Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0606

 

 

 

 

 

 

 

Мо УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ч ХХК

Хариуцагч: МБны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц,

Гомдлын шаардлага: Мо банкны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 000000 дугаар шийтгэлийн хуудасыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мо банкны ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу Ч ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хяналт шалгалт хийгдэж нийт 21 ширхэг улсын байцаагчийн акт үйлдэгдсэн. Үйлдсэн зөрчилтэй нь холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэж байгаа талаарх мэдэгдлийг Ч ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн байдаг. Мэдэгдлийн дагуу Ч ХХК-иас банкийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус банкны хуульч н.Т томилж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр итгэмжлэлийг Мо банканд хүргүүлсэн. Итгэмжлэлийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд н.Т оролцуулахаар тогтсон байсан боловч Мо банкны хянан шалгагчийн зүгээс тухайн ажиллагаатай холбоотой ямар нэгэн зүйл мэдэгдэлгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүрсэн. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн талаар албан бичгийг Ч ХХК-д ирүүлсэн. Ч ХХК-ийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг тоолно гэж заасан. Эрх бүхий албан тушаалтан өөрт олгогдсон ажил албан тушаалаа эрхлэх үедээ илрүүлсэн зөрчлийг, зөрчил илрүүлснээс хойш 5 хоногийн дотор хэрэг үүсгэнэ гэж заасан. Гэтэл Мо банкны хянан шалгагч уг заалтыг зөрчиж 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 50206 дугаартай шийтгэлийн хуудас ногдуулсан зөрчлийн хэргийг анх нээсэн. Ч ХХК-ийн хуульч н.Т итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэлийг Мо банканд хүргүүлсэн нь зөрчлийн хэрэгт авагдсан байгаа. Гэтэл банкны хууль ёсны төлөөлөгч н.Т энэхүү ажиллагаанд оролцуулаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй. Энэ нь зөрчилд холбогдогч өөрөө ямар хэрэгт холбогдож, шалгагдаж байгаагаа мэдэх эрхийг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад зөрчлийн хэргийг 01 дүгээр сарын 22-ны өдөр нээж зөрчлийн актыг 3 дугаар сарын 24-ний өдөр ногдуулсан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг бүртгэлийн хугацаа нь эрх бүхий албан тушаалтан 14 хоног, удирдах албан тушаалтан 14 хоног, прокурор 30 хоног нийт 58 хоногт зөрчлийг шалган шийдвэрлэх ёстой. 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэргийг нээхдээ анх 19 хоног шалгаад, удирдах албан тушаалтан 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2 дугаар сарын 22 ны өдөр хүртэл сунгасан. Прокурорын зүгээс 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан байна. Ингээд нийт 59 хоног болж байна. Эрх бүхий албан тушаалтан 14 хоногт шалгах ёстой байсан ч өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлээд 19 хоног шалгасан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар 58 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар уг зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулалгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудас ногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох материалуудыг холбогдогчид буюу түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулах ёстой ч танилцуулаагүй. Зөрчлийн шийтгэлийг танилцуулсны дараа 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ч ХХК-д ирж танилцуулсан. Мо банкны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 50206 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шалгалт хийгдсэн. 2020 оны 10 дугаар сарын 10-ны үеэр акт тавьсан. Үүнтэй холбогдуулан уулзалтаа хийхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилно гэж хэлсэн. Бид гэрчийн мэдүүлэг авах гэж и-мэйл хаягаар албан ёсоор мэдүүлгээ явуулахад ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй. Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон гэж ойлгосон. Банк руу албан ёсоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэнийг томилсон болохоо мэдэгдэнэ үү гэдэг албан тоот хүргүүлэхэд хариу ирээгүй. Тийм учраас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэргийг нээх хүртэл банканд удаа дараа мэдэгдэж байсан. Банкнаас ирүүлсэн итгэмжлэл дээр зөрчлийн хэрэгт оролцох гэж тодорхой заагаагүй холбогдох мэдээ тайланг гаргаж өгнө гэсэн утгатай байсан. Зөрчлийн хэрэгт хэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохыг тодруулахаар 2021 оны 01 дүгээр сард албан тоот хүргүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээснээс хойш удирдлагын зүгээс 15 хоног, прокуророос 30 хоног гээд процесс хуульд заасан хугацааны дагуу ажиллагааг явуулсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагаа: Мо банкны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц 2021 оны 3 дугаар сарын 25-ний өдрийн 000000 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар, зөрчлийн хэрэг зэргийг үндэслэн гомдлын шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Хариуцагч хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц нь МБны ерөнхийлөгчийн баталсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн удирдамжаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Ч ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг шалгаж, Мо банкнаас тогтоосон журмын дагуу биелүүлээгүй, Мо банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын 2.5 дахь заалтын дагуу Мо банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй зөрчил илрүүлжээ.

Улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 000000 тоот шийтгэлийн хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан 50.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч Ч ХХК эс зөвшөөрч тус шийтгэлийн хуудсыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж маргаж байгаа болно.

Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д Банкны тухай хуульд заасан, Мо банкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг 30-60 хүртэл хувиар хангаагүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг МБнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх, Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын 2.4-д Хөшүүргийн харьцааг энэ журмын 2.7-д заасан нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг 2.12-т заасны дагуу тохируулан, арилжааны авлага, өглөгийн зөрүүгээр цэвэршүүлсэн нийт актив болон цэвэр хүлээж болох үүргийн 50 хувийн нийлбэрт харьцуулан тооцно, 2.5-д Банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцааны доод хэмжээ 9 хувь, Өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцааны доод хэмжээ 12 хувь, Хөшүүргийн харьцааны доод хэмжээ 5 хувь байна гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч МБны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц нь гомдол гаргагчид 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тайлан, тэнцэлд тохируулгын гүйлгээг нэгдүгээр зэрэглэлийн болон нийт өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа харгалзан тус бүр -142.1 хувь болж зохистой харьцаа алдагдсан байгааг тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2020/057/006 дугаартай улсын байцаагчийн акт тавьж, Ч ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г дээрх акттай танилцаж, гарын үсэг зурсан байна.

Гэвч Ч банк ХХК нь дээрх зөрчлийг арилгаагүй тул хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2101000008 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн удирдах албан тушаалтны Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоолоор хэрэг бүртгэлийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн хэргийн хугацааг сунгах тухай 3/01 дугаар прокурорын тогтоолоор 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан байх ба 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэхээргүй байна.

Мөн МБны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээсэн тухай А-6/120 албан бичгээр зөрчлийн хэрэг нээсэн, банкийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж ирүүлэхийг мэдэгдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно, 2 дахь хэсэгт холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан холбогдогчийг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад шаардлагатай ажиллагааг хийсэн байна. Харин гомдол гаргагчаас мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй байх тул Ч ХХК-ийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын үүднээс гомдол гаргагч Ч ХХК нь тус хуульд заасан зөрчил гаргасан болох нь нэгэнт тогтоогдсон, шийтгэл хүлээх нь зүйтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтан шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүй байх тул МБны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Т.Цийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 000000 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй юм.

Түүнчлэн удирдамжаар хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар бичсэн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн актуудтай танилцан актад холбогдох тайлбар, нотлох баримт гаргаж өгөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон 2020 оны 11 дүгээр сарын 03-нд хх/1103/01 тоот албан бичгээр МБинд итгэмжлэл, хууль зүйн туслалцааны гэрээг хүргүүлсэн хэдий ч үүнийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нээсэн зөрчлийн хэрэгт холбогдогчийн төлөөлөгчийг томилсон гэж үзэхээргүй байна.

Улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчилд холбогдогчийн төлөөлөгчийг томилж, тайлбар мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулаагүй буюу уг ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй,шийтгэлийн хуудсанд хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тэмдэглэсэн зэрэг зөрчил гаргасан болохыг тэмдэглэж, энэхүү зөрчлийг зөвтгөх боломжгүй ч энэ нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 баримтлан МБны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 000000 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Ч ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ЧАНЦАЛНЯМ