| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/04151/и |
| Дугаар | 545 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9-р байрны 142 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УП91030770, Их Монгол овогтой Жаргалсайханы Сайнбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн, 8 дугаар хороо, 45/А байрны 133 тоотод оршин суух, Баян тэс ХХК-д хөдөлмөр хамгааллын ажилтан, регистр УШ92090311, Монголоо овогтой Цэвээннямын Банзрагчид холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль /үнэмлэх 2258/, хариуцагч Ц.Банзрагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 01-р сарын 18-ны өдөр З.Энхсарангаас 18-67 УНР улсын угаартай Приус 20 маркийн авто машиныг төлбөрт тооцож шилжүүлж авсан. Гэтэл намайг 2018 оны 01-р сард нэг найзтайгаа хамт байхад Ц.Банзрагч ирээд манай ах Энхтайван Солонгос улс руу хүн явуулж байгаа, та нар явах гэж байгаа бол ахдаа хэлээд 2018 оны 5-р сард явуулж өгье гэхээр нь итгэсэн. Ингээд нэг хүний төлбөр 3 500 000 төгрөг гээд 3 хүний төлбөр 10 500 000 төгрөгт тооцож, би Приус 20 маркийнмашинаа Ц.Банзрагчийн нэр дээр шилжүүлж өгсөн. Ингээд Банзрагчаас 2018 оны 5-р сард Солонгос явуулах юу болсон бэ гэхэд улс явуулахгүй байгаа гэдэг тайлбар хэлсэн. Тэгээд 2018 оны 9-р сард ярьсан зүйл нь худлаа гэдгийг мэдсэн. Иймд 2018 оны 02-р сарын 01-ний өдрийн тээврийн хэрэгсэл шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Ж.Сайнбаяр нь Энхсаранд мөнгөө алдсан гэж ярьсан. Тухайн үед Ж.Сайнбаяр мөнгөгүй гэж байхад нь би өмнөх асуудалдаа гэмшиж мөнгө өгч, бүх зүйлд нь хамт явж өгсөн. Ямарваа нэгэн байдлаар асуудалд нь оролцож, шийдвэрлэхэд нь тусалсан. Сайнбаяр бид хоёр тэр машиныг Энхтайван гэдэг хүнд өгнө гэж анхнаасаа тохирсон байсан. Ж.Сайнбаяраас би авто машиныг нэр дээрээ шилжүүлж авсны дараах надад мөнгө хэрэгтэй байсан учир машиныг зарсан. Би хохирлыг барагдуулж ажиллана гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Түвшинтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 02-р сарын 08-ны өдөр би Голомт банкнаас цалингийн зээл авч, машин авахаар хайж эхэлсэн. Гэтэл фейсбүүк дээр Приус 20 маркийн машин зарна гэсэн зар байсан. Би зарын дагуу 4-р хороололд очиж, авто машиныг үзээд авахаар болж мөнгөө бэлнээр өгч, 2018 оны 02-р сарын 12-ны нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ хийж, өөрийн нэр дээр авто машиныг Ц.Банзрагчаас шилжүүлж авсан. Машиныг авснаас хойш засвар үйлчилгээ хийсэн. Энэ хоёр хүний асуудлаас болж би машиныг буцаах боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр нь Ц.Банзрагчид холбогдох автомашин шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ж.Сайнбаяр нь З.Энхсарантай 2018 оны 01-р сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж 18-67 УНР дугаартай Toyota Prius 20 маркийн машиныг 9 500 000 төгрөгөөр худалдан авахаар /хх 5/ тохирчээ.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлээр энэхүү тээврийн хэрэгсэл нь 2018 оны 02-р сарын 01-ний өдөр З.Энхсарангийн эзэмшлээс Ц.Банзрагчид, 2018 оны 02-р сарын 12-нд Ц.Түвшинтөгсийн өмчлөлд бүртгэгдсэн, өмчлөгч /хх 44/ байна.
Харин З.Энхсарангаас Ж.Сайнбаярт, Ж.Сайнбаяраас Ц.Банзрагчийн өмчлөлд шилжсэн бүртгэл хийгдээгүй байх ба Ж.Сайнбаяр, Ц.Банзрагч нарын хооронд тээврийн хэрэгсэл шилжүүлэх гэрээ хийгдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Нөгөө талаас, эдгээрийн хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах, бэлэглэх зэрэг эзэмших, өмчлөх эрхээ шилжүүлсэн ямар хэлцэл хийгдсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч ямар хэлцлийн үндсэн дээр шилжүүлснээ нотлоогүй гэж үзнэ.
Энэ тохиолдолд ямар хэлцлийг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа нь тодорхойгүй болжээ. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Сайнбаяр, Ц.Банзрагч нарын хооронд 2018 оны 02-р сарын 01-ний өдөр хийгдсэн тээврийн хэрэгсэл шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн Ж.Сайнбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахэрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА