Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0136/З |
Дугаар | 221/МА2024/0639 |
Огноо | 2024-10-02 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0639
“М ү” НҮТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, хариуцагч Ш.У
Нэхэмжлэгч: “М ү” НҮТББ
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагч Ш.У,
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0564 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, түүний өмгөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч Б.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/0136/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0564 дүгээр шийдвэрээр:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 18 дугаар зүйлийн 18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ү НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар бүхий “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
2.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай уялдуулан дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх хэсгийн тухайд:
Анхан шатны шүүхийн “...М ү д с 9801хх дугаартай олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг М үд олгогдоогүй тусгай зөвшөөрөл гэж үзэж улмаар илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт байна” гэж дүгнэсэн нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл судалсан гэж үзэхээргүй буюу шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргээ бүрэн судалсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Учир нь хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтэд “... М ү д с регистрийн дугаар болох 9801хх дугаараар улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон... үүнээс хойш нэг жил дөрвөн сарын дараа байгуулагдсан М ү ХХК-г улсын бүртгэлд бүртгэхдээ М ү ХХК-д олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрлөөр бүртгэсэн ... энэ нь ... илт хууль бус байна" гэжээ. Ийнхүү дүгнэлтэд бичигдсэн байгаа нь М ү ХХК-д олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрлөөр бүртгэсэн улсын бүртгэл нь илт хууль бус байсан талаар дүгнэсэн болох нь ойлгомжтой тодорхой байна. Гэтэл М ү ХХК-д М ү д с9801хх дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон мэтээр тайлбарлаж, улмаар тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль бус гэж улсын байцаагч шийдвэрлэсэн мэтээр дүгнэжээ.
2.2. М ү ХХК-д 9801хх дугаартай дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад тус компанийн тусгай зөвшөөрөл гэж улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус байсан талаар тодорхой дүгнэсэн байгааг үгүйсгэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь хүчингүй болгох эрхтэй" гэсэн тухайн маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхээс цааш үүнийгээ дүгнэхдээ “... тусгай зөвшөөрлийг бүртгэсэн үйл ажиллагааг илт хууль бус гэж үзэх хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд нийцээгүй илт хууль бус захиргааны акт байна" гэжээ.
Анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрөл олгох харилцаа болон тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлд бүртгэх харилцааг өөр өөр харилцаа болохыг ялгаж салгахгүйгээр нэг харилцаа мэтээр дүгнэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Хариуцагчаас тусгай зөвшөөрлийг олгосон асуудлыг бус М үд ХХК-д олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрөл гэж улсын бүртгэлд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн. Энэ хэсэгт анхан шатны шүүхээс утга агуулга болон логикийн алдаатай дүгнэлт хийсэн буюу улсын байцаагчийн дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн атлаа ямар үндэслэлээр илт хууль бус гэж дүгнэж буй талаар дурдаагүйн зэрэгцээ харин улсын бүртгэгчийн илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн асуудлыг захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалттай хольж хутгаж тайлбарласан байна.
2.3. Тодруулбал, шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.5, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэгт заасныг үндэслэн захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэж үзсэн. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох болон захиргааны актыг хүчингүй болгох нь хоёр өөр үр дагавар бүхий захиргааны үйл ажиллагаа байдаг. Гэтэл захиргааны хэргийн шүүх улсын байцаагчийн дүгнэлтийн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосон шийдвэрт хамаарах хэсэгт дүгнэлт хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалтыг хэрэглэн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсгийн тухайд:
Шүүхийн шийдвэрийн энэхүү хэсэгт дүгнэлтийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 91336ХХ регистрийн дугаартай М ү ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох" гэсэн хэсгийн талаар дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ хэргийн материалд авагдаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ч тайлбарласан асуудлаар буюу компани нэгдэх, нийлэх асуудлаар дүгнэлт хийсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс М ү д с болон М ү ХХК хоёр нь нэгдэж, нийлж, өөрчлөн байгуулагдаагүй талаар тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх " аливаа хуулийн этгээд нь нэгдэх, нийлэх зэргээр өөрчлөн байгуулагдах... бүрэн эрхтэй" гэж дүгнэсэн нь 5 хавтас хэргийн материалын хаана ч байхгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэхээр байна.
2.5. М Ү к нь 1998 онд байгуулагдсан Ч энэртэй коллеж байсан, харин 2013 онд М ү ХХК-г шинээр үүсгэн байгуулсан гэдэг нь улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтаар тодорхой нотлогдож байна. Өөрөөр хэлбэл М ү ХХК нь аливаа хуулийн этгээдийн өөрчлөн байгуулагдсан хэлбэртэй хуулийн этгээд биш юм. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 2-т улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилж олгосныг залруулж, зохих хууль тогтоомжид нийцүүлж, улсын бүртгэл бүртгэх арга хэмжээ авахыг уламжилсан.
Тус тушаалын дээрх заалт нь хүчин төгөлдөр буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0213 дугаар магадлалаар “... 2004 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн М ү” ...2015 онд "нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага" болж өөрчлөгдсөн "М ү" нэртэй хуулийн этгээдүүдийн аль нь 9801хх дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэгч болох нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн ...” гэж дүгнэж тушаалын 2 дахь заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон болно.
2.6. Ийнхүү бодит байдалд М ү нэртэй сургууль нь дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй аль хуулийн этгээд нь уг үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй, ойлгомжгүй болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байтал үүнийг харгалзан үзэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэхээр гарсан дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн шүүхээс улсын байцаагчийн дүгнэлтийг зөвхөн регистрийн дугаарыг өөрчилсөн гэх үндэслэлээр гарсан мэтээр хэт явцуу дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх нь тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа бөгөөд өөрт олгогдоогүй тусгай зөвшөөрлийг өөрийн мэтээр улсын бүртгэлд бүртгүүлсэн явдал нь хуульд нийцээгүй гэж үзэж, улсын бүртгэлийг зөвтгөн бүртгүүлэх, тусгай зөвшөөрлийг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр тус тус зааж шийдвэрлэсэн. Үүнийг зөвхөн регистрийн дугаарын асуудал мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримт болон бодит байдалд нийцэхгүй бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь хэсгийн тухайд:
"М ү" нь улсын бүртгэлийн бүртгэлд 9801хх гэсэн регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн бол "М ү" ХХК нь 91336ХХ гэсэн регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд хоёр өөр бие даасан зорилго, үйл ажиллагаа бүхий хуулийн этгээдүүд юм. "М ү” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхдээ "М ү”-д олгогдсон 9801хх дугаартай /регистрийн дугаараар олгогдсон/ сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг "М ү" ХХК-ийнх мэтээр хандаж алдаатай бүртгэл хийсэн байсан.
Дээрх хоёр хуулийн этгээдийн регистрийн дугаарууд зөрүүтэй байхад үүнийг шалган тогтоолгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцэхгүй болно. Үүнийг шүүх шийдвэртээ бичсэн атлаа хуулийн этгээдийн улсын бүртгэл ямар хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн болон уг бүртгэлийн улмаас хэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, захиргаа өмнө гаргасан ямар зөрчлийг хэрхэн засаж буй нь тодорхой тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
2.8. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 7/3699 дугаартай албан бичгээр “2013 онд иргэн Л.М-ын үүсгэн байгуулсан "М ү" ХХК-д боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гараагүй байна" гэсэн, мөн хэрэг Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2/2220 дугаар албан бичигт ч "Боловсрол, шинжлэх ухааны яам "М ү" ХХК /РД:57843ХХ/-д сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байгаагүй болно" гэсэн. Ийнхүү "М ү" ХХК нь тусгай зөвшөөрөл авч байгаагүй байна. Хуулийн этгээдийн бүртгэл нь хууль тогтоомжид нийцэхгүй бөгөөд холбогдох хуулийг зөрчсөн болохыг тогтоож нэгэнт анх бүртгэсэн “М ү" ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн буюу анхны бүртгэл хүчингүй болсноор үүнийг үндэслэн бүртгэгдсэн М ү НҮТББ-ын улсын бүртгэл нь дагаж хүчингүй болохоор шийдвэрлэсэн.
2.9. Гэтэл үүнийг анхан шатны шүүхээс харгалзан үзэхгүйгээр тус бүртгэлийг хүчингүй болгоход тусдаа бие даасан үндэслэл байх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэг нь нэгийгээ улбаалан бий болсон бүртгэлийг харилцааг эхнээс нь зөвтгөх үүднээс ийнхүү шийдвэрлэсэн болохыг харгалзаж үзээгүй байна. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дүгнэлтийн 4 дэх заалтын талаар огт дүгнээгүй бөгөөд үүнийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзсэн учир дутагдалтай юм. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулахгүйгээр, дүгнэлтийг нэг л үндэслэлээр гарсан мэтээр тайлбарлаж, дүгнэлтийн зарим заалтад огт дүгнэлт өгөхгүйгээр дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0564 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. Нэг. Нэхэмжлэгч нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн тухайд:
"М ү" НҮТББ нь анх 1998 онд "Ч Э" коллеж нэртэй байгуулагдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаалаар "Ч Э" коллеж нэрээ өөрчилж "Монголын Үндэсний" коллеж болсон тус өөрчлөлттэй холбоотой улсын бүртгэлийг зохих журмын дагуу шинэчлэн бүртгүүлэхийг БСШУ-ны сайдаас даалгаж шийдвэрлэж байсан. М Ү кийг БСШУ-ны сайдын 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар "дээд сургууль”-ийн ангилалд хамааруулсан.
Ийнхүү 2004 оноос М ү нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад БСШУ-ны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар "М ү д сургуулийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн их сургуулийн ангилалд хамааруулсугай” гэж шийдвэрлэсэн. Ийнхүү сургуулийн ангилал өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхийг М ү д сзахиралд даалгасан байдаг. Тус тушаалын дагуу сургалтын ажил эрхлэх 9801хх дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон.
3.2. БСШУ-ны сайдын дээрх тушаалаар М ү д сургуулийг "их сургууль"-ийн ангилалд хамааруулснаас бус оноосон нэрийг нь огт өөрчлөөгүй бөгөөд ийнхүү өөрчлөх хууль зүйн үндэслэл байгаагүй юм. М ү д сургуулийг их сургуулийн ангилалд хамааруулснаас хойш жил гаруйн дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М ү нэртэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шинээр үүсгэн байгуулах шийдвэрийг иргэн Л.Мөнхбат дангаараа гаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ийнхүү боловсролын үйл ажиллагаа явуулдаг "М ү" болон ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах "М ү" ХХК гэсэн хоёр хуулийн этгээд бий болсон.
"М ү" нь улсын бүртгэлийн бүртгэлд 9801хх гэсэн регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн бол "М ү" ХХК нь 9133ХХ гэсэн регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд хоёр өөр бие даасан зорилго, үйл ажиллагаа бүхий хуулийн этгээд юм. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:
Шалгуур | "М Ү к"- ийн тухайд | "М ү" ХХК-ийн тухайд |
Үүсгэн байгуулагдсан огноо | 1998 онд "Ч Э" коллежийг үүсгэн байгуулсан; | 2013 онд "М ү" ХХК-ийг анх удаа үүсгэн байгуулсан; |
Үүсгэн байгуулагч | Монгол Улсын нэг иргэн болон нэг хуулийн этгээд (компани); | Монгол Улсын нэг иргэн (Л.М); |
Нэрээ өөрчилж байсан эсэх | 2002 онд "Ч Э" коллежийн оноосон нэрийг "М Ү к" болгон өөрчилсөн; | М ү ХХК-ийн нэрийг өөрчилж байгаагүй; |
Регистрийн дугаар | "М Ү к” нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьд дахин давтагдашгүй 9801хх тоот регистрийн дугаартай болно; | "М ү" ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьд дахин давтагдашгүй 91336ХХ TOOT регистрийн дугаартай болно; |
Үйл ажиллагааны чиглэл | -"М Ү к” нь боловсрол сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилготой; | "М ү” ХХК нь ашгийн төлөө зорилготой; |
Боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх | -"М Ү к” нь 2002 онд тоот боловсрол сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан болно; | "М ү” ХХК-д БСШУЯ-аас боловсрол сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байгаагүй болно |
Боловсролын байгууллагын ангиллын тухайд | -"М Ү к" нь 2004 онд "дээд сургууль"-ийн, 2012 онд "их сургууль"-ийн ангилалд орсон байдаг; | "М ү" ХХК нь “дээд сургууль”-ийн төдийгүй “Их сургууль”-ийн ангилалд орж байгаагүй; |
3.3. Нэхэмжлэгч нь анх "М ү" НҮТББ нэртэйгээр 9801хх гэсэн дугаартай тамга дарж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан хууль бус үйл ажиллагаа нь ил болоход тамгаа өөрчилж 91336ХХ гэсэн дугаартай тамга болгон өөрчилсөн. Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь угтаа сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч байгаагүй, харин бүртгэлийн байгууллагын алдааны улмаас өөр хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн хуулийн этгээд юм. Хууль тогтоомжийг дагаж мөрдөх, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах нь төрийн байгууллагад төдийгүй иргэн, хуулийн этгээдэд нэгэн адил хамаарна. Хууль бус зүйлийг улсын бүртгэгч төөрөлдөж бүртгэсэн нь хууль ёсны болж зөвтгөгдөхгүй, хууль бус байсан болохыг нь тогтоосон тохиолдолд залруулж зөвтгөх нь төрийн байгууллага буюу улсын бүртгэлийн үүрэг юм.
3.4. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд:
Адил төстэй нэртэй хоёр өөр хуулийн этгээдийн бичиг баримтыг хольж хутган төрийн байгууллагад буруу ойлголт өгч хууль зүйн үндэслэлгүйгээр өөрт давуу ашигтай байдал бий болгосон хууль бус зан үйлийг шүүхээс зөвтгөж байгаа нь эрх зүйн тогтолцооны мөн чанарт харш, түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 заасан (1) Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах, (2) хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, (3) хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, (4) шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах шүүхийн эрхэм зорилгын алинд нь ч үл нийцэх юм.
3.5. Хэрэгт авагдсан баримтаар (1) М ү болон М ү гэсэн хоёр өөр хуулийн этгээд байгаа нь эргэлзээгүй нотлогддог (2) 2013 онд үүсгэн байгуулагдсан М ү ХХК-д боловсрол сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож байгаагүй (3) харин эртнээс боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулж ирсэн хуулийн этгээд (Ч эколлеж)-ийн тусгай зөвшөөрлийг улсын бүртгэгчийг төөрөгдүүлж өөр хуулийн этгээд (М ү ХХК)-ийн нэр дээр бүртгүүлсэн (4) тус хоёр хуулийн этгээд нь үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгчийн хувьд ч ялгаатай болно. Улсын бүртгэл нь нотлох баримтад үндэслэх, үнэн зөв байх зарчимтай бөгөөд бүртгэлд алдаа гарсан, хууль зөрчигдсөн бол үүнийгээ зөвтгөх бүрэн эрхтэй болно.
Гэтэл шүүх үүний эсрэг “...М ү д с9801хх дугаартай олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг М үд олгогдоогүй тусгай зөвшөөрөл гэж үзэж улмаар илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт байна" гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд шүүх маргааны мөн чанарт хамааралгүй, өөрөөр хэлбэл улсын бүртгэгчийн тусгай зөвшөөрлийг бүртгэсэн үйлдэлд өгсөн үнэлэлт дүгнэлтийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн чиг үүрэгтэй хольж хутгасан алдаа гаргасан байна. Хамгийн гол асуудалд шүүх ийнхүү ташаарсан тул шийдэл буруу гарах нь мэдээжийн хэрэг юм.
3.6. Шүүх бодит байдалд огт болоогүй тийм ч учраас энэ талаар баримт хэргийн материалд авагдаагүй асуудлаар тодруулбал, компани нэгдэх, нийлэх тухай хууль зүйн ухагдахуунд ач холбогдол өгч шүүхийн шийдвэрт дүүргэлт хийсэн. Таван хавтас бүхий хэргийн материалыг нэг бүрчлэн судалж үзэхэд М ү болон М ү ХХК нэгдэж, нийлсэн тухай баримт, тийм санааг илэрхийлэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс М ү болон М ү ХХК хоёр нь нэгдэж, нийлж, өөрчлөн байгуулагдаагүй гэж тодорхой тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх “... аливаа хуулийн этгээд нь нэгдэх, нийлэх зэргээр өөрчлөн байгуулагдах бүрэн эрхтэй” гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах процессын хуулийн заалтыг зөрчсөн.
3.7. Анхан шатны шүүх дахин нотлохгүй байх процессын эрх зүйн зарчмыг зөрчсөн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0213 дугаар магадлалд маргаанд холбогдох дараах чухал дүгнэлтүүдийг өгсөн. Магадлалын хянавал хэсгийн 5.3-т “... "Ч э" коллежоос "М ү" нэртэй болж, дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн хугацааны туршид дээр дурдсан сайдын тушаалуудад заасанчлан сургалтын байгууллагын нэр, улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг хийлгэж бүртгүүлээгүй боловч 1998-2002 онд "Ч э" коллеж, 2002-2004 онд М Ү к, 2004-2012 онд М ү, 2012 оноос хойш М ү нэрээр сургалтын байгууллагын үйл ажиллагааг, анх "Ч э" коллежид олгосон 9801хх дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу явуулж иржээ",
Магадлалын хянавал хэсгийн 5.4-т "9801хх регистрийн дугаартай, "М ү" нэртэй сургалтын байгууллага нь 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол "М ү" ХХК /РД:5784344/ бүртгэгдэж, хуулийн этгээдийн хэлбэрийг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр "нийгэмд нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинээр үүсгэн байгуулагдсан" төлөвтэй үйлчилдэг төрийн бус байгууллага” болгон өөрчилж, улмаар регистрийн дугаарыг 91336ХХ болгон сольж бүртгүүлжээ",
Магадлалын хянавал хэсгийн 8.2-т “... энэ хэсгийн 5.2, 5.4-т дурдсанчлан "Ч э" коллежийн сургалтын байгууллагын ангиллыг М Ү к, М ү, дараа нь Их сургууль болгож өөрчилсөн тохиолдол бүрд, зохих ангилалд нийцсэн нэр авч, тогтоосон хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэхийг дээд боловсролын сургалтын байгууллагын захиралд даалгасан сайдын тушаалыг биелүүлээгүйн улмаас энэ тохиолдолд 2004 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн М ү, эсхүл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалаар Их сургуулийн ангилалд шилжсэн "М ү", эсхүл 2013 онд "хязгаарлагдмал хариуцлагатай компани" хэлбэрээр шинээр үүсгэн байгуулагдаж, 2015 онд "нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага" болж өөрчлөгдсөн “М ү" нэртэй хуулийн этгээдүүдийн аль нь 9801хх дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэгч болох нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн .. гэж тус тус дүгнэсэн.
3.8. Үүнээс үзэхэд нэг хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг өөр нэг хуулийн этгээд ашиглаж, нийтийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулж ирсэн болох нь шүүхээр тогтоогдсон бөгөөд үүний гол шалтгаан нь улсын бүртгэгчийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар М ү д стусгай зөвшөөрлийг М ү ХХК-д шилжүүлэн бүртгүүлсэн үйл явдал юм. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж дүгнэлт өгсөн. Хариуцагчийн шийдвэр буюу захиргааны акт өмнөх бүртгэлийг "илт хууль бус" болохыг тогтоох гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд хамаарах үндэслэлээр гарсан. Гэтэл шүүх хууль бус захиргааны актад хамаарах Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлан дүгнэлт хийсэн.
3.9. Түүнчлэн хэрэгт авагдсан баримт болон логикийн үүднээс авч үзвэл адил төсөөтэй нэртэй хоёр өөр хуулийн этгээдийн баримт бичгийг хольж хутган улсын бүртгэгчийг төөрөгдүүлж, хууран мэхэлсэн дүр зураг илт байдаг. Энэ тохиолдолд шүүхийн үндэслэл болгосон хөөн хэлэлцэх хугацаа мөн хэрэглэгдэхгүй юм.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны актад бүрэн дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй. Маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа буюу дүгнэлт нь нийт 5 хэсгээс бүрдэж байгаа. Гэтэл шүүх 4 болон 5 дугаар хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөөгүй хэр нь тус актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус болсон.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0564 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч М ү НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагч Ш.Уд холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
3. Маргаан бүхий дээрх дүгнэлтээр “...М үд 9801хх дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход үндэслэсэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон, иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.1.7, Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг тус тус үндэслэн...Хуулийн этгээдийн улсын бүртгэлд М ү ХХК-д сургалтын ажил эрхлэх 9801хх дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болох захиргааны актад тооцох, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 91336ХХ регистрийн дугаартай М ү ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 91336ХХ регистрийн дугаартай М ү НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх, М Ү И сургуулийн үүсгэн байгуулагч Л.М-д Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх”-ээр тус тус шийдвэрлэжээ.
4. “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд М ү ХХК-д сургалтын ажил эрхлэх 9801хх дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болох захиргааны актад тооцох” дүгнэлтийн тухайд:
4.1. Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үзэх бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан нэрлэж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй.
4.2. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд, М ү НҮТББ-аас “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасныг Нийслэл дэх Захирганы хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0859 дүгээр шийдвэрээр “тус тушаалын 1, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, тушаалын 2 дахь хэсэгтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0213 дугаар магадлалаар “...хүчингүй болсон 1992 оны 476 дугаар тушаалыг үндэслэсэн тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус шинжийг агуулна, ...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон гэж үзэхгүй” гэж дүгнэн уг тушаалын 1 дэх заалтыг буюу Боловсролын сайдын 1992 оны Ү и сстатус олгох тухай 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Сургуулийн ангилал өөрчлөх тухай А/454 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.3. Маргаан бүхий улсын байцаагчийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 6572 дугаар дүгнэлтэд “...М ү ХХК сургалтын ажил эрхлэх 9801хх дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход үндэслэсэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/454 дүгээр тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/421 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон”-ыг үндэслэл болгосон байх боловч тус үндэслэл нь дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар үгүйсгэгдэж байна.
4.4. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно, 37.5. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно, мөн хуулийн 48.2. Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1. хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; 48.2.2. бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн; 48.2.3. захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй; 48.2.4. захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн; 48.2.5. нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж, 48.3. Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж тус тус заасан.
4.5. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломж түүнийг гаргасан өдрөөс нь хойш 5 жилийн хугацаагаар хязгаарлагдахаар хуульчилсан байна.
4.6. Анхан шатны шүүхээс “... Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хийгдсэн бүртгэлийг илт хууль бусад тооцох хуулийн үндэслэлд нийцэхгүй байна, …эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн, ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасантай нийцүүлэн авч үзвэл хариуцагч улсын байцаагч өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашиглаж хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул дүгнэлтийн энэ хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй” гэж холбогдох хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэлтэй зөв дүгнэжээ.
5. “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 91336ХХ регистрийн дугаартай М ү ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох” тухайд:
5.1. Маргаан бүхий дүгнэлтэд “...хяналт шалгалтын хүрээнд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М ү ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртэлд бүртгэсэн улсын бүртгэгчээс тайлбар авахад “...үүсгэн байгуулагч Л.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М-ын гаргасан УБ-03 маягт, шийдвэр, хурлын тэмдэглэл, итгэмжлэл, нэрийн баталгаажуулалтын хуудас, санхүүгийн тайлан, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, БСШУЯ-ны олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг үндэслэн тухайн үед мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 18 дугаар зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй байсан тул бүртгэх шийдвэр гаргаж, улсын ахлах бүртгэгч Я.С, газрын дарга Ш.Ж нараар хянуулан, шийдвэрт гарын үсэг зуруулан, бүртгэж гэрчилгээ олгосон” гэжээ.
5.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 7 дугаар зүйлийн 7.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 7.1.1. хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны, 7.1.2. хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны, 7.1.3. хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн, 7.1.4. хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсны гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4. Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.1. улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.2. энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах гэж,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага /цаашид "бүртгэх байгууллага” гэх/ бүртгэнэ, 7.1.4. соёл, боловсрол, сургалтын байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэх байгууллага энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар бичгээр шийдвэр гаргана, 18 дугаар зүйлийн 18.1. Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараахь үндэслэлээр татгалзана, 18.1.1. улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 18.1.2. өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 15.3, 15.4-д заасан үндэслэл байгаа гэж тус тус заасан.
5.3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М ү нэртэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “...УБ-03 маягт, шийдвэр, хурлын тэмдэглэл, итгэмжлэл, нэрийн баталгаажуулалтын хуудас, санхүүгийн тайлан, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, БСШУЯ-ны олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ” зэрэг дээрх хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн зохих журмын дагуу хандсан, өмнө нь эрх бүхий байгууллагаас нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж буй тохиолдолд бүртгэлийн байгууллага дээрх хуулийн 18.1-д зааснаас бусад тохиолдолд мэдүүлгийг хүлээн авах үүрэгтэй буюу бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй гэж үзнэ.
5.4. Анхан шатны шүүхээс “...хариуцагчийн гаргасан дүгнэлтэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 91336ХХ регистрийн дугаартай М ү ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор заасан боловч тухайн улсын бүртгэлийг ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, тухайн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг хэрхэн зөрчсөнийг тодорхой тогтоогоогүй, зөвхөн регистрийн дугаарыг өөрчилсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 91336ХХ регистрийн дугаартай М ү НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох” тухайд:
6.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ, 22.1.1. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 22.1.2. үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, 22.1.3. үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, 22.1.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж тус тус заасан.
6.2. Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтууд болох 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр М ү ХХК-ийн хувцаа эзэмшигчийн Компанийн хэлбэр өөрчлөх тухай шийдвэр, Гүйцэтгэх захирал томилсон болон дүрмийг шинэчлэн баталсан тухай шийдвэр, мөн М ү Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 01 тоот Удирдах зөвлөлийн тогтоол, Төрийн бус байгууллагын дүрэм зэргийг хавсарган Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөн байгуулагдаж буйг бүртгүүлэхээр УБ-04 маягтын дагуу хандсанаар 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд М ү НҮТББ-ыг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
6.3. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлд 91336хх регистрийн дугаартай М ү НҮТББ-аар бүртгэсэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлтийг гаргахдаа ямар хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн болон уг бүртгэлийн улмаас хэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, захиргаа өмнө гаргасан ямар зөрчлийг хэрхэн засч буй талаараа маргаан бүхий актад тодорхой тусгаагүй нь захиргааны шийдвэр хуульд үндэслэх, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг хангасан гэж үзэхээргүй байна.
Энэ талаарх анхан шатны шүүхийн “...тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй тохиолдолд бүртгэл зайлшгүй хийх үүрэгтэй, энэ агуулгаараа тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзэхээр байхад хариуцагч ямар үндэслэлээр ийнхүү хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчим болох “шийдвэр нь бодит нөхцөлд байдалд тохирсон байх” зарчмыг хангахгүй, ... захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан үүргээ биелүүлээгүй...” гэх дүгнэлт үндэслэлтэй.
7. “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх” тухайд:
7.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0213 дугаар магадлалаар: Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дүгээр тушаалын 1 дэх заалтыг буюу Боловсролын сайдын 1992 оны Ү и сстатус олгох тухай 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Сургуулийн ангилал өөрчлөх тухай А/454 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.
Түүнчлэн, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд М ү ХХК-д сургалтын ажил эрхлэх 9801хх дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болох захиргааны актад тооцох”-оор шийдвэрлэсэн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийн талаар энэхүү магадлалын Хянавал нь хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт нэгэнт дүгнэсэн тул “холбогдох тусгай зөвшөөрлийг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж заасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
8. Маргаан бүхий үйл баримтын тухайд нэгтгэн дүгнэхэд, Гэгээрлийн сайдын 1998 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 154 дүгээр тушаалаар “Ч э” коллежийг сургалтын байгууллагаар бүртгэн, 9801хх дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хамт 1998 оны 8 дугаар сарын 01-ний өдөр анх олгосон бөгөөд үүний дараа “Ч э” коллеж нь “М Ү к” болж нэрээ өөрчилсөнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас 2002 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаал гарсан, Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар М Ү кийг “Дээд сургууль”-ийн ангилалд хамааруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар М ү д сургуулийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Их сургууль”-ийн ангилалд хамруулж шийдвэрлэсэн. Тодруулбал, 1998-2002 онд “Ч э” коллеж, 2002-2004 онд М Ү к, 2004-2012 онд М ү, 2012 оноос хойш М ү нэрээр сургалтын байгууллагын үйл ажиллагааг, анх “Ч э” коллежид олгосон 9801хх дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу явуулж ирсэн байна. Энэ талаар ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0213 дугаар магадлалд дүгнэсэн.
“М ү” ХХК /РД:57843ХХ/ нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинээр үүсгэн байгуулагдсан” төлөвтэй бүртгэгдэж, хуулийн этгээдийн хэлбэрийг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” болгон өөрчилж, улмаар регистрын дугаарыг 91336ХХ болгон сольж бүртгүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
Анх 1998 онд “Ч э” коллежид 9801хх сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, М Ү к, М ү, М ү нэрээр сургалтын байгууллагын үйл ажиллагааг явуулсан бүхий л хугацаанд анх “Ч э” коллежид олгосон 9801хх дугаартай тусгай зөвшөөрлийг сунгах, шинэ мэргэжил /хөтөлбөр/-ээр сургалт эрхлэх зөвшөөрөл нэмж олгох зэргээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагийн зүгээс нэхэмжлэгчийг сургалтын үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж ирсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн сургалтын ажил эрхлэх 9801хх дугаартай тусгай зөвшөөрлийг бүртгэсэн бүртгэлийг зөвхөн “М ү” ХХК-д олгогдоогүй тусгай зөвшөөрлийг тус компанийн тусгай зөвшөөрлөөр бүртгэсэн” гэх үндэслэлээр 9 жилийн дараа илт хууль бус захиргааны актад тооцож, хүчингүй болгосон нь нэхэмжлэгч компанийн сургалтын үйл ажиллагаа явуулахтай холбоотой үйл ажиллагаа тасалдахад хүргэж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй захиргааны үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдахад хүргэжээ гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, 9801хх дугаартай тусгай зөвшөөрлийг сунгах, шинэ мэргэжил /хөтөлбөр/-ээр сургалт эрхлэх зөвшөөрөл нэмж олгох зэргээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагийн зүгээс нэхэмжлэгчийг сургалтын үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж, маргаангүй байсан учраас тус тусгай зөвшөөрлийг үндэслэн өнөөдрийг хүртэл сургалтын үйл ажиллагаа явуулж ирсэн өнгөрсөн болон өнөөдрийн бүхий л цаг хугацаанд тус сургуулийг төгссөн олон зуун төгсөгчид, одоогийн суралцаж буй суралцагчид болон тус сургуулийн нийт багш ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эрсдэл үүснэ гэж үзэхээр байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН