| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/04397/и |
| Дугаар | 550 |
| Огноо | 2019-02-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хороо, 65-р байрны 60 тоотод оршин суух, Блю скай кашемир ХХК-д хангамжийн менежер ажилтай, регистр ЧТ82021216, Бэйс овогтой Баастын Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхоны 25-р байрны 131 тоотод оршин суух, Блю скай кашемир ХХК-д гадаад харилцааны менежер ажилтай, регистр ДЖ82040702, Очирваань овогтой Жаргахын Болормаад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат, хариуцагч Ж.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан /үнэмлэх 0726/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Болормаа бид хоёр 2007 оноос хамт амьдарч, 2008 онд гэрлэсэн. Хамтран амьдрах хугацаанд 2009 оны 4-р сарын 8-нд охин Индра төрсөн. Бидний амьдрал эхний жилүүдэд хэвийн байсан боловч 2011 оноос Болормаа гадуур явах, хонох болж тогтворгүй болж, өөр хүнтэй амьдарч эхэлсэн. Ингээд бид 2014 оноос тусдаа амьдарсан, энэ хугацаанд охин надтай амьдарсан. Би 2015 оноос хойш би өөр гэр бүлтэй болж, бид тус тусын амьдралтай болсон. Одоо бид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, охиноо өөрийн асрамжид авна. Ж.Болормаагаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Ж.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн асрамж дээр харилцан тохирсон, эцгийнх нь асрамжид үлдээнэ. Гэхдээ 7 хоногт 3 удаа, баяр ёслолын үеэр хүүхдээ өөр дээрээ авна гэж тохиролцсон гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь Ж.Болормаад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Б.Эрдэнэбат, Ж.Болормаа нар нь 2007 онд гэрлэж, амьдрах хугацаандаа 2009 оны 04-р сарын 08-ны өдөр охин Э.Индраг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн талаар тогтоворгүй, бие биедээ үнэнч байх үүргээ биелүүлээгүйгээс хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2014 оноос тусдаа амьдарсан, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, одоо нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай, үр хүүхэдтэй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигч тусдаа амьдарснаас хойш охин Э.Индра нь эцгийн асрамжинд байгаа, цаашид асрамжийг хэвээр байлгахаар тохирсон, талууд эд хөрөнгийн маргаангүй байна.
Харин нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Хэдийгээр хүүхдийг эцгийн асрамжинд үлдээсэн боловч хүүхэд хүссэн үедээ эхтэйгээ уулзах эрхтэй, түүнийг 7 хоногийн 3 өдөр болон баяр ёслолын үед эх нь авч байхаар талууд тохиролцсоныг дурьдах нь зүйтэй.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2015 оны 05-р сарын 15-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баастын Эрдэнэбат, Жаргахын Болормаа нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 04-р сарын 08-ны өдөр төрсөн охин Э.Индраг эцэг Б.Эрдэнэбатын асрамжинд үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүүхдиийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ж.Болормаагаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА