Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Д.Цэрэндаваа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Цэрэндаваад холбогдох 2232001770143 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар баг, Худгийн № 43 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Дагвын Цэрэндаваа. /РД:ЧЛ78070190/

 

           Шүүгдэгч Д.Цэрэндаваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Худгийн № 28 тоотод байрлах иргэн Ж.Хишигжаргалын гэрт хохирогч Л.Ганбаатартай маргалдаж түүний толгойн тус газарт хүрзээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цэрэндаваагийн өгсөн ….... 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орой 19 цагийн орчимд Тарни 8 дугаар баг, Худгийн № 28 тоотод байрлах Ж.Хишигжаргалын гэрт Хишигжаргал, Ганбаатар бид гурав нэг шил архи хувааж уусан. Ганбаатар согтоод унтсан. Ганбаатарыг унтаж байхаар нь явъя гэж дуудаж сэрээсэн чинь босч ирээд надтай маргалдсан. Над руу дайрахаар нь хүрз аваад толгойн тус газарт нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Л.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг худгийн гудамжинд байдаг зүс таньдаг ах болох Шагдарсүрэнгийн гэрт 0.75 литрийн нэг шил Хараа архийг авч очоод Шагдарсүрэн ахтай уугаад сууж байтал манай найз Цэрэндаваа орж ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг хувааж уучхаад Цэрэндаваа бид хоёр нэг шил 0.75 граммын Хараа архи аваад Хишигжаргал ахын гэрт нь очоод тэр архийг Хишигжаргал, Цэрэндаваа бид гурав хувааж ууж байгаад би тэдний гэрт нь унтаад өгсөн. Тэгтэл намайг Цэрэндаваа дуудаад босгохоор нь би унтаж байсан болохоор нойроо харамлаж уурлаад Цэрэндаваатай маргалдсан чинь Цэрэндаваа хүрз аваад миний толгой руу нэг удаа хүрзээр цохичихоод өөрөө зугатаагаад гүйгээд явчихсан. Тийм л зүйл болсон.... Миний толгой хагарч 7 ширхэг оёдол тавиулсан. Одоо миний толгой өвдөөд байна. Цэрэндавааг ирж уулзахгүй байгаад гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 09 дүгээр хуудас/

Гэрч Ж.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Ганбаатар, Цэрэндаваа бид гурав ууж байсан чинь Ганбаатар тасрах гээд унтлаа гээд гэр дотор орон дээр хэвтсэн. Тэгсэн Цэрэндаваа Ганбаатараа чи унтах гэлээ арчаагүй пизда гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Би тухайн үед хооронд нь муудалцуулахгүй гээд Цэрэндавааг аваад гэрээс гарч хашаандаа барьж байсан байшин руугаа орсон чинь удаагүй 5 орчим минутын дараа Ганбаатар байшин руу ороод ирсэн. Тэгээд хоорондоо гайгүй юм яриад сууж байсан. Би тухайн үед шавар зуураад зогсож байхад Ганбаатар ёо ёо гэхээр нь эргээд хартал Цэрэндаваа гартаа хүрз барьчихсан Ганбаатарыг хүрзээр цохисон байдалтай зогсож байсан. Тэгээд би Цэрэндавааг гэртээ оч гээд явуулсан гэх мэдүүлэг /Хх-н 11-12 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн № 157 ...... Дүгнэлт:

1.Л.Ганбаатарын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.  

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 16-17 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /Хх-н 16-17 дугаар хуудас/

Д.Цэрэндаваагийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 30 дугаар хуудас/

Д.Цэрэндаваа нь Худгийн 43А тоотод ам бүл 1 оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 33 дугаар хуудас/

Д.Цэрэндаваа нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 34 дүгээр хуудас/

Хохирогч Л.Ганбаатарын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  44 дүгээр хуудас/

Яллагдагч Д.Цэрэндаваагийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүрзээр цохиж гэмтээсэн нь үнэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 45 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Цэрэндаваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Худгийн № 28 тоотод байрлах иргэн Ж.Хишигжаргалын гэрт хохирогч Л.Ганбаатартай маргалдаж түүний толгойн тус газарт хзрзээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Цэрэндаваагийн хохирогч Л.Ганбаатарын толгойн тус газарт хүрзээр нэг удаа цохисон үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Цэрэндаваагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Л.Ганбаатар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Цэрэндаваа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Харчин овогт Дагвын Цэрэндавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Цэрэндавааг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Цэрэндаваа нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Цэрэндаваа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Цэрэндаваа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Цэрэндаваад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ХЭРЛЭН.