Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лханаажав /цахимаар/,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн 2219003540276 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

          Биеийн байцаалт: Ц.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Хоёр мод гэх газарт Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон хулан адууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, 19.400.000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэг хуланг бугуйлдаж бариад нугасласан. Тэгээд махыг нь шулаад авч яваад Шандад ирж Туяа гэдэг айлд хагасыг нь орхиод, үлдсэн махыг авч яваад баригдсан. Уг хулан соёолон, эр адуу байсан. Миний буруу. Урьд нь хулангийн хэргээр шүүхээр орж байсан. Хулан агнаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг ажил хийж төлнө гэж бодож байгаа. Энэ мотоцикл минийх, ноднин жил худалдаж авсан гэсэн мэдүүлэг,

            -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лханаажавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирол төлөгдөөгүй байгаа. Үнэлгээний дагуу 19.400.000 төгрөг болж байгаа. Үүнийг нэхэмжилж байна. Хулан адууг агнах зөвшөөрөл олгогдоогүй. Хохирлыг барагдуулбал гомдол, санал байхгүй гэсэн мэдүүлэг,

           -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лханаажавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар хулан адууг ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг. Хулан адууны эрийг 9.700.000 төгрөгөөр үнэлсэн байдаг гэсэн мэдүүлэг /хх 17-18, 53 ху/,

            -Насанд хүрээгүй гэрч А.Мөнхтөгөлдөрын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Гэртээ 11 настай дүү Мөнхжавхлантай хамт байж байхад Эрхэмээ ах өөрийн мотоциклтой бага зэрэг согтуу ирсэн. Мотоциклынхоо ард шуудайтай мах ачсан байсан. Эрхэмээ ах аав, ээж хоёрыг асуучихаад гэрт орж ирж махныхаа шуудайг солиод яваад өгсөн. Юуны мах гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ малын махыг бодвол арай улаан өнгөтэй мах байсан гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

          -Гэрч Б.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Гэртээ ирэхэд манай хүү Мөнхтөгөлдөр өглөө Эрхэмээ ах ирээд явсан, мотоцикл дээрээ мах ганзагалсан явж байна лээ гэхээр нь өө тийм үү гэж хэлээд будаатай цай хийж өгөөд ажил руугаа явсан гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

          -Яллагдагч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сайхандулаан сумын нутаг дэвсгэр Үнэгтийн уурхайгаас урагшаа яваад 3 хулан давхиж явахыг харсан. Тэгээд тэд нарын араас мотоциклтойгоо  тууж богшоогоод нэгийг нь тасдаад туусан. Тэр хуланг гэрийнхээ зүг дөхүүлээд туусан. Бараг 20 км газар туугаад гэрийнхээ ойролцоо Хоёр мод гэх газар очиход нөгөө хулан богшоод явахаа больсон. Бараг зогсчихсон. Тэгэхээр нь өөрийнхөө мотоцикл дээр байсан бугуйлаар бугуйлдаад унагасан. Тэгээд хуланг нугаслаад тэр газраа хийсэн. Тэндээ толгой, 4 шийр, гэдэс, дотор, арьс, ясыг нь үлдээгээд махыг нь шулаад аваад явсан. Миний харснаар соёолон насны эр хулан байсан. Хулангийн махыг гэртээ авч хариад, нөгөөдөр өглөө нь 06 цагийн орчим гэрээсээ гараад Сайншанд руу явсан. Тэгээд танил ах Алтангэрэлийнд очиход тэдний 2 хүүхэд, эхнэр Эрдэнэтуяа, Гэг ах буюу Алтангэрэл болон гаржид нь 2 залуу ажил хийж байсан. Тэднийд очиход Эрдэнэтуяа эгч зараад өгье гэж хэлээд авчирсан махыг дэлгээд сэврээсэн.би тэндээс 7-8 кг махыг Гэг ахын гэрт байсан гурилын уутанд хийгээд аваад гарсан ба Офицерын тэнд байдаг Бацлай гэх айлд очсон. Тэр айлд мах өгөх санаатай очоод тэнд байхдаа цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг /хх 27-29, 56 ху/,

          -Шинжээчийн 2022 оны 04 дугаартай дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн толгой, арьс нь хулан адууны толгойн яс, арьс болох нь шинжилгээгээр батлагдсан. Сүүн шүднүүд нь байнгын шүдээр солигдсон, 32 шүдтэй байгаа учир 7-оос дээш настай буюу нас гүйцсэн,соёотой учир эр хулан байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор хулан адууг ховор амьтны жагсаалтад бүртгэж, Монгол улсын улаан номд оруулсан. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар хулан адууны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Энэхүү тогтоолд эр хулан адууны экологи, эдийн засгийн үнэлгээг 9,700,000 төгрөг байхаар тогтоосон. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу эр хулан адууны экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 19.400.000 төгрөгийн үнэлгээ гарч байна гэсэн дүгнэлт /хх 21-22 ху/,

          -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт х 4-12 ху/,

          -“Хас үнэлгээ” ХХК-ийн №990 дугаартай дүгнэлтэд “Даюун маркийн мотоцикл 1,200,000 төгрөг” гэсэн үнэлгээ, гэрэл зураг /хх 60-64 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 77 ху/

          -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 66 ху/,

          -Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 68-69 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 79-83 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 48-50, 56 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Хоёр мод гэх газарт Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон хулан адууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, 19.400.000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэг хуланг бугуйлдаж бариад нугасласан. Тэгээд махыг нь шулаад авч яваад Шандад ирж Туяа гэдэг айлд хагасыг нь орхиод, үлдсэн махыг авч яваад баригдсан. Уг хулан соёолон, эр адуу байсан. Миний буруу” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лханаажавын өгсөн “...Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар хулан адууг ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг. Хулан адууны эрийг 9.700.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хохирлыг барагдуулбал гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй гэрч А.Мөнхтөгөлдөрын “...Эрхэмээ ах мотоциклынхоо ард шуудайтай мах ачсан байсан. Эрхэмээ ах аав, ээж хоёрыг асуучихаад гэрт орж ирж махныхаа шуудайг солиод яваад өгсөн. Юуны мах гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ малын махыг бодвол арай улаан өнгөтэй мах байсан” гэсэн, гэрч Б.Эрдэнэтуяагийн “...Гэртээ ирэхэд манай хүү Мөнхтөгөлдөр өглөө Эрхэмээ ах ирээд явсан, мотоцикл дээрээ мах ганзагалсан явж байна лээ гэсэн” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 2022 оны 04 дугаартай дүгнэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 990 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдож байна.

          Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т “...амьтан...гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, Монгол Улсын ан амьтан төрийн өмч мөн” гэж зааснаас үзэхэд ан амьтан бол үндэсний баялаг бөгөөд ан амьтдын нөөц болон нөхөн сэргэх чадвар, экологийн ач холбогдлоор нь нэн ховор, ховор, агнах нөөцтэй гэж ангилдаг байна.

          Хууль тогтоогч ховор, нэн ховор амьтныг хамгаалах зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор амьтныг агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн объект нь байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаа байх ба Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтны жагсаалтаар Хулан адуу нь ховор амьтанд тооцогддог болно.

         Шүүгдэгч Ц.Эын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт зааснаар ховор амьтанд хамаарах бөгөөд Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ-”г үндэслэн эр хулан адууг 9.700.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан.

Иймд шүүгдэгч Ц.Эаас 1 эр хулан адууны  экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж /9.700.000 х 2/ 19.400.000 төгрөгийг  гаргуулан Төрийн сан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч Ц.Эт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Эын эзэмшлийн улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын 2022 оны 5/13 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, түүнийг хурааж улсын орлого болгох, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 5 кг хулан адууны мах, арьстай толгой, 4 хөл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Эт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

           5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ц.Эын эзэмшлийн улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын 2022 оны 5/13 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 кг хулан адууны мах, арьстай толгой, 4 хөл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.     

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 19.400.000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Төрийн сан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

  9.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА