Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Шүүгдэгч Г.Ууганбаяр

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ууганбаярт холбогдох 201614000469 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 2-31 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Өндөр шарга овогт Гүррагчаагийн Ууганбаяр /РД: ИЦ80041977/

Шүүгдэгч Г.Ууганбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн авто вокзалын авто машины зогсоол дээр иргэн Ж.Удаанжаргалтай маргалдан түүний эзэмшлийн 39-43 ОРХ улсын дугаартай Сонота-7 маркийн суудлын авто машины урд салхины шилийг санаатайгаар цохиж хагалж 343.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр найзыгаа хот руу явуулах гээд авто вокзал дээр очсон. Гэвч согтуу хүн авч явахгүй гээд таксины жолооч нар хэлэхээр нь айлгах санаатай тэд нартай маргалдаж Дулаанжаргалын авто машины урд шилийг цохиж хагалсан. Хохирол төлж барагдуулсан. Би нэлээн согтуу байсан болохоор тухайн үед болсон асуудлын заримыг нь санахгүй байна. Энэ хэргийн хувьд маргахгүй. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ж.Удаанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би Улаанбаатар хот руу хүн авч явах гээд вокзал дээр зогчигчдоо суулгаад байж байхад хулгайгаар хүн тээвэрлэдэг Ууганаа гэх залуу согтуу ирчихсэн тэр хавиар жолооч нараас архи мөнгө нэхээд янз бүрээр дарамтлаад байсан. Над дээр ирээд хэрүүлийн үг өдөөд байсан. Би юм хэлээгүй зайгаа бариад яваад байсан чинь миний хоолойг боогоод хэл үгээр  доромжлоод байсан. Чамайг явуулахгүйн тулд машины чинь цонхыг хагална гээд байсан, тэгээд цамцныхаа ханцуйгаар гараа жийрэглэж байгаад урд салхины шилийг 2 удаа цохисон. Машины урд шил хагарсан учраас замд явах боломжгүй болсон гэсэн мэдүүлэг /хх 13-18 ху/

-Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ууганаа гэдэг залуу согтуу ирээд тендерт явдаг жолооч нартай хэрүүл маргаан хийгээд байсан. ...Гэнэт юм цохих чимээ гарахаар нь хартал Ууганаа гэдэг залуу Удаанжаргал ахын Сонота-7 маркийн саарал өнгийн машины урд салхины шилийг гараараа цохиод хагалчихсан гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/

-Гэрч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хулгайгаар хүн тээвэрлэдэг Ууганаа ах согтуугаар ирээд жолооч нарыг цохих гээд архи аваад өг гээд хэрүүл маргаан хийгээд яваад байсан. Удаанжаргал ахтай хэрэлдээд машины чинь шилийг хагалж чадна шүү гээд байсан. Удаанжаргал ахын Сонота-7 маркийн урд салхины шилийг гараараа цохиод хагалсан гэсэн мэдүүлэг /хх 25 ху/

-Гэрч Ө.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ууганбаяр ах найзтайгаа хамт караоке бааранд 750 граммын архи авч уусан. Ууганбаяр ах найзыгаа хот руу гаргаж өгнө гээд би машиныг нь бариад вокзал дээр ирсэн. Би шатахуун түгээх станцын тэр хавиар хүнтэй уулзаж байгаад эргээд ирэхэд машины цонх хагалсан юм яригдаад эхэлсэн. Ууганбаяр машин дээрээ ирээд шууд явья гэхэд шууд явсан гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-9 ху/

-Хохирлын үнэлгээ /хх 28 ху/ -Хохирол төлсөн баримт /хх 49-53 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/

-Г.Ууганбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 44-48 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Ууганбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн авто вокзалын авто машины зогсоол дээр иргэн Ж.Удаанжаргалтай маргалдан түүний эзэмшлийн 39-43 ОРХ улсын дугаартай Сонота-7 маркийн суудлын авто машины урд салхины шилийг санаатайгаар цохиж хагалж 343.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өгсөн “...Чамайг явуулахгүйн тулд машины чинь цонхыг хагална гээд байсан тэгээд цамцныхаа ханцуйгаар гараа жийрэглэж байгаад урд салхины шилийг 2 удаа цохисон. Маншины урд шил хагарсан учраас замд явах боломжгүй болсон” гэсэн мэдүүлэг /хх 13-18 ху/, гэрч Б.Отгонбаяр /хх 22-23 ху/, Ц.Оюун-Эрдэнэ /хх 25 ху/, Ө.Баярсайхан /хх 19-20 ху/ нарын мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ /хх 28 ху/ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ууганбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ууганбаярын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөр шарга овогт Гүррагчаагийн Ууганбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Г.Ууганбаярыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Ууганбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Ууганбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА