| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/04118/и |
| Дугаар | 544 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9-р байрны 142 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УП91030770, Их Монгол овогтой Жаргалсайханы Сайнбаяр,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9-р байрны 142 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧП55121785, Боржигон овогтой Пэрэнлэйн Тунгалаг,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут 10-р гудамжны 37 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧП76032766, Их Монгол овогтой Жаргалсайханы Нарантуяа,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут 10-р гудамжны 37 тоотод оршин суух, регистр ЧП85041764, Их Монгол овогтой Жаргалсайханы Ариунцэцэг нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн, 8 дугаар хороо, 45/А байрны 133 тоотод оршин суух, Баян тэс ХХК-д хөдөлмөр хамгааллын ажилтан, регистр УШ92090311, Монголоо овогтой Цэвээннямын Банзрагчид холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбаяр, Ж.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль /үнэмлэх 2258/, хариуцагч Ц.Банзрагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Амарболд, Лояал фанд ББСБ ХХК-ний гүйцэтгэх захирал А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Банзрагч бид нар багаасаа нэг байранд өссөн найзууд юм. 2017 оны 9-р сард Ц.Банзрагч Төрийн банк ХХК-д ажилладаг байсан. Тэгээд хүмүүст байрны зээл гаргаж өгдөг, банк ажилчиддаа 0,5 хувийн байрны зээл гаргадаг, би танай байрыг мөнгө болгож, хоёр байр авч өгье гэсэн. Тэгээд 2017 оны 9-р сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9-р байрны 142 тоотод 142 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Ц.Банрагчтай байгуулж, байраа түүний нэр дээр шилжүүлсэн. Түүнээс хойш Банзрагч одоо удахгүй, дарааллын дагуу шийдэгдэж байгаа, 7 хоногт 2 байрны зээл гардаг гэх зэргээр хэлдэг байсан. Гэтэл 2018 оны 9-р сард Ц.Амарболд гэж хүн ирээд танай байр зээлийн барьцаанд байгаа, барьцаагаа суллахгүй бол байраа алдах болно гэж зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө мэдэгдсэн. Энэ талаар Ц.Банзрагчаас асуухад зээлийг удахгүй төлнө гэдэг байсан. Тухайн үед гэрчилгээг Ц.Банзрагчийн нэр дээр шилжүүлэхдээ бага шимтгэл төлөхөөр худалдах, худалдан авах гэрээг 30 000 000 төгрөгөөр хийсэн. Иймд 2017 оны 9-р сарын 29-ний өдөр Ц.Банзрагчтай хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Сайнбаяр өмнө нь надаас байрны зээлийн талаар асууж байсан. Тухайн үед байрны зээлд хамруулахаар хөөцөлдсөн боловч хугацаа их шаардлагатай байсан. Тэр үед манай гэр бүлд ажлын санал орж ирсэн, их мөнгөний хэрэгцээ гарч, би дур мэдэн Ж.Сайнбаяраас зөвшөөрөл авалгүйгээр нэхэмжлэгч нарын байрыг Ц.Амарболдод шилжүүлж, Ц.Амарболдоос 20 000 000 төгрөгийн зээлийг хүүтэй авсан. Ц.Амарболдын зээлийн тал хүүг төлсөн байгаа. Манай гэр бүл улирлын чанартай ажил хийдэг болохоор мөнгөний дутагдалдтай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Амарболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10-р сарын 20-ны үед Ц.Банзрагч манай найзаар дамжуулан уулзсан. Тэгээд байраа шилжүүлж өгөөд 20 000 000 төгрөг зээлэхийг хүссэн. Ингээд 2017 оны 10-р сарын 25-ны өдөр Ц.Банзрагчтай худалдах, худалдан авах гэрээ хийж, байраа миний нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн зээлийн гэрээ хийж 20 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед байрны гэрчилгээ Ц.Банзрагчийн нэр дээр байсан болохоор би зээл өгсөн. Уг байранд очиж үзэхэд нэг эмээ, жаахан охин хоёр байсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02-р сард дууссан боловч Ц.Банзрагч зээл, хүүгийнтөлбөрөө өгөөгүй, байраа ч аваагүй. Бид зээлийн гэрээ хийхдээ 4 сарын хугацаа дуусахад Ц.Банзрагч зээлээ төлөөгүй бол алданги төлнө, дахиад зээлээ төлөхгүй байвал 20 000 000 төгрөгөөр байраа буцааж авах эрхээ алдана гэж тусгасан. Би өөрөө үйлдвэр ажиллуулдаг, улирлын чанартай, хавар 4 сард ажил эхэлдэг учраас Ц.Банзрагчаас мөнгөө аваад эргэлтийн мөнгө болгоно гэж бодож байсан. Ингээд 2018 оны 5-р сар болоход Ц.Банзрагч надад мөнгөө ч өгөөгүй, байраа ч аваагүй. Тэгэхээр нь би үйлдвэрээ ажиллуулахын тулд Ц.Банзрагчийн байрыг барьцаанд тавьж мөнгө авахаас өөр аргагүй болсон. Би байрыг дур мэдэн зээлийн барьцаанд тавиагүй. Ц.Банзрагч байрыг барьцаалж мөнгө зээлж өгье гэж явсан боловч чадаагүй. Тэгээд намайг байрыг барьцаанд тавих ББСБ олооч гэсний дагуу би Лояал фанд ББСБ ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9-р байрны 142 тоотод 142 тоот 30 метр квадрат талбайтай 2 өрөө байрыг 33 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Тухайн үед байрыг барьцаанд тавихад Ц.Банзрагч хүлээн зөвшөөрч ...ажлаа явуул, мөнгийг одоохондоо өгөх боломжгүй байна гэсэн. Би Лояал фанд ББСБ ХХК-тай 2018 оны 5-р сарын 15-ны өдөр 33 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр байсан учраас Лояал фанд ББСБ ХХК надад зээл олгож, байрыг барьцаалсан. Ингээд зээл аваад 2 сарын хугацаа өнгөрөхөд Ц.Банзрагч Лояал фанд ББСБ ХХК-ийн зээлийн хүүг хугацаандаа төлөхгүй байсан. Тэгэхээр нь Ц.Банзрагч яагаад зээлээ төлөхгүй, байраа тоохгүй байгаа юм бол гэж бодоод тухайн байранд хэн амьдардаг талаар мэдэх гэж очсон. Намайг 2018 оны 9-р сард уг байранд очиход Ж.Тунгалаг эгч байсан бөгөөд Ц.Банзрагч танай дүү юу, танай байрыг зээлийн барьцаанд тавьж надаас мөнгө авсан, ах эгч нь юм бол асуудлыг шийд гэхэд тэр хүмүүс энэ тухай огт мэдээгүй байсан. Тэд нарт бүх баримтыг нь үзүүлсэн. Ингэж би жинхэнэ байрны эзэмшигч, өмчлөгч нартай нь уулзсан. Мөн би Ц.Банзрагчийн ээж, аавтай уулзаж ярилцсаны үндсэн дээр Лояал фанд ББСБ ХХК-ийн зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн байгаа. Гэхдээ үндсэн зээлийг төлөөгүй. Ц.Банзрагч, Ж.Сайнбаяр нар багын сайн найзууд, Ц.Банзрагч бид хоёр огт хамааралгүй, зөвхөн зээлийн гэрээгээр холбогдсон хүмүүс юм. Нэхэмжлэгч өнөөдөр Ц.Банзрагч, Ж.Сайнбаяр нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулчихвал Ц.Амарболд болон Лояал фанд ББСБ ХХК-ийн зээлийг төлөхгүйгээр өөрсдийн байраа буцааж авъя гэсэн санаатай юм байна. Харин нэхэмжлэгч нар Ц.Банзрагч биднийг залилсан учраас түүгээр зээлийг төлүүлж, байрыг шилжүүлж өгнө үү гэсэн шаардлага гаргах ёстой байсан. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Банзрагч зээлийг төлчихвөл байрыг шилжүүлж өгөхөд татгалзахгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Лояал фанд ББСБ ХХК-ийн захирал А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Амарболд 2018 оны 5-р сарын 12-ны өдөр зээл судлуулах хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9-р байрны 142 тоотод 142 тоот 30 м.кв хуучны 2 өрөө орон сууцыг 33 000 000 төгрөгт барьцаалан зээл авахыг хүссэн. Бид хүсэлтийг судалж үзээд 2018 оны 5-р сарын 15-ны өдөр тус зээлийг баталж гаргасан. Зээл олгох журмын дагуу барьцаанд тавьж байгаа эд хөрөнгийг лавлагааг шалгаж үзэхэд үл хөдлөх хөрөнгө 2017 оны 10-р сарын 30-ны өдөр Ц.Амарболдын нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байсан тул зээлийг баталж гаргасан. Ц.Амарболд зээлийг 6 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй 33 000 000 төгрөгийн зээл авсан боловч зээлээ төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө Ц.Амарболдод зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж байсан. Гэтэл Ц.Банзрагчийн ээж, аав манай дээр ирж, тухайн зээлийн талаар мэдээлэл авахыг хүссэн. Бид Ц.Амарболдтой ирсэн тохиолдолд зээлийн талаарх мэдээллийг өгнө гэсэн, тэгэхэд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн. Ц.Банзрагчийн ээж, аав зээлийн төлбөрт 2018 оны 10-р сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 01-р сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. 5 000 000 төгрөгөөс 4 773 350.38 төгрөгийг үндсэн зээлийн хүүгийн төлбөрт, 226 649.62 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд, 3 000 000 төгрөгөөс 1 787 038.86 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрт, 1 212 961.14 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус тооцож авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нь 37 758 751.35 төгрөг байгаа. Манай зүгээс тухайн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг буцаан Ц.Амарболдод шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр, Ж.Нарантуяа, П.Тунгалаг, Ж.Ариунцэцэг нар нь Ц.Банзрагчид холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ж.Сайнбаяр, Ж.Нарантуяа, П.Тунгалаг, Ж.Ариунцэцэг нар нь Ц.Банзрагчтай 2017 оны 9-р сарын 29-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2201020011 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9-р байрны 142 тоотод 142 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авагч Ц.Банзрагч нь 30 000 000 төгрөгийг төлөхөөр / хх 9/ тохирчээ.
Улмаар орон сууцны өмчлөх эрх Ц.Банзрагчид шилжиж, өмчлөх эрхийн 00603666 тоот гэрчилгээ олгогдож өмчлөгч /хх 68-73/ болсон байна.
Нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлэх болсон үндэслэлээ ...Ц.Банзрагч Төрийн банкинд ажилладаг байсан, банкны ажилтанд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог орон сууцны зээл авч өгнө, 2 орон сууцтай болгож өгнө гэж хууран мэхэлсэн гэж маргажээ. Хариуцагч Ц.Банзрагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг маргаагүй бөгөөд мөнгөний хэрэг гарсан учраас байрыг өөр хүний өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.
Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээг бодит үр дүн гаргах зорилгоор, өөрөөр хэлбэл, гэрээнд тусгагдсан 30 сая төгрөгийг шилжүүлэхгүйгээр, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, орон сууцны зээлд хамруулах боломжгүй нөхцөл байдлыг боломжтой болгож ташаа байдлаар төөрөгдүүлэх, хариуцагч мөнгөний хэрэгцээтэй байдлаа хангахын тулд өмчлөлдөө шилжүүлэн авч бусдын өмчлөлд шилжүүлсэн үйлдэл нь хууран мэхэлсэн хэлцлийн үндэслэл болно.
Нөгөө талаас, нэхэмжлэгч Ж.Сайнбаяр нь Ц.Банзрагчтай олон жилийн найз нөхдийн харилцаатай, түүний Төрийн банкинд ажиллаж байсан давуутай байдалд нь ач холбогдол өгч итгэсэн, нөгөөтэйгүүр, банк зээл олгодог хууль, журмаас гадуур хялбар аргаар зээл авах, байртай болох хэн алины хүсэл зориг нь хууран мэхэлсэн хэлцлийг хийх үндэслэл болсон, үүнд хэн аль нь буруутай гэж үзэхээр байна.
Ц.Банзрагч нь дээрх орон сууцыг 2017 оны 10-р сарын 25-ны өдөр Ц.Амарболдтой байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр Ц.Амарболдын өмчлөлд шилжүүлж өмчлөх эрхийн 000592579 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон /хх 74-81/, Ц.Банзрагч, Ц.Амарболд нарын хооронд 2017 оны 10-р сарын 23-ны өдөр 20 сая төгрөгийн зээлийн гэрээ /хх 107/ байгуулагдсан, зээлдэгч Ц.Банзрагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Ц.Амарболд нь 2018 оны 5-р сарын 15-ны өдөр Лояал фанд ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 33 сая төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр тус орон сууцыг барьцаалан зээлсэн /хх 82-89/, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгоогүй нь хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбараар тогтоогдсон байна.
Энэ тохиолдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Амарболд, Лояал фанд ББСБ ХХК-ний эрх ашиг хөндөгдсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгах боломжгүй, маргаж буй орон сууц бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл болсон байх ба хариуцагч эдгээр үүргийг дуусгавар болгосон тохиолдолд орон сууцыг өмчлөгч нарын өмчлөлд буцаан шилжүүлэх боломжтой талаар гуравдагч этгээдүүд маргаагүй болно.
Хэргийн 51-64 дэх талд авагдсан баримтууд нь нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэгдсэн талаарх баримтууд бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Сайнбаяр, Ж.Нарантуяа, П.Тунгалаг, Ж.Ариунцэцэг болон Ц.Банзрагч нарын хооронд 2017 оны 9-р сарын 29-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Банзрагчаас 307 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахэрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА