Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/358

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0337/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2218000000364 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, 2 дүүгийн хамт******* тоотод оршин суух, урьд:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, 6 сар 16 хоногийн хорих ялыг тэнссэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 2 жилээр тогтоож шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 10 дугаар 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 2 жил 4 сараар тогтоож шийдвэрлэсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 804 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, цагдан хоригдсон 189 хоногийг эдлэх ялд нь оруулан уг ялыг эдэлсэнд тооцож, түүнийг суллаж шийдвэрлэж байсан******* овогт************** /Регистрийн дугаар******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тоот байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй хүний кольцо хэлбэртэй алтан бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 4 ширхэг, мөнгөн кулон 3 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн ээмэг 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 1217000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найздаа өртэй байсан. Миний цалин эгчийн дансаар ордог байсан. Би хөдөө уурхайд сүлжээгүй газар ажилладаг байсан. Эгч мөнгөөр чинь бараа аваад эргэлдүүлчихсэн гэсэн. Дарханд ирсэн байхад найз мөнгөө нэхээд байсан. Уурхайн цалин орж ирэхгүй байсан.” гэв.

 

Эрүүгийн 2218000000364 дугаартай хэргээс:

Хохирогч өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минутад нөхөр, охин бид 3 гэрээсээ гарсан. Тэгээд орой би ажлаа тараад охинтойгоо хамт гэрийн гадна ирэхэд 17 цаг 20 минут болж байсан, харин охин бид хоёрыг гэрийн гадна ирэхэд манай хашааны машин ордог гүйдэг хаалга бүрэн хаагдаагүй завсартай байсан, тэгээд гүйдэг хаалгаа бүрэн нээгээд дотогш ороход байшингийн хаалганы цоож нь онгойсон байдалтай цүүнээсээ зүүлттэй байхаар нь цоожийг нь аваад дотогш орж үзэхэд гэр орон эмх цэгцгүй, хулгай орсон байдалтай байсан. Алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 ширхэг бага гарын мөнгөн аяга, 2-уулаа дундаа модон оруулгатай, нэгнийх нь доод хэсэгт нь эвтэй дөрвөн амьтны сийлбэртэй, нөгөөхийнх нь доод хэсэгт нь шувууны сийлбэртэй байсан. Мөн эрэгтэй хүний кольцо хэлбэртэй алтан бөгж, эмэгтэй хүний мөнгөн бөгж 4 ширхэг, кулон 3 ширхэг, гинж 2 ширхэг, ээмэг 3 хос зэрэг эд зүйл алдагдсан.” гэх мэдүүлэг  /хх 22/,

 

Иргэний нэхэмжлэгчийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим манайхаас нэг залуу орж ирээд алтан бөгж зарах гэсэн юм аа гэхээр нь би хэнийх юм бэ, насанд хүрсэн юм уу? гэж асуусан. Тэгэхэд бичиг баримтаа чатаар хариулъя гэсэн. Тэгэхээр би за яах юм, зүгээр регистрийн дугаараа хэлчих гэхэд хэлсэн, би мартчихжээ. Тэр залуу Заамарт өрмийн компанид ажилладаг. Ажил руугаа явах гэсэн чинь зардлын мөнгөгүй байна, энэ манай ээжийн бөгж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь бэлэн өгөхгүй дансаар шилжүүлнэ гэхэд надад данс байхгүй, эгчийнхээ данс руу шилжүүлээд авъя гэж хэлсэн. Тэгээд эгчтэйгээ яриад байгаа бололтой байсан. Надад дугаартай данс руу Жаалмаа Дарханбаяр руу 510.000 төгрөг. гүйлгээний утга дээрээ Мандах гэж бичиж шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 27/,

 

Гэрчын өгсөн: “... ******* нь миний Хаан банкны  данс руу 2022 оны 08 дугаар сарын 23-ны орой 17:40 цагт 510000 төгрөг шилжүүлэн орж ирсэн дансны хуулгыг хүлээлгэн өгч байна.” гэх мэдүүлэг /хх 33//,

 

 “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “.бага гарын мөнгөн аяга 2 ш, эрэгтэй хүний зольцо хэлбэртэй алтан бөгж 2.94гр 1 ш, мөнгөн бөгж 4 ш, мөнгөн зулон 3 ш, мөнгөн гинж 2 ш, мөнгөн ээмэг 3 хос зэрэг эд зүйлсийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 1217000 төгрөг байна. ” /хх 83/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...”Ганга Эгмоо” цахилгаан барааны дэлгүүрийн дотор “Алт мөнгө авна, хайлуулна” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газраас гараад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.” /хх 64/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 59/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 108-133/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 97-102/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 106/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******ыг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тоот байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 1217000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.

Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг тус тус ойлгоно.

 

Хүн амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн  гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, түүнчлэн...хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байрлуулсан, эсвэл хориг саадыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ...цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч *******ын үйлдэл нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан 1.2-д тус тус заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван долоодугаар бүлэг буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч 1217000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчийн 510000 төгрөгийн нэхэмжлэлийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч...“шүүгдэгч *******ыг 4 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлт”-ийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-д эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт”-ийг, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Цаашид хулгайн гэмт хэрэг хийхгүй. Надад нэг удаа итгээд ял хөнгөрүүлж өгнө үү “ гэх тайлбар тус тус гаргав.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт яллагдагчаар цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр цоож 1 ширхэг, 22 см урттай хүрэн шар өнгийн арматур төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт**************ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр цоож 1 ширхэг, 22 см урттай хүрэн шар өнгийн арматур төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ