Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

2022         11            09                                         2022/ШЦТ/109

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204001310109 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                          Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                    Д.Аззаяа

Хохирогч                                                              Б.Б

Шүүгдэгч                                                              Б.Б нар оролцов.

 

Шүүгдэгч: 1999 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамтаар Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжны 9 тоот хашаанд оршин суух Б овгийн Б-ын Б /РД:.........../.

            Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 04 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороонд орших Эрүүл мэндийн төвийн урд талын гадна талбайд Б.Б-ын “гар утсаа авъя, яараад байна” гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар гараараа түүний зүүн шанаа хэсэгт 1 удаа, мөн зугтаж зам дээр явж байсан машиныг зогсоож суух үйлдэл хийх үед нь тухайн машины арын хаалгыг онгойлгож араас нь толгой, хүзүүний ар хэсэгт 2-3 удаа, нүүр хэсэгт нь 1 удаа тус тус цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд шарх, доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр найз Б-ын хамт найз Бадрахын гэрт очиж архи ууж байгаад шөнийн 04 цагийн үед Б-ыг дөхүүлээд өг гээд цуг гарч явсан. Бид хоёр алхаж явж байгаад ирвэсийн зогсоол дээр ирэхэд ямар нэгэн такси байхгүй байсан. Би Б-ыг такси иртэл хамт байж бай гэж хэлэхэд Б дургүйлхээд “миний утсыгөг, би явлаа” гээд байхаар нь миний уур хүрээд Б-ын нүүр хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Тэгтэл Б миний нүүр лүү 2-3 удаа цохичихоод зугтаагаад таксинд суучихсан. Тэгэхээр нь би таксины арын хаалгыг онгойлгож орж суугаад араас нь Б-ын хүзүү гар нуруу хэсэг рүү гараараа цохиж байгаад нүдний шил рүү нь гараараа нэг цохьсон чинь шил нь хагараад нүднээс нь цус гарсан. Тэгээд таксины жолооч ах эмнэлэг хүргэж өгсөн. Би эмчилгээний зардлыг 3 сард багтаагаад төлнө, цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Наран хэсэгт байх Б ахынхаас Б бид хоёр гараад Жижиг дунд үйлдвэрлэлийн хажууд явж байгаад би Б-оос гар  утсаа авъя гэхэд Б “найзыгаа ирвэсийн зогсоол хүргээд өг, тэгээд утсаа аваарай” гэж хэлсэн юм. Тэгээд ирвэсийн зогсоол ортол такси байхгүй байхаар нь би Б-оос “одоо утсаа аваад явлаа” гэхэд намайг гэрт хүргэж өг, тгээд утса ав гэхээр нь би “үгүй” гээд бид маргалдсан. Тэгсэн Б миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа цохиод, Эрүүл мэндийн нэгдлийн урд талын усан оргилуурыг тойрч зугтаж байгаад зам дээр машин явж байхар нь гүйж очоод урд суудал дээр нь суусан. Тэгсэн чинь Батзолбоо машины арын хаалгыг онгойлгож орж ирээд, миний араас нилээд хэд цохисон. Миний нүд харахгүй байна гэхэд Б цохихоо больсон. Би эмнэлгийн хүлээн авах дээр очоод 5 оёдол тавиулсан. Нэхэмжилж байгаа мөнгө нь косметик оёдол тавиулсан, лазер эмчилгээ, эм тариа хэрэглэсэн зардал, хүлээн авах дээр оёулсан оёдлоо дахиж задалж лазердуулж косметик оёдол тавиулсан байгаа. Нийт нэхэмжилж байгаа зардал нь 3.088.826 төгрөгийн зардал, үүнд эмчилгэний зардал, косметик оёдол тавиулсан зардал, Улаанбаатар явах, ирэх зардал, хоолны зардал зэргийг багтаасан баримтууд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-р хуудас/

              Гэрч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 12-ны өглөө манай ээж над руу залгаад Б-ыг найздаа зодуулсан талаар хэлсэн. Би ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт ирсэн. Би хүүгээсээ болсон асуудлын талаар сонссон. Манай хүү Б, Б гэх найзын хамт Б гэх айд лаазтай пиво уусан байсан. Тэгээд Бадрахын гэрээс найзтайгаа хамт гараад өөрийнхөө гар утсыг авъя гэж Б-д хэлэхэд Б “ирвэсийн зогсоол хүргээд өг, тэгвэл гар утсыг чин өгье” гэж хэлээд ирвэсийн зогсоол дээр ирээд гар утсыг нь өгөөгүй юм байна лээ. Тэгээд тэр хоёр маргалдаж Батзолбоо манай хүүг зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-р хуудас/

              Шинжээчийн 295 дугаартай “Б.Б-ын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/

              Шүүгдэгч Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 86-р хуудас/

              Б.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

Хохирогчоос “...Сэтгэл санааны хохирол учирсан гэж үзэж байгаа. Наад зах нь хүлээн авах дээр оёдол тавиулж байхад сэтгэл зүйн хүнд дарамттай байсан. Найз нөхөд хүн бүр яагаад ийм сорвитой болсон юм бэ гэх зэргээр асууж эмзэглүүлж байсан. Зүүн нүдний эвэрлэгийн дипекттэй гэж хэлсэн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлэх хүсэлтэй байгаа. Сорвитой яваад байх хэцүү байна, цаашид лазар эмчилгээ хийлгэж сорвигүй болгох зардлаа гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 04 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороонд орших Эрүүл мэндийн төвийн урд талын гадна талбайд Б.Б-ын “гар утсаа авъя, яараад байна” гэж хэлсэн үгэнд дургүйцэн улмаар гараараа түүний зүүн шанаа хэсэгт 1 удаа, мөн зугтаж зам дээр явж байсан машиныг зогсоож суух үйлдэл хийх үед нь тухайн машины арын хаалгыг онгойлгож араас нь толгой, хүзүүний ар хэсэгт 2-3 удаа, нүүр хэсэгт нь 1 удаа тус тус цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд шарх, доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Б.Б нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт цохисон үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Б.Б-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 295 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь Б.Б-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Б.Б-оос “...эрүүл мэндэд учирсан хохирол 3.088.826 төгрөгийг нэхэмжилнэ, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэж мэдүүлжээ.

Шүүгдэгчээс “...хохирлын 3.088.826 төгрөгийг 3 сард хувааж төлнө. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцна...” гэж мэдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан эрүүл мэндийн болон бусад хохиролд 3.088.826 төгрөгийн баримтуудаар /хх-н 43-48-р хуудас/ хохирогчид учирсан хохирол хор уршиг тогдоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-оос 3.088.826 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэсэн

            Хохирогч “...прокурорын саналыг дэмжиж байна...“ гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс ”...хэлэх саналгүй...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн эрхэлсэн тодорхой ажилгүй, ээж аавын хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Б.Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б-ын Б-г дөрвөн зуун тавин /450/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан Б.Б-д мэдэгдсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 3.088.826 төгрөгийг Б.Б-с гаргуулж хохирогч Б.Б-д олгож, цаашид гарах гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

     5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.БЯМБАЖАВ