, 114 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

2.1. 0*** тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр байшин барин амьдарч байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд тухайн газар дээр нэхэмжлэгч амьдарч байгаатай хэргийн оролцогчдоос маргаагүй. Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр амьдарч байгаа хэдий ч тухайн газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшээгүй байх тул уг газрыг эзэмших эрх хуульд заасны дагуу үсээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д газар эзэмших ашиглах талаар хүсэлт гаргах, газар эзэмших ашиглах эрх үүсэх харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үндэслэлээр газрыг эзэмшиж ашиглаагүй байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй..." гэжээ. /ху-7/

2.2. Нэхэмжлэгч С.О нь гэр бүлийн хамт 2011 оноос эхлэн маргаж буй газар дээр амьдарсан бөгөөд 2014 онд 10х6 харьцаатай өвлийн байшин барьж, өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа болно. Энэ хугацаанд ямар нэгэн хүн, хуулийн этгээд, байгууллагын зүгээс газартай холбоотой маргаан үүсгэж байгаагүй, дүүргийн газрын албанаас ч албан бичиг ирүүлээгүй. /энэ талаар хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс маргадаггүй/ Харин 2022 оны 10, 11 дүгээр саруудаас Б.Б гэх хүний хүүхэд гэж өөрийгөө танилцуулсан хүн гарч ирээд энэ газар бол манай аавын газар, нүүгээрэй гэх мэтийн зүйлс ярьж эхэлсэн гэдэг.

2.3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших ашиглах нь газар эзэмшигчийн эрх байдаг. Гуравдагч этгээд Б.Б нь энэхүү эрхээ огт хэрэгжүүлээгүй, энэ талаар маргадаггүй. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх нь газар эзэмшигчийн үүрэг байдаг. Б.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүлээн зөвшөөрсөн. Энэ тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г хэрэглэх ёстой гэж үзэж байна. Тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д газрын харилцааны талаарх дүүргийн бүрэн эрхийг хуульчилж өгсөн байдаг. Маргаж буй газартай холбоотойгоор хариуцагч тал эрх үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар маргадаггүй.

2.4. С.О нь 2011 оноос өнөөдрийг хүртэл 12 жилийн турш маргаж буй газрыг бодитоор ашигласан. Мөн уг газар дээр өөрийн хөрөнгөөр хашаа хатгаж, 2014 онд 10мх6м харьцаатай өвлийн байшин барьсан. Талууд энэ талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэгчийн хөрөнгө, хөлс хүч бодитоор зарцуулагдсан байхад нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэх үнэлэлт дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэнд годолтой байна.

3. 0*** тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Хэдийгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 3** дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтууд үндэслэн гаргасан, уг захирамжийн хуулийн зүйл заалт зөрүүтэй, мөн гуравдагч этгээд нь Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй /2015 он хүртэл/, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байгаа хэдий ч энэ үндэслэлээр гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй... гэжээ. /ху-7, 8/

3.1. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн зөв үнэлж дүгнэсэн.

3.2. Мөн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг ноцтой зөрчсөн. Тухайлбал, энэхүү журмын гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх 14 дүгээр зүйлийн 14.1-д эрх бүхий байгууллага гэрээний үүргийн биелэлтийг жил бүр дүгнэх, 14.2-д энэхүү журмын 5.1.2, 5.1.3.1-5.1.3.9-д заасан хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэрийн төсөл боловсруулах үйл ажиллагааны өмнө гэрээн дүгнэсэн байна, 14.3-д гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд дараах байдлаар нягталж шалгана. Үүнд 14.3.1-д эргэлтийн цэг тэмдэгтээр баталгаажуулсан талбайгаар хашаа барьсан эсэхийг тогтоох, 14.3.2-д газрыг гэрээнд заасан газар ашиглалтын зориулалтын дагуу эзэмшиж/ашиглаж буй эсэх, 14.3.3-д газрын төлбөрөө төлсөн эсэх, 14.3.4-д нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг чөлөөтэй байлгаж буй эсэх, 14.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй эсэх, 14.3.6-д өөрийн эзэмшлийн газар 10 хувь болон орчны 50 хүртэлх метр нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг хамгаалж, тохижилт хийсэн эсэх, 14.4-д энэхүү журмын 14.3.1-д заасан гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд үйлдвэр болон уурхайн зориулалтаар олгогдсон газарт мэргэжлийн байгууллагаар хэмжилт, зураглал, тодруулалтын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна, 14.5-д аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, Чөлөөт бүсийн ахирагчийн ажлын алба энэхүү журмын гуравдугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт"-ын дагуу дүгнэнэ, 14.6-д гэрээний үүргийн биелэлтээр хоёр удаа "Биелүүлээгүй" гэж дүгнэгдсэн тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэнэ гэсэн байдаг.

3.3. Гуравдагч этгээд иргэн Б.Б нь газраа эргэлтийн цэг тэмдэгтээр баталгаажуулаагүй, хашаа бариагүй, 2009 оноос өнөөдрийг хүртэл газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшээгүй ашиглаагүй. Энэ нь газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Анхан шатны шүүх хариуцагч талаас гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэнтэй холбоотой нотлох баримт байгаа эсэхийг лавлахад байхгүй гэсэн болно.

4. 0*** тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Учир нь тус шүүх өөрийн санаачилгаар аливаа иргэн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах эрхгүй бөгөөд гагцхүү эрх бүхий этгээдээс гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг хянах үүрэгтэй..." гэжээ. /ху-8/

4.1. Анхан шатны шүүх маргаж буй газрыг нэхэмжлэгч С.О нь 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа талаар үнэн зөв дүгнэлт хийсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д иргэн хуулийн этгээд нь зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 2011 оноос өнөөдрийг хүртэл 12 жилийн турш маргаж буй газрыг бодитоор эзэмшиж ашигласан, уг газар дээр өөрийн хөрөнгөөр хашаа хатгаж, 2014 онд 10мх6м харьцаатай өвлийн байшин барьсан, нэхэмжлэгчийн хөрөнгө, хөлс хүч бодитоор зарцуулагдсан байхад С.Оы маргаж буй газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

5. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч С.Оаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3** дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсэг, Б.Бн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.1. Уг захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлх зусланд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар гуравдагч этгээд Б.Бд эзэмшүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д газар эзэмших, ашиглах талаар хүсэлт гаргах, газар эзэмших, ашиглах эрх үүсэх харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үндэслэлээр газрыг эзэмшиж, ашиглаагүй байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй ... гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо ... нэхэмжлэгч 12 жилийн турш маргаж буй газрыг бодитоор эзэмшиж, ашигласан. Өөрийн хөрөнгөөр хашаа, байшин барьсан ... Үүнтэй талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгчийн хөрөнгө, хөлс хүч бодитоор зарцуулагдсан байхад нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэнд гомдолтой байна ... гэж маргасан.

4.1. Хэрэгт гуравдагч этгээд Б.Бн 2009 онд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшихээр гаргасан хүсэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18649324336244 дугаарт бүртгүүлсэн 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн кадастрын зураг, нэхэмжлэгч С.Оы 2022 онд маргаан бүхий хаягт байршилтай 475 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшихээр гаргасан хүсэлт, түүнд бусдад эзэмшүүлсэн газартай давхацсан гэх хариу өгсөн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 17/1284 дүгээр албан бичиг (1 дүгээр хавтас 27, 33,34, 44-48, 116-120 дугаар хуудас) зэрэг баримтууд авагджээ.

4.2. Үүнээс үзвэл гуравдагч этгээд Б.Бд тухайн газрыг эзэмших эрх нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгчийг хашаа байшингаа барихаас өмнө үүссэн байх ба нэхэмжлэгч нь хашаа, байшингаа барихаас өмнө газар эзэмших хүсэлтээ зохих журмаар гаргаж шийдвэрлүүлээгүй, тухайн газар дээр байшин барьж эзэмшиж болох талаар эрх бүхий этгээдээс тодруулалгүй бусдын эзэмших эрх нь үүссэн газар дээр хашаа байшин барьсан, улмаар 2022 онд анх газар эзэмших хүсэлтээ гаргасан нь тогтоогдсон байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус зааснаар нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших эрх, ашиг сонирхол хууль ёсоор үүссэн, энэ нь маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Мөн гомдолд ... Б.Б нь газраа эргэлтийн цэг тэмдэгтээр баталгаажуулаагүй, хашаа бариагүй, 2009 оноос өнөөдрийг хүртэл газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшээгүй ашиглаагүй. Энэ нь газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно ... гэжээ.

5.1. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ ... шүүх өөрийн санаачилгаар аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах эрхгүй бөгөөд гагцхүү эрх бүхий этгээдээс гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг хянах үүрэгтэй гэж дурдан ямар нэгэн дүгнэлт хийхгүй орхисныг буруутгах үндэслэлгүй.

5.2. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гэж зааснаар газар эзэмшигч нь хуульд заасан эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх нь захиргааны байгууллагын шийдвэрлэх асуудал бөгөөд энэ талаар ямар нэгэн захиргааны акт гараагүй байхад шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

6. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 641 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Оы өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Оы өмгөөлөгч Ц.Гээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ Д.ОЮУМАА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ