Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 162/2022/0193/Э |
Дугаар | 2022/ШЦТ/000 |
Огноо | 2022-11-25 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 22140000000017 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******арын *******й, регистрийн дугаар: *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дөвөнтийн тал” гэх газарт “Топ ган дрийлинг” ХХК-н эзэмшлийн 05-72 УАО улсын дугаартай “Мусо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
... 2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Топ ган дриллинг” ХХК уурхайгаас н.Гантөмөр, н.Саранболд, н.Нямсүрэн ******* бид нар аймгийн төв рүү гарсан. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг руу орж байхад тал газар замын ховил таараад гаргах гээд тоормоз гишгэтэл машин хажуу тал руугаа гулсаад 2 удаа өнхрөөд машин дугуйн дээрээ хойд зүгт хараад зогссон. Тэгээд уурхайн удирдлагуудад хэлээд түргэн дуудсан. Тухайн үед 60-70 км цагийн хурдтай явж байсан. Би тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 244-245/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Топ ган дриллинг” ХХК-иас Баянхонгор аймаг руу явахаар ажлын автомашинаар тавуулаа машинд суусан. Би жолоочийн эсрэг талын арын суудлын баруун талын цонхон талд сууж явсан. Би унтаагүй, нүдээ аниад явж байсан. Тэгсэн гэнэтхэн машин өнхрөөд уначихсан хүмүүс орилж байсан. Осол болсны дараа машин дотор хэвтэж байснаа санаж байна. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 хонож хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн....Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэж гараад одооноос юм түшиж явж байгаа. Удаан алхаж, хөлөө дангаар нь өргөж явж чадахгүй, гараараа хөлөө өргөж алхаж байгаа. 2 хоногийн өмнөөс миний 2 хөл, 2 гар унтаж босохоор өглөө хавагнасан байдалтай байгаа. Хөлний шилбэнээс доошоо байнгын хавантай. Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгийг өгсөн ******* гэх хүн эмнэлгийн төлбөрийг төлсөн. 3 удаа эмнэлэгт хэвтсэн ойролцоогоор 4,000,000 төгрөгийн эмчилгээний зардалд төлсөн. Өөрийн зардлаар 1,000,000 төгрөгийн баримт мөрдөгчид өгсөн. Одоо нэмж гаргаж өгөх баримт байхгүй байна. Би энэ хэрэг гарснаас хойш ажлаа хийж чадаагүй өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авмаар байна. Би сард 1,200,000 төгрөгийн цалин авдаг байсан... гэх мэдүүлэг /хх- 34-35, 237-238/,
Иргэний нэхэмжлэгч П.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... нярав н.Нямсүрэн над руу утсаар холбогдоод машин уначихлаа, эмч аваад ирээрэй гэхээр нь уурхай дээрээс эмч, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, хоёр механик, нэг харуул хамгаалалтын ажилтны хамт гурван машинтай хүрээд ирэхэд байгууллагын нэр дээр байдаг 05-72 УАО улсын дугаартай Мусо маркийн автомашин унасан байсан. Тэгээд 4 зорчигч гараад ирсэн 1 зорчигч нь бол машин дотор байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд тухайн үед эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд хүмүүсээ аваад аймгийн нэгдсэн эмнэлэгт зөөвөрлөж ирсэн. Улаанбаатар хотоос 2022 оны 02 дугаар сарын дундуур уурхай дээр ирсэн авто машин байсан. Ирэхээсээ өмнө бол Улаанбаатар хотод оношилгоонд орчихоод ирсэн. Уг авто машин бол хөдөлмөрийн аюулгүй байдлын албаны машин байгаа. Манай байгууллагын зүгээс бол ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай авто машин даатгалтай учраас нөхөн төлбөрийг даатгалаас гаргуулж авна. Эмчилгээ хийлгэж байгаа хоёр хүний хэвтэн эмчлүүлж байгаа мөнгө, зардлыг бол бүрэн шийдсэн. Галуут сумын Сүмбэр 2 дугаар багт байрлах Хүүшийн ам гэх нэртэй уурхай дээрээс ажиллаж байгаад ээлжийн амралтаа авсан хүмүүсийг хүргэж өгөхөөр аймгийн төв рүү явж байсан. Уурхайгаас гараад 20 км орчим яваад унасан байсан. Тэр хүмүүс архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Галуут сумын Хүүшийн амны уурхайгаас аймгийн төв рүү 08 цаг өнгөрч байхад ******* жолоочоор нь *******, П.Нямсүрэн, ******* гээд бид 5 уурхайн 05-72 УАО улсын дугаартай Мусо маркийн автомашинтай хөдөлсөн. Тэгээд уурхайгаас гараад 33 км орчим явж байтал тал газар дээр шороон зам байсан ба зам нь бага зэргийн ховилтой зам байсан эхлээд зөв талаараа шарваад буруу талын хоёр дугуйгаар түрэгдээд замынхаа ертөнцийн зүгээр зүүн тал руугаа нэг удаа эргэх шиг болсон. Тэгээд дөрвөн дугуйн дээрээ тогтоод ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай онхолдож зогссон. Тэр үед өглөөний 09 цаг өнгөрч байсан. ******* хойд талын суудлын буруу талын захад сууж явсан ба ухаан алдсан байдалтай байсан. Үсийг нь шатаагаад үнэрлүүлсэн. Тэгээд ухаан ороогүй байхаар нь огт хөдөлгөөгүй. Уурхайн эмч рүү яриад уурхайн эмч ирээд анхан шатны тусламж үзүүлээд аймгийн төв рүү ирсэн. ******* болохоор хавирга, нуруу, гар өвдөөд гээд нэг гар нь хөдлөхгүй байсан. П.Нямсүрэн нуруу, ******* хүзүү өвдөөд хөшөөд байна гэж байсан. Миний баруун талын хавирга хөндүүр байсан. *******, ******* бид гурав ээлжийн амралтаа аваад явж байсан. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Галуут сумын Хүүшийн амны уурхайгаас аймгийн төв рүү жолоочоор *******, П.Нямсүрэн, *******, ******* гээд бид тавуулаа 05-72 УАО улсын дугаартай уурхайн эзэмшлийн Мусо маркийн автомашинтай хөдлөөд уурхайгаас гараад 20 гаран км явж байгаад гэнэт машин далбийгаад ******* ертөнцийн зүгээр зүүн тийш дарах шиг болсноо шажигнаад яваад өгсөн. Машин нэг бүтэн эргээд дугуй дээрээ зогссон. Уурхай руу П.Нямсүрэн болсон зүйлийн талаар хэлээд удаагүй уурхайгаас машинтай хүмүүс ирээд бид бүгдээрээ аймгийн төв рүү орж ирээд эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед миний нугас хэсгээр бага зэрэг өвдөж байсан. ******* хавиргаар өвдөөд байна гэсэн. Аймагт ирээд үзүүлэхэд эгэм, хавирга хугарсан байсан. ******* тухайн үед түр зуурын ухаан алдсан байдалтай аймагт ирсэн. Нямсүрэн болохоор ууц л өвдөөд байна гэж байсан. ******* ах мөн хавирга өвдөөд байна гэж байсан Би ард суудлын рурүүлийн эсрэг талын цонхон талд, голд Нямсүрэн, нөгөө захад Лхагвасүрэн, Гантөмөр ах болохоор жолоочийн хажууд сууж явсан. Миний барагцаагаар 50-60 км орчим хурдтай явсан байх гэж бодож байна... Хойд талын 3 бол суудлын бүс зүүгээгүй. Урд талын хоёрыг бол би тухайн үед суудлын бүс зүүсэн байсныг анзаараагүй. Би бол уурхайд ажиллаад 1 сар болж байгаа ээлжийн амралтаа аваад л буцаж явсан. Бид нар архи дарс согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 43-44/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2022 оны 04 дүгээр сард Мөнгөн гүүр эмнэлгийн дотор мэдрэлийн тасагт ******* нь хэвтэж байгаад гарсан. Дараа нь манай сэргээн засах уламжлалт эмчилгээний тасагт ор гарахаар нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ирсэн. Тэгээд эмчлүүлж байгаад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай сэргээн засах тасгаас гарсан. Анх ирэхдээ *******гийн биеийн байдал дунд зэргийн орчинтой харьцаатай хэвтрийн байдалтай сахиурын хамт ирсэн. Манай тасагт үл ашиглах хам шинж /М-62/ оношоор хэвтэж байсан бөгөөд өвдөлт намдаах, булчин суллах, физик эмчилгээ өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, өөртөө үйлчлэх чадварыг сайжруулах зорилгоор хөдөлгөөн засал эмчилгээ, шинж тэмдгийг багасгах зорилгоор хэсгийн иллэг, бариа, өрөвсөл буруулах өвдөлт намдаах мэдрэлийн үйл ажиллагаа сайжруулах тайвшруулах зорилгоор эмийн эмчилгээ,үндсэн оношийг бататгах зорилгоор бүтэн нурууны соронзон үеэлзүүрт томограф шинжилгээ өвчтөний биеийн байдлыг үнэлэх зорилгоор шаардлагатай лаборатори шинжилгээнүүд өгсөн. Миний хувьд хүзүүний 2-р нугалмын хугарсан гэх оношийг би тавиагүй гэмтсэн үе буюу 2022 оны 03 дугаар сард хийлгэсэн компьютер томограф /МК1/ дээр хүзүүний 2 дугаар нугалмын их биеүүд болон баруун зүүн нугалмын арын үенүүд ялгарч гүйцэд хөгжөөгүй төрөлхийн өөрчлөлтэй гэсэн дүгнэлт байсан. Үзлэгээр *******д нурууны бүх нугалмын дагуу хүчтэй өвдөлттэй байсан тул хүзүүний 2-р нугалмын хугарал гэж хэлэхэд тодорхойгүй байсан. Тийм учраас бүтэн нурууны /МГС/ шинжилгээний дүгнэлтийг харахад хугарлын өөрчлөлт байгаагүй харин хүзүүний нугалам хоорондын жийрэг мөгөөрсний өөрчлөлтэй гэсэн дүгнэлт байсан... *******гийн өвчний түүх нээх асуумжаар ямар нэгэн төрөлхийн суурь өвчин нэрлээгүй. Урьд нь өөрт байгаа эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаагүй төрөлхийн суурь өвчин байгаагүй гэсэн асууж надад өгч байсан... Тухайн өвчтөн ******* нь харилцан ярилцахад удаан бодох, асуултад удаан хариулах, үйл хөдөлгөөн удааширсан шинж тэмдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 203-204/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №741 дугаартай шинжээчийн
1.2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №4685 тоот дүгнэлт үндэслэлгүй байна.
2.*******гийн биед бүсэлхийн 5 ууцны 1-р нугалмын завсрын жийргэвчийн мөгөөрсөн цагирагийн урагдал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.5 Б. Лхагвасүрэнгийн биед учирсан бүсэлхийн 5 ууцны 1-р нугалмын завсрын жийргэвчийн мөгөөрсөн цагирагийн урагдал, баруун шуунд цус хуралт гэмтлүүд нь зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. *******гийн биед учирсан бүсэлхийн 5 ууцны 1-р нугалмын завсрын жийргэвчийн мөгөөрсөн цагирагийн урагдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун шууны цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
7.Б. Лхагвасүрэнд хийгдсэн КТГ, МRI-дад хүзүүний гэмтэл тогтоогдсонгүй.” Гэх дүгнэлт/хх-ийн 223-228/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №4684 дугаартай шинжээчийн
1.*******гийн биед цээжний зүүн талын 2,3,4,5,6-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт, зүүн эгэм ясны далд хугарал, хэвлийн цус хуралдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байн
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 75-77/,
Баянхонгор аймгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №06 дугаартай техникийн шинжээчийн
1.Мусо маркийн /05-72 УАО/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь осол болоход шууд нөлөөлсөн байна.
2.Мусо маркийн /05-72 УАО/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь зам орчны байдлыг тооцоолоогүй, саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, саадыг тойрон гарах болон шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй нь тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан болсон байна. Мусо маркийн /05-72 УАО/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******н буруутай үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна.... гэх дүгнэлт /хх-ийн 87-88/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/ 1хх-ийн 05/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 06-13/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татар тогтоол / 1 хх-ийн 124-126/, депозит дансны хуулганууд / 1 хх-ийн 137-141/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 142/, хохирлын талаарх баримтууд /1 хх-ийн 155-172/, оршин суугаа газрын тодорхойлолт /1 хх-ийн 186/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 189/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 190/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дөвөнтийн тал” гэх газарт “Топ ган дрийлинг” ХХК-н эзэмшлийн 05-72 УАО улсын дугаартай “Мусо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч ******* мэдүүлэг /2 хх-ийн 244-245 /, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 34-35, 237-238/, иргэний нэхэмжлэгч П.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 40-41 /, гэрч *******ыг мэдүүлэг /хх-ийн 43-44/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 203-204/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 741 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 223-228/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4684 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-77/,Баянхонгор аймгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №06 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийнхуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс шүүгдэгч *******д авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч *******д 4000000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэ
Шүүхээс шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал буюу шүүгдэгч ******* нь Топ ган дриллинг ХХК-д нягтлан бодогч ажилтай, сар бүр 2500000 төгрөгийг цалин авдаг, тогтмол орлоготой, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 737359 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шүүгдэгч *******д буцаан олгож,
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******арын *******йг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 737359 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шүүгдэгч *******д буцаан олгосугай.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА