Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 543

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 12-р байрны 102 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн 53-р сугуульд англи хэлний багш ажилтай, регистр ИА87050702, Манжаа овогтой Түвшингийн Цэрэндуламын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 2-р 40 мянгатын 21-р байрны 15 тоотод оршин суух, Топ транспорт ХХК-д инженер ажилтай, регистр ВП85100211, Өөлд овогтой Амгалангийн Оддэлгэрт холбогдоххүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Цэрэндулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Т.Цэрэндулам нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Оддэлгэртэй 2012 оны 4-р сард танилцан, 2013 оны 8-р сарын 20-ны өдөр охин О.Индра төрсөн. Энэ хугацаанд бид хадам ээжийн хамт Баянгол дүүргийн 49-р байранд хамт амьдарч байгаад 1 жилийн дараа Баянгол дүүргийн 12-р хороо, 12-р байранд бид 3 тусдаа гарсан. 2016 оны 4-р сарын 12-ны өдөр бага охин О.Нинжин маань төрсөн. Энэ хугацаанд А.Оддэлгэр байнга гадуур архи ууж, 2, 3 хоногоор гэртээ ирдэггүй. 7 хоногт 3-4 удаа архи ууж, архи уусан үедээ хүүхдүүдээ айлгаж, агсан согтуу тавьж, надад заримдаа гар хүрдэг байсан. 2018 оны 7-р сараас хойш А.Оддэлгэр холбоо бариагүй, гэртээ ирээгүй. Иймд хоёр охин О.Индра, О.Нинжин нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оддэлгэр нь Т.Цэрэндуламтай 2012 оны 7-р сард анх танилцсан. 2013 оны 8-р сарын 20-ны өдөр охин О.Индра нь төрсөн. 2016 оны оноос эхлэн А.Оддэлгэр, Т.Цэрэндулам нарын харилцаа таарамжгүй болж, Т.Цэрэндулам найз нөхөдтэйгөө уулзана гэж шөнө оройн цагаар гадуур явж, хүүхдээ А.Оддэлгэр дээр үлдээж байсан учраас салахаар шийдсэн. Хариуцагч хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Цэрэндулам нь А.Оддэлгэрт холбогдох хүүхдийн тэтгэлэг

гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Т.Цэрэндулам, А.Оддэлгэр нар нь 2012 онд танилцаж, гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байгаад 2013 оны 8-р сарын 20-ны өдөр охин О.Индра, 2016 оны 4-р сарын 12-ны өдөр охин О.Нинжин нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Харин талууд таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос тусдаа амьдарсан, охин О.Индра, О.Нинжин нар нь эхийн асрамжинд байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж эцэг А.оддэлгэрээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 8-р сарын 20-ны өдөр төрсөн охин О.Индра, 2016 оны 4-р сарын 12-ны өдөр төрсөн охин О.Нинжин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг А.Оддэлгэрээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч А.Оддлэгэрээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА