Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч А.Жадамба нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Жадамбад холбогдох 2232002040146 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Өндөрширээт суманд 1973 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-7 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ СББХК-ний гэрээт харуул хамгаалалтын ажилтан ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хачит овогт Агвааны Жадамба. /РД:НР73030276/

 

           Шүүгдэгч А.Жадамба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 21-22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-7 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Дэлгэрцэцэгийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Жадамбын өгсөн …. ... 2022 оны 11 дүгээр сарын 06-ны орой 21-22 цагийн орчимд эхнэр Д.Дэлгэрцэцэг 2 хоног гадуур яваад ирэхээр нь хаачаад ирэв гэсэн чинь найзын төрсөн өдөр болоод хоночихоод ирлээ гэхээр нь нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Хийсэн алдаагаа дахин давтаж гаргахгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр уучихсан байхдаа охиноо аваад зайл гээд намайг хөөгөөд байхаар нь охиноо дагуулаад гэрээс гарсан. Хамт байвал зодож нүдээд хэрүүл маргаан үүсчих байх гэж бодоод гарсан. Найзындаа охины хамт 2 хоносон. Өнөөдөр хүүхдийн хичээл эхлэх болохоор гэртээ очиж хүүхдийн хичээлийг бэлдэх санаатай гэртээ ортол гэртээ ганцаараа согтуу байсан. Намайг хаачаад ирэв гэхээр нь найзын төрсөн өдөрт очсон, хүүхдийн хичээлийг хийлгэе гэсэн чинь гараараа шууд нүүр лүү цохиод авахад хамраас цус гараад эхэлсэн. Намайг хамраас гарсан цусаа тогтоох гэж байхад охин цагдаа руу дуудлага өгсөн байна лээ..... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр анх удаа намайг зодож байгаа юм. Манай нөхөр урд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй гэх мэдүүлэг /Хх-н 05, 14 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн № 182 ...... Дүгнэлт:

1.Д.Дэлгэрцэцэгийн биед зүүн нүдний дээд доод зовхины дотор хэсэг, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 18-19 дүгээр хуудас/

Яаралтай тусламжийн хуудас № 8735 /Хх-н 20 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Жадамбын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 34 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын А.Жадамба нь Баянсуудлын 2-7 тоотод ам бүл 3 оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт /Хх-н 35 дугаар хуудас/

А.Жадамба нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 36 дугаар хуудас/

Яллагдагч А.Жадамбын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан миний буруу, ахиж алдаа гаргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 37 дугаар хуудас/

Хохирогч Д.Дэлгэрцэцэгийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан бид хоёр эвлэрсэн тул гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 38 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Жадамба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 21-22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-7 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Дэлгэрцэцэгийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч А.Жадамбын хохирогч Д.Дэлгэрцэцэгийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэлтэй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхины дотор хэсэг, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт .... “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Жадамбын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж сард 125000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.Дэлгэрцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Хачит овогт Агвааны Жадамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Жадамбыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Жадамба нь 500000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Жадамба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Жадамба нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Жадамбад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ХЭРЛЭН.